Дүүргийн Засаг дарга нар 28 орлогчтой

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 26

Зуун ямаанд жаран ухна гэдэг хэлц бий. Энэ нь өнөөгийн Засгийн газар хийгээд төр захиргааны байгууллагынхныг онож хэлсэн үг шиг санагдана. Хямрал хүндрэлтэй байгаа улс орны эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд төрийн алба нүсэр бүтэц, данхар дарга нараасаа салахаас өөр арга байхгүй.

 

Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ хэмнэлтийг дээрээсээ эхлэе. Төрийн тэргүүнээсээ эхлээд төсвөө таная. Сайд, дарга нарын суудаг тансаг өрөөний талбайн хэмжээг хүртэл тогтоож өгье гэж онцолсон нь санамсаргүй хэлсэн үг биш болов уу.

 

Энэ бол төрийн захиргааны байгууллагууд шат шатандаа нүсэр бүтэц, үр ашиггүй зохион байгуулалттай болж, ард түмний татварын мөнгөөр бүрддэг төсвийн мөнгийг элсэнд асгасан ус мэт болгож байгааг Төрийн тэргүүн анзаарч харсаных байх.  Тиймээс л УИХ-ын гишүүдээс “Бид үүнийг хийж чадна” гэсэн амыг нь авсан бизээ. Болдогсон бол Ерөнхийлөгч шат шатны засаг дарга нарыг цуглуулж байгаад УИХ-ын гишүүдийг хоороор нь хэлүүлсэн шигээ “Бид данхар төсвөө танаж чадна” гэж хэлүүлмээр болжээ.

 

Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны байгууллагын дарга, удирдлагуудын тансаглал, өөрсдөдөө зориулан төсөвлөдөг мөнгө хэрээс хэтэрсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид төсвийн мөнгөөр Бразил орж хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэн зугаалж, өөрсдөдөө улирал бүр 10 сая төгрөг захиран зарцуулах эрх олгож дураараа авирласан. Зарим аймаг, дүүргийн удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид төсвийн мөнгөөр гадаадад зугаалж яваа тухай мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээгээр тараад байна.

                                                           

Дарга нарын тансаглал үүгээр зогссонгүй. Дарга гэдэг албан тушаалыг юу ч мэдэхгүй, мэргэжил боловсролгүй хүн хийж болдог гэж ойлгоо юу гэлтэй нэгэн үзэгдэл жишиг болсон. Энэ нь агентлагуудын дарга нар, дүүргүүдийн Засаг дарга нар хоёр болон түүнээс дээш тооны орлогчтой болсон явдал.

 

Тухайлбал хотын төвийн нэг хорооноос ч цөөн, гурван мянгахан хүн амтай Багахангай дүүргийн Засаг дарга хоёр орлогчтой.  Ийм дүүрэгт Засаг даргын хоёр орлогч юу хийдэг хэрэг вэ. Засаг дарга нь өөрөө ажил хийдэг юм уу гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. 

 

Багахангайн жишээ бол зөвхөн наад захынх. Нийслэлийн төвийн дүүргийн Засаг дарга нар дээд тал нь дөрвөн орлогчтой. Тэд нарынх нь хариуцдаг үүрэг чиглэл дүүрэг бүхэнд өөр өөр. Тэгэхээр Засаг даргын орлогч гэдэг албан тушаал нийслэлийн дүүргүүдэд нэг ижил чиг үүрэгтэй байдаггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл дүүрэг бүхэн өөрсдийн үзэмжид тохируулан Засаг даргын орлогчдыг томилдог гэж ойлгож болохоор байна.

 

Нийслэл Улаанбаатар хот 9 дүүрэгтэй. Есөн дүүргийн Засаг дарга нарын нийт орлогч нарын тоо 28 болж байна. Энэ бол төрийн захиргааны албан тушаалтнууд хэт олширч ажил хийх биш үүрэг тушаал өгч, эрх ямба эдэлдэг хүмүүс эрс нэмэгдсэний тод жишээ юм.

 

Ийнхүү улсын төсвийг улайлгахад хувь нэмрээ оруулж, орлогч нэрээр орлого олж суугаа сул дарга нарыг нэн даруй цомхотгох шаардлагатай болжээ. Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нар өмнө нь нэг л орлогчтой байж болоод байсан. Гэтэл 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа бүх дүүргийн Засаг дарга нар хоёроос дөрвөн орлогчтой болсон нь төрийн захиргааны албыг цомхон чадварлаг болгох, том төрөөс ухаалаг төр рүү шилжих тухай Ерөнхийлөгчийн уриалгын эсрэг үйлдэл болсон байна.

 

Х.Төрболд

 

Дүүргийн Засаг дарга нарын орлогчдыг танилцуулъя.

 

 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх