Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
4 цагийн өмнө

Монголын Gen Z ажлын хэв маяг, санхүү, амьдралын чанар, дижитал хэрэглээгээрээ Ирланд болон Европын залуустай зэрэгцэн алхаж байна.
Улаанбаатарын өглөө кофены жижиг мухлагийн урд хүрэм нөмөрсөн залуус эспрессо, латте барин зогсох нь хэвийн дүр зураг болжээ. Тэдний гар утсанд ажлын тайлангаас гадна TikTok-ын богино видеонууд, фрийланс ажлын платформ, банкны апплейкшн зэрэгцэн байж байдаг. Энэ зураглал Дублины их сургуулийн номын санд сууж буй оюутнуудтай ч адилхан. Зөвхөн төгрөг нь евро болж, байрны түрээс, нийтийн тээврийн дэглэм өөрчлөгддөг төдий. Гэхдээ энэ “адил төстэй”-гийн цаана Монголын залуу үеийн боломж, сорил хоёр тод ялгарна. Харин Европын ихэнх хотод оюутнууд сургалтынхаа завсар цагийн ажил тогтмол хийж, резюмегээ “амьд” байлгах нь энгийн.
Ирландад бол үйлчилгээ, технологийн туслах, дата шивэгч, ресторан, хүргэлтийн ажлуудыг хослуулан хийдэг. Монголын хувьд ч энэ маяг хүчтэй болж, ажил хичээлийнхээ завсар фрийлансаар орлого олох соёл тогтож байна. Жишээлбэл, контент бэлтгэх, орчуулга, график дизайн, код бичих зэргийг илүүтэйгээр сонирхож, үүнийг түгээж буй нөлөө бүхий хүмүүсийн уулзалтад очиж байгаа нь үүнээс харагдаж болно.
Монголд залуус “өөрийгөө сургах, өөрийгөө зах зээлд гаргах” ур чадварыг илүү хурдан эзэмшдэг. Зах зээлийн мэдрэмж, хурдан дасан зохицох чадвар Монгол залуусын өрсөлдөх давуу тал болж байгаа бол Европт хөдөлмөрийн эрх зүйн орчин цагийн ажилтанд илүү найдвартай хамгаалалт, ажлын байрны сургалтыг санал болгодог талтай.
Тэгвэл Монгол оюутнуудын “хоёр дахь мэргэжил” эзэмших хандлагын талаар бусад оюутан залууст үлгэрлэж буй хоёр хүний талаар товч хуваалцъя.
Улаанбаатар хотын их сургуулийн инженерийн ангийн төгсөх ангийн оюутан Б.Энх-Эрдэнэ өнгөрсөн хавар UI/UX дизайны чиглэлээр богино хугацааны сургалтад хамрагдаж эхэлжээ. Тэрээр сургалтын төгсгөлд өөрийн бүтээсэн вэбсайтын прототипыг багш болон найзууддаа танилцуулж, анхны фрийланс төслөө эхлүүлсэн байна. Энэ тухайгаа тэрээр “Инженер мэргэжилтэй ч, хэрэглэгчийн туршлага, интерфэйсийн дизайны талаар мэдлэгтэй болох нь миний ажлын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн” гэсэн юм.
Харин Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй С.Энхтуяа өнгөрсөн жил Python хэлийг сурах зорилго тавьж, онлайн сургалтад хамрагдсан байна. Сургалтын дараа өөрийн төслийг хийж, Монголын жижиг дунд бизнесийн борлуулалтын өгөгдлийг цэвэрлэж, шинжилгээ хийжээ. Түүний хэлснээр “Бизнесийн шийдвэр гаргалтад өгөгдөлд суурилсан хандлага хэрэгтэй гэдгийг ойлгосон. Python хэлийг сурах нь миний мэргэжлийн ур чадварыг өргөжүүлсэн” гэжээ.
Амьдралын чанар: Хотын “гуравдагч орон зай” дутмаг нь бүтээмжид нөлөөлдөг Дублинд оюутнууд номын сангаас гадна co-working, community hub, спортын заал, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн буюу ажил, амралтын холимог орон зайг бий болгодог. Монголд сүүлийн жилүүдэд кофе шоп, co-working түрээс огцом нэмэгдсэн ч багтаамж, үнэ, нийтийн тээвэр, явган-дугуйн дэд бүтэц сайжирсан. Үүний улмаас залуусын бүтээмж ихэвчлэн гэрээс кафе хүртэлх “хоёр туйл” дээр болж, анхаарал сарних, шөнийн цагт ажиллах, эрүүл мэнд дордох эрсдэл дагуулдаг. Гэсэн ч Улаанбаатарын давуу тал бол нийтийн соёлын хурдтай туршилт бүхий кофе, поп-ап урлаг, гарааны бизнесийн хакатон, клуб хэлбэрийн хэлэлцүүлэг гэх мэт “богино мөчлөгийн” орон зайнууд тун уян хатан байдлаар хөгжиж буй явдал юм.
Монголын залуу үеийн “суурь хурд” аль хэдийн бий болсон Ирланд, Европын орчин Монголынхтой харьцуулахад систем, дэд бүтэц илүү тогтвортой.
Ажлын хэлбэр уян хатан болж, финтек, богино сертификат, портфолио, клуб-дээр суурилсан detox, микро-экологийн санаачилгууд эдгээр нь бүгд Монголын нөхцөлд шууд хэрэгжихүйц, бас экспортлогдохуйц “хөнгөн инноваци” юм. Залуусын тухай яриа бол “зөвхөн асуудал” биш. Харин ч бага хөрөнгөөр, богино мөчлөгөөр, шууд нөлөөлдөг шийдлүүдийн талбар. Улаанбаатарын кофе шопын ширээ, Дублины номын сангийн уншлагын танхим хоёрын дунд орших зайг залуус өөрсдөө багасгаж байна. Үүнээс л шинэ давлагаа аль хэдий бий болжээ.
Д.Дарамбазар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.