Оростой тохрилцоод эхлэв үү

Улстөр ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 27
Хоёр улсын харилцаа уг нь сайхан байгаа л даа. Харилцан итгэлцлийн дээд илрэл гэж хэлж болох визгүй зорчих журмыг хэрэгжүүлээд хоёр сар гаруй боллоо. Монголд үйл ажиллагаа явуулж байсан СОТ I, СОТ II, СОТ III зэрэг хам­тарсан байгууллагын ажилчид Мон­голд ирнэ хэмээж, энд хамт ажил­лаж байсан ахмадууд нь зохион бай­гуулалт хийхээр энд, тэнд сэмхэн уул­залдах нь элбэгшиж байна. 

Хуучин Крас­ноярс­кийн олон улсын тэмцээн гэж нэр­лэдэг байсан, одоогийн ОУБНХ-ны “Ал­тан Гран-при” тэмцээнд 40 гаруй бөх оролцлоо. Үр дүнд нь 10 медаль авч, урьд байгаагүй өндөр амжилт гар­галаа. Энэ бол хоёр улсын харилцаа “ду­лаарч” эхэлснээс хойших жил хү­рэх­гүй хугацаанд гарсан нааштай үр дүн. Гэтэл бие, биедээ онцгой найр тавьсан, ойлголцсон энэ үр дүн эх­нээсээ ойлгомжгүй байдалд орж бай­гаа мэт сэтгэгдэл төрөх болов. 

Зүүн Европт Украин “бөмбөг тэсэлс­нээс” болж дэлхийн улс орнууд гадаад ха­рилцаандаа баримтлах бодлогоо да­хин нэг цэгнэж үзэх нөхцөл байдал үүс­сэн билээ. Шинээр бий болсон энэ сорилт “Гуравдагч хөршийн бод­лого” баримталдаг Монгол Улсыг хам­гийн их “байдалд” оруулсан гэж хэ­л­эхэд буруудахгүй биз. Ардчил­сан хувьсгалыг ялуулж, олон ур­гальч үзлийг дээдлэн, олон намын тогтолцоонд шилжсэнээсээ хойш л АНУ-ыг оройн дээд шүтээнээ болгон зал­сан улс гэнэт 70 жилийн тэртээх нөх­цөл байдалдаа эргээд очиход мэ­дээж хэцүү. 

БНХАУ, ОХУ-тай хиллэдэг, энэ хоёроос хаашаа ч холдох аргагүй гэд­гээ гэнэт санасан гэж зүйрлэж ч болох юм. АНУ, барууны орнууд хол­дож байгааг ойлгосон бид ямар ч хэ­­цүү нөхцөлд боломж заавал байдаг гэд­гийг санаж ашигтай шийдэл олж гарахыг хичээсэн. Гуравдагч хөр­шийн бодлогын гол зорилго нь АНУ, барууны орнуудын сонирхлыг та­таж, Монгол дахь БНХАУ, ОХУ-ын эрх ашигтай тэнцэхүйц байлгахад чиг­лэдэг. 

ОХУ Хятадтай сүжирч, Азийн зах зээлийг сонирхох болсон нь бид­нийг баярлуулсан ч “Шанхайн хам­тын ажиллагааны байгууллагад элс” гэ­сэн зөвлөгөөг улам нухацтай өгч эх­лэхэд л одоогийн байгаа байдлаа тийм ч амаргүй гэдгийг мэдэрсэн юм. Цэр­гийн эвсэл болж хувирахад бэлэн бай­гаа энэ байгууллагад элсчихвэл Мон­гол Улс олон талт харилцааг тэгш хөгжүүлж чадахгүйд хүрэх би­лээ. Гэхдээ ямартай ч бид одоогоор гишүү­нээр элсээгүй байгаа учраас АНУ ч ма­найхаас нүүр буруулчихаагүй байна. 

“Мянганы сорилтын сан”-гаас дахин санхүүжилт авахаар болсон нь үүний нэг шинж. Харин ОХУ-аас харилцаа хөндийрч байгаа мэт сэтгэгдэл төрөх болов. Хойд хөршийн хэвлэлүүдээр монголчууд хятадуудыг сонгож байна, тэдэнд хятадууд илүү чухал юм байна гэсэн утгатай мэдээлэл ихээр тавигдах болжээ. Бид БНХАУ, ОХУ-ыг холбосон худал­дааны хонгил гаргаж өгч, байгалийн хийн хоолойг газар нутгаараа явуу­лахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. 

Зар­дал ихтэй эдгээр төслүүдийг хэрэг­жүү­лэхэд манай санал болгосон бо­лом­жуудыг авах юм бол бид бас са­налаа тавих боломжтой болно. Гэтэл хийн хоолойн асуудал тодорхойгүй хэ­вээр. Харин Монголын тал өмнө нь ОХУ-ын сонирхлыг татаж байсан хоёр ч том төслийг тэдний оролцоогүйгээр хөдөлгөхөөр болов. Эхнийх нь Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл. 

Энэхүү төслийг хэрэгжүүлэхийг ОХУ, ялангуяа буриадууд олон жил эсэргүүцсэн. Байгаль нуурыг хам­гаалах фондын дэд Ерөнхийлөгч Баир Цыренов энэ талаар Төрийн ДУМ-д мэдээлэл хийх үедээ “Цахил­гаан стан­цын асуудлыг хөндөж, бай­­галь орч­ны асуудлыг тавих гэ­хээр Мон­голын тал өөдөөс “Энэ одоохон­доо төсөл төдий бай­гаа шүү дээ” гэдэг. Гэтэлд үнэндээ ажил хэрэг болоход тун ойрхон бол­чихоод байгааг бид мэдэж байна. 

Энэ төсөлд ОХУ-ын мэргэжилтнүүд орол­цож байгаа. ОХУ-ын эрчим хүч­ний нэг бус компаниуд Монголд хан­дан “Шүрэнгийн станцаа биднээр бариул­чих” гэж яриа хэлэлцээр хийхээр хөө­цөлдөж байгаа гэдэг мэдээлэл би­дэнд ир­сэн. Шүрэнгийн усан ца­хилгаан станц баригдвал Байгаль нуурын эко­систем, усны нөөцөд хохирол гар­цаагүй учирна. Гэтэл өөрсдөө лобби хи­й­гээд гүйж яваад харамсч байна” гэх зэргээр бухимдлаа илэрхийлж бай­сан. 

Гэвч ОХУ-Монголын харилцаа сай­жирсны дараа БОНХ-ийн сайд С.Оюун ОХУ-ын Байгаль орчны сайд С.Донс­койд “Шүрэнгийн цахилгаан станцын ажлыг тодорхойгүй хугацаагаар зог­соож байна” гэсэн баталгаа гаргаж өг­сөн билээ. Ийнхүү “царцаагдсан” гэж бодож байтал энэ сарын 12-нд гэ­нэт ТЭЗҮ-ийн талаар сонсгол хийж, хав­раас бүтээн байгуулалтын ажлаа эх­лүүлэхээр боллоо. С.Оюунтай уул­заж, төсөл зогсч байгаа гэсэн мэ­дээлэл авсан С.Донской мэдэгдэл гар­гаж, цахилгаан станц нь Байгаль орч­мын экосистемд ноцтой хохирол уч­руулж болзошгүй гэсэн үгээ дахин илэрхийлсэн байна билээ. 

Хэрвээ энэ төсөлд оросууд орж ирэх юм бол Баир Цыреновын хар­даж байсанчлан ОХУ Буриадын ашиг сонирхлыг хаясан хэрэг болно. Гэх­дээ С.Донской мэдэгдэл гаргаж бай­гаа­гаас үзвэл манай тал Оросын үгийг сон­солгүй биеэ даагаад төслөө хэрэг­жүүлэхээр шийдсэн гэсэн үг юм. 

Дэлгэрэнгүйг  энд  дар
Mэдээллийн эх  сурвалж   www.MMINFO.mn сайт  Сэтгүүлч: Х.Батсайхан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх