Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
5 цагийн өмнө

Монголчууд бид чинь ерөнхийлөгчтэй, ерөнхий сайдтай, парламенттай улс болж бусдад харагдах гэж л (нэрэлхэж) сонгууль хийдэг юм уу?, эсвэл жирийн иргэд бид аж амьдралаа өөд нь татуулах санаатай л төр, засгаа шинэчилдэг юм уу? Татвар төлөгчдөөс цуглуулсан маш их мөнгийг зарцуулж байж сонгууль хийдэг, сонгогдсон хүмүүс маань дараа нь татвар төлөгчдөөс хурааж цуглуулсан бүр их мөнгийг л 4 жилийн туршид элдэв арга, заль хэрэглэн байж хувааж авдаг, харин ард бид нар хуучин янзаараа, ядруухан хэвээрээ л үлдэцгээдэг байдал 30 гаруй жил давтагдлаа шүү дээ.
Сонгуульд зарцуулсан их мөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол, сонгогдсон хүмүүсийн үргүй зарсан, зувчуулсан их мөнгөөр орон сууц барьж залуусыг оруулсан бол 9 сонгуулийн, 9 төр засгийн зардлаар хичнээн асуудлыг шийдэх байсан бол оо?
Төр засаг нь улсаа, нийгмээ “иддэг, хувхайруулдаг” нь хаанаас ирсэн, хэнээс сурсан ёс төр вэ? Трамп мөн ингэж орилсоор байгаад АНУ-д “хувьсгал” хийж байна! Энэ талаар бодолцоорой түмэн олон минь... Энэ зууныг дуустал ингээд л байх нь зөв юм уу? Хүчтэй, ухаалаг, шударга сөрөг хүчин УИХ-д байхгүй болохоор нэг намын удирдлага л зоргоороо загнаж, төр засгийг хэтэрхий данхайлгаж, албан татваруудыг олон хувиар, олон дахин нэмж, төрийн зардлыг ичих, зовох сэтгэлгүйгээр өсгөчихлөө. Дарга нарын тоо ч хэрээс хэтэрлээ... Хэтэрхий үнэ өртөгтэй, хэтэрхий үрэлгэн, хэтэрхий үр өгөөжгүй, чадваргүй, хэтэрхий нэр хүндгүй, хэтрүүлж хэлбэл тонуулчид, дээрэмчдийн цоохор команд л бидний толгой дээр гарчихаад байна шүү дээ! Хүүхдүүд маань цэцэрлэг, сургууль хүрэлцээгүйгээс болж хохирсоор, залуус маань ажилгүй, сууцгүй, цалин багаас болж гадаадруу дүрвэсээр, ахмадуудын тэтгэвэр хаанаа ч хүрдэггүй хэвээрээ, өргөн хэрэглээний бараа, эмийн зүйл, цахилгаан ба дулааны төлбөр, үнэ өссөөр, улсын хэмжээнд ярьвал иргэдийн 80 гаруй хувь нь багахан орлоготой янзаараа... Гэтэл нөгөө талд нь Монголын маань үндэсний баялгаар гадаадын болон дотоодын арга, зальтангууд хөлжиж баяжсан гэмт үйлдлүүд өглөө үдэшгүй, өвөл зунгүй яригдсаар, илчлэгдсээр... Тэднээс буцааж авсан, нөхөн төлүүлсэн юм ч бараг л үгүй!
Монголын ард түмэн үндэснийхээ баялаг, өмч хөрөнгөндөө эзэн суух, зөв эзэмших, нийт олны ашиг, сонирхолд 100 хувь нийцүүлэн захиран зарцуулах чадвар, мэдлэгийг олтлоо мөн ч их удах нь дээ! Төр, засагт төлөөлж байгаа хүмүүст нь эх орон, ард түмэн, хүүхэд хөгшдөө гэх сэтгэл бараг л алга хэвээрээ.
1990-2025 оны хооронд, “амьтнаар жишиж ярьвал, чонын сүрэг, түүнийг дагаж хооллодог хэрээний сүрэг” л хот, хөдөөгүй найрлацгаалаа. 35 жилд 3 сая хүрэхгүй тооны иргэдээ өөд нь татаж чадсангүй. Боловсрол, эрүүл мэнд, амьдралын түвшин, хүмүүжил, ёс суртахуун бүгд л доройтлоо. Ерөнхийлөгчийн ажиллах хугацааг 6 жил болгож сунгалаа. Намаасаа хамаарах байдлыг нь ихэд чөлөөллөө. Чадварлаг хүн бол юуг ч хийж, хэрэгжүүлж болох хугацаа шүү дээ! УИХ-ын гишүүдийн чанар, олон ургальч байдал нь дээрдэх болов уу гэж горьдоод тоог нь 126 болгож бараг 2 дахин нэмлээ. Гэтэл эцсийн дүндээ төр, засгийн хэмжээ данхайж, ажил үүрэг нь давхардсан олон зуун дарга нар л хот, хөдөөд буй болоод байна. Тэдний тус бүрийн нь цалин, хангамж, орлого, тух тохь, тансаглалын нэг сарын мөнгөн дүн нь ахмадын тэтгэврийн бүтэн жилийн хэмжээнээс 3 орчим дахин их. Ингэхлээр төр нь ард түмнээ тэтгэж дэмжээд байна уу, бүр эсрэгээр ард түмэн нь төр, засгаа л өлсөн зовон, үхэн үрэгдэн байж дэмжээд, тэтгээд байна уу? “Луйвар, хулгай, авлигаар тэрбумтан болъё” гэвэл төв талбай дахь саарал ордонруу л ойрт, эрх баригч намын дарга нарын шадар туслагч, цүнх баригч бол гэж залуус нэгэндээ зөвлөдөг болжээ. Харин хувийн өмчид тулгуурласан аж ахуйн нэгжүүд, компаниуд төрийн зүгээс үзүүлдэг элдэв дарамт, татвар, зээлийн өндөр хүү, хуулиас давсан журам, дүрэм мэтээс болж бараг л хагас нь үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. 100.000 орчим компани дампуурлаа зарлахад бэлэн болсон гэгдэх болов... Төрийн дээд болон төв байгууллагууд ард иргэддээ биш зөвхөн олигархиудад үйлчилдэг болсон гэх яриа, үнэлгээ 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хот, хөдөөгүй тарсаар байна.
“450 сая, 270 сая хүртэл төгрөгийн хандив авсан гишүүд хэний төлөө ажиллах нь тодорхой шүү дээ” гэж хэлээд нударга зангидах, шүд зуух хүмүүс ч надтай олон тааралдлаа...
Хүүхдүүд нь эрүүл, аюулгүй өсөх торних боломжгүй, хүмүүжил, боловсрол, мэргэжил ч олох боломжгүй, залуус нь ажилтай, байр сууцтай, цалин орлоготой байх ч нөхцөлгүй, ахмадууд нь хоол авбал эм, тариагүй, эм, тариа авбал хоолгүй – ийм л улс орон болчихлоо. 1925 онд монгол хүний амьдрал ядуу тарчиг, эрүүл мэнд нь ч дорой байсан, тэгвэл 100 жилийн дараа 2025 онд хүн амын нь 80 орчим хувийнх нь аж амьдрал, эрүүл мэнд “дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн” янзаараа л байна. Ард иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгод л төр, засаг үйлчлэх үүрэгтэй. Энэ бол улсын үндсэн хуулиар хүлээлгэсэн үүрэг, хариуцлага. Гэтэл төр, засагт сонгогдсон, томилогдон ажиллах болсон хүмүүс нь “аман дээрээ бол, микрофоны өмнө бол шулуун, шударга хүмүүс, харин ачир дээрээ бол хөлслөгдсөн өчүүхэн амьтад” гэдгээ л ил, далд харуулсаар, нотолсоор... Монгол маань ядаж л хоол хүнсээ, хувцсаа, барилгын материалаа гаднаас авдаггүй болох юмсан. 3,4-хөн сая хүний хэрэглээ шүү дээ! Том хотын нэг л дүүргийн иргэд гэсэн үг! “Өнөөдрийн Монгол төр бол Ардын төр ч биш, Ардчилсан төр ч биш, зохих түвшинд бэлтгэгдсэн улстөрчдийн хамтлаг ч биш, “урд өмнөх идсэн ууснаа, хийсэн нүглээ нуух, далдлахын тулд л аргагүйдэн, арчаагүйдэн буй болгосон, хэврэгхэн цоохор команд” бололтой. Энэ цоохор команд бүрэлдэхүүнийхээ муу, сөрөг талруугаа нийлж, зэрэгцэж, балагаа тарьсаар 4 жилээ өнгөрөөх болов уу” гэх үнэлгээ, дүгнэлт ч аль хэдийнээ буй болчихлоо.
Хүүхдүүдийн 90 гаруй хувь нь бага орлоготой гэр бүлийнх болохоор тэдний эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, мэдлэг мэргэжилд төр, засаг л голлож санаа тавих, сургалтын төлбөрийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахаас өөр аргагүй юм. Ядаж л энэ байдлыг ойлгодог хүмүүсээ УИХ-д сонгох хэрэгтэй.
Өнөөдөр гэхэд л УИХ тэтгэгдэх ёстой хүмүүсээ (хүүхдүүд, ахмадууд, залуус) биш, харин УИХ-ын гишүүн байсан (бололцоотой) хүмүүсээ тэтгэх, халамжлахад л эн түрүүнд анхаарал хандуулж байна шүү дээ. Тэднийхээ цалин орлогыг бууруулж болохгүй, эрх дархыг нь эвдэлж болохгүй, зэрэг зиндааг нь болбол л дээшлүүлэх нь зөв гэцгээж байна. Гэтэл тэд чинь юу хийхээ, яахаа бүгд л мэдэх хэрийн, бараг цөмөөрөө л чинээлэг хүмүүс шүү дээ... Хүүхдүүдээ зөнд нь орхиод, ахмадуудаа шоовдорлож хаяад, залуусаа дүрвүүлж алдаад, нийслэлээ “ДЭД ТАМ” болгочихсон Монгол минь цаашдаа чухам яах бол оо? Ямархан ирээдүй үр хүүхдүүдийг маань хүлээж байна вэ? Ард иргэдээ тэтгэх, хамгаалахын тулд л төр, засаг үүсэж, оршиж ирсэн юм шүү дээ! Албан татвар (албадаж, хүчээр авдаг) анх буй болгосны учир бол тухайн ард түмэн өнчин өрөөснөө тэтгэх гэж, ахмад настныг халамжлах гэж, хүүхдүүд, залуусдаа боловсрол олгох гэж, цэрэг армиа хооллох, хувцаслах, зэвсэглэх гэж, өвчинд нэрвэгсдээ эмчлэх, сувилах гэж л айл өрх бүрээс мал, хөрөнгө, эдлэл хэрэглэл хурааж, цуглуулж эхэлсэн явдал юм. Уг шалтгаан, үндсэн зорилго нь энэ. Гэтэл өнөөдөр, бүр XXI зуунд, Монголд маань яаж байна вэ? “Төрийн мөнгө уйлдаггүй”, “Улсын төсөв бол эзэнгүй мөнгө”, “Улсын төсөв бол эрх барьж, барилцаж буй намуудын хувааж идэх бялуу”, “Дарга нарын тэрбумтан болох нөөц, хөрөнгө”, “Данхайсан төрийн санхүү” гэх ойлголт л хот, хөдөөгүй ноёрхож байна шүү дээ! Өнчин ядуу, тахир дутуу, хүүхдүүд, өндөр настан, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, эм тарианы үнэ гэх мэтийг бараг л дөрөв, тавдугаар асуудал болгож арагш нь түлхсээр 35 жил болчихлоо.
УИХ-д маань эмэгтэй гишүүдийн эзлэх хувь, хэмжээ өсөөд ч дэвшил ер гарсангүй. Шунал гэдэг цар тахал Монголыг маань эзэлчихжээ. Энэний эсрэг вакцин гэж байдаг болов уу?
Зарим улс орны анхны ерөнхийлөгч, ерөнхий сайд нар ямар ч цалин, хангамжгүй ажиллаж улс орноо өөд нь татаж байсан түүх бас байдаг... Харамсалтай нь тийм эх оронч, тийм улстөрч, тийм нам Монголд маань алга даа! Парламент дотроо хүчтэй сөрөг хүчингүй байх нь тун олон талын муу үр дагавартай. Олон нам эвсэж байж засгийн газар байгуулах нь ч тун олон муу үр дагавартай. Сөрөг хүчингүй, сөрөг хүчин нь ор нэрийн төдий байх аваас эрх барьж буй намын удирдлага, парламент дахь олонхи хоёр зоргоороо загнаж эхэлдэг. Төрийн удирдлагын бүх шатанд авлига цэцэглэдэг. Төр данхайж томрох атлаа үр нөлөө нь буурдаг. Олон нам эвсэж засгийн газар байгуулсан нөхцөлд нэгдсэн намуудын дарамт, хатгаасаар төр дорхноо л данхайж, данхайсан, үр нөлөө нь уруудсан (хот, хөдөөгүй) том засгийн газрыг татвар төлөгчид л тэжээх болдог, хариуцлага, сахилга ч үгүй болдог. Ялангуяа ирэх сонгуулийн угтал болж популизм цэцэглэж, сонгуулийн зардал өсөж, сонгогчдын тархи угаах ажилд ч их хөрөнгө зарцуулагддаг, намуудын ухуулга, суртчилгаанд сонгогчдын чих дүлийрч, тархи нь эргэж, эцэс сүүлдээ мөнгө тараасан нам л олонхийн санал авдаг. Энэ бол дэлхийн хэмжээнд нотлогдсон үнэн. Энэ бүхэнд эс дүлийрч, эс төөрөлдөж, зөв хүмүүс, зөв намд саналаа өгөх чадвар манайханд байхгүй нь ч бас нэгэн үнэн. “Эвсэлд орсон нам нэг бүрийн удирдлага, томчууд нь өндөр цалинтай албан тушаалыг зохиомлоор буй болгож, засгийн газраас гарна, засгийн газрыг тараана” гэх мэтээр худал, үнэн дуулиан тарьж, нийгмийг тогтворгүй болгодог. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэх нөхцөлд энэ засгийн газар орж ч мэднэ... Хүн амын нь залуу халуун, идэвхтэй, мэргэжилтэй хэсэг нь ажил, амьдрал эрээд гадагшаа гарчихсан, үлдсэн хэсгээс нь цуглуулсан татвар төлөгчдийн мөнгөөр төр, засаг нь тансаглаад, ийш тийшээ явж зугаалаад үрчихдэг, эрх барьж буй намууд сонгуулийн өмнө амлаж байсан бүхнээ сонгуулийн дараа бараг л 100 хувь мартчихдаг болсон энэ улс орон “Ямар замаар ороод хаашаа яваад” байна вэ? Эцэст нь юу болж төгсөх бол оо?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.