Утасны мөнгөө Монголдоо үлдээе

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 26

Хүн ам нь дөнгөж гурван саяыг шүргэж буй Монгол Улсад үүрэн телефоны дөрвөн ч оператор ком­пани бий. 140 гаруй сая хүн­тэй хойд хөршид зургаа, 1.3 тэр­бум хүнтэй БНХАУ-д гуравхан опе­ратор үйл ажиллагаа явуулж бай­гаатай харьцуулахад энэ бол ахадсан тоо. Нийлүүлэлт ихсэх ту­сам үнэ хямдарч хэрэглэгчдэд ашиг­тай болдог Адам Смитийн онол хэрэгжчихсэн бол олон оператортой байх нь буруу ч юм биш.

Харин операторууд үгсэн то­хиров уу гэлтэй бүгд нэгэн ижил үнэ тогтоогоод эхэлсэн бол олон оператор хэрэггүй. Одоо Мон­голд яг ийм нөхцөл байдал үүсээд байна. УИХ Харилцаа, холбооны ту­хай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийг 2014 оны долдугаар сарын 01-ний өдөр батал­сан билээ. Энэ­хүү нэмэлт өөрч­лөл­тийг оруулс­наар хэрэг­лэг­чид үүрэн утасны опе­ратор ком­паниа сольсон ч дугаараа со­лих­гүйгээр үр­гэлж­лүү­­лэн ашиг­лах буюу дугаартай­гаа шил­жих үйлчилгээг бүрэн дүү­рэн хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрд­сэн билээ.

Дугаартай­гаа шил­жих үйлчилгээ гэдэг нь хэ­­рэглэгч үйлчилгээ авч буй опе­­ратор компаниа өөрчлөх то­хиол­долд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлж­лүүлэн ашиглах боломжийг ол­годог үйлчилгээ юм. Өөрөөр хэл­бэл, хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүрт­гүүлэн) шинээр хэрэглэгч бо­лох үедээ шилжин очиж буй үйл­чилгээ эрхлэгчээс дугаар авал­гүйгээр одоо ашиглаж буй хуу­чин дугаараа шилжүүлэн хэ­рэг­лэх боломжийг хэлдэг.

Ин­гэс­нээр хэрэглэгчдийн өмнө сон­голт бий болж, энэ салбарт жин­хэнэ утгаараа өрсөлдөөн үүснэ. Үйлчилгээ явуулж эхэлсэн давуу байдлын нөлөөлөл үгүй болж, зөвхөн үйлчилгээгээрээ өрсөлдөх боломж бүрдэнэ гэж хууль тогтоогчид тооцоолсон юм.

Гэхдээ техник технологийн боломж бүрдүүлэх, холбогдох дү­рэм, журмыг боловсруулан бат­лах, техникийн болоод зохи­цуу­лалтын орчинд гарах зарим өөрч­лөлтөд зохицуулалт хийх зэ­рэг цаг хугацаа шаардсан аж­лууд хийх шаардлагатай учир бэлтгэл хангасны дараа үйл­чилгээг нэвтрүүлэх хугацааг ал­бан ёсоор олон нийтэд мэдээлнэ хэ­мээж байсан билээ.

Үүний дараа “Олон жил барь­сан” гэдэг шалтгаанаар үнэ­тэй үйлчилгээ авч байсан хэрэглэг­чид дугаараа өөрчлөлгүй аль хямд опе­ратор руу шилжих нь хэмээх хууль хэрэг­жих өдрийг тэсэн ядан хүлээж байсан юм. Гэ­тэл хууль хэрэгжих хугацааг эхлээд 2015 онд гэж байснаа одоо болохоор 2015 онд амжихгүй болж хувирав.

Хэ­рэглэгч аль хямд операторыг сонгож үйлч­лүүлэх боломж бүрдсэний дараа  А.Сми­тийн онол ёсоор бол оператор ком­паниуд хууль хэрэгжих өдөрт бэлдэн үнэ тарифаа аль болох буулгах ёстой. Гэ­тэл тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ ажил­лаж эхлэв. Үүрэн телефоны анхдагч опе­ратор гэдгээрээ өрсөлдөөнд маш да­вуу байдалтай оролцдог “Мобиком” үнээ буул­гасангүй. Урьдчилсан төлбөрт хэрэг­лэг­чид нь сүлжээндээ 70, өөр сүлжээнд 80 төгрөгөөр ярьдаг хэвээрээ. 

“Скайтел” компани бүх брэндийнхээ та­рифыг худалдан авалтын үнийн дүн­гээс шалтгаалдаг /10 000 хүртэлх төг­рө­гөөр цэнэглэвэл 70, дээш бол 50, 15 000 төгрөгөөр цэнэглэвэл 30 төгрөгөөр ярь­даг/ болголоо. Скайтелын “Скайфон” үйл­чилгээ өмнө нь хамгийн хямд буюу өөрийн болон бусад сүлжээнд 30 төг­рөгөөр ярьдаг байсан. Тийм ч учраас ду­гаартайгаа шилжих үйлчилгээ явуулах бо­ломж бүрдсэний дараа хэрэглэгчийн тоо­гоо нэмэх хамгийн боломжтой опе­ратор гэж тооцогдож байсан юм. Гэ­тэл үнээ нэмчихлээ. Ингэснээр 5000 хүр­тэлх төгрөгөөр цэнэглэдэг ядруухан хэрэг­лэг­чид 70 төгрөгөөр үйлчилгээ авахаар болж байна. Мобикомтой ялгаагүй үнэ­тэй болсон гэсэн үг. 

Юнител ч гэсэн мөн ижил заавал 15 000 төгрөгөөр цэнэглэж байж л 35 төгрөгөөр ярина. 5000 хүртэлх цэнэглэлтэд 70 төгрөгөөр, 10 000 төгрөгөөр цэнэглэхэд 50 төгрөгөөр ярихаар болжээ.

“Жи мобайл” компанийн хувьд, хам­гийн дээд тал нь 50 төгрөгөөр ярихаар бай­гаа нь бусад операторуудаасаа хам­гийн хямдхан нь болжээ.   

Эндээс харахад, оператор компаниуд ду­гаар­тайгаа шилжих үйлчилгээ нэвт­рэ­хээс өмнө үнээ нэгэн жигд болгох бодлого ба­римталж байгаа гэж харагдана. Үгсэн то­хирч байна гэж шууд хэлэх боломжгүй ч гэсэн, тэд өрсөлдөх биш, яах аргагүй зах зээлээ хувааж бай­на. Өөрөөр хэлбэл, дугаартайгаа шил­жих үйлчилгээ явуулах боломж бүрдсэн ч ярианы тариф тэгтлээ буурна гэж горьдолтгүй нь. Энд зөвхөн урьд­чилсан төлбөрт дугаар хэрэглэгчдийн ту­хай яригдаж байгааг уншигч танд хэлье.

Яагаад гэвэл, хэрэглэгчдийн дий­лэнх олонхи нь урьдчилсан төлбөрт ду­гаар ашигладаг ч үйлчилгээг харьцан­гуй үнэтэй аван хохирч байдаг юм. Да­раа төлбөрт дугаарын тариф бол ерөн­хий­дөө ижилхэн, сүлжээндээ үнэгүй ярь­даг учраас хэрэглэгчид тэр бүр опе­ратор солиод байхгүй болов уу. Хууль санаач­лагчид бол шинэ үйлчилгээ нэвтэрснээр дараа төлбөрт үйлчилгээнд шилжин орох хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ гэж үзсэн байсан.    

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх