Улстөр
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 01 сар 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ цаг үед эх орондоо болж буй үйл явдал, нийгмийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж УИХ-ын чуулганд үг хэлсэн. Сүүлийн үед төрд өрнөөд байгаа үйл явдлууд Ерөнхийлөгчийн үг “голыг нь оносон”-ыг харуулж байна. Болж бүтэхгүй болгоны цаана буруутан байгаа. Монголын хувьд хамгийн том буруутан нь хариуцлагагүй байдал. Ерөнхийлөгч үүнийг засах шийдэл санал болгож байна. Төрөө шилэн болгоё, ардчиллаа ажиллуулья, хариуцлагаа дээшлүүлье. Энэ бүхнийг үг биш үйлдэл болгох хуулийн төсөл нь энэ байна. Түүний үгийг дахин эргэн харая.
“Үүнийг би хэлэхгүй юм бол хэн хэлэх юм бэ!” хэмээн ард түмнээс сонгогдсон статусаа онцлон сануулсан түүний үгэн дунд төрийн дээд албан тушаалтнуудын хариуцлагын асуудал чухлаар тавигдсан юм. Хариуцлагын асуудлаас ургаад улс төрчдийн ёс зүй, намуудын төлөвшлийн талаар шүүмжлэлт үгс ч дуулдсан.
“ХҮЙТЭН ДАЙН...”
Ерөнхийлөгч юун түрүүн төрийн албаны цалгардалыг шүүмжилсэн юм. “Асуудлыг шийдсэний хариуцлага, буруу зөвийг хэзээ ч нэхэж болно. Учир нь тэр байгаа. Харин асуудлыг шийдүүлээгүйн хариуцлагыг яах вэ. Учир нь тэр боломж, цаг хугацаа алдагдсан, байхгүй болсон”. Ажлаа мэдэхгүй, хариуцлагаа ухамсарлаагүйн улмаас суудлын бөглөөс болж, сул цалин авч амьдарч буй хүмүүсийн тухай энд хөндөгдөнө. Түүнчлэн улс орны хувьд шийдвэрлэх ач холбогдолтой шийдвэрүүдийг гацаах, улс төрийн ашиг сонирхлын үүднээс засаглалын зохиомол хямрал үүсгэн, хувьдаа хонжоо эрэгсэд цөөнгүй байгааг ч тэрбээр сануулсан нь дээрх үгнээс харагдана. “Их Хурал хариуцлага, шийдэл шаардсан асуудлыг нэг өдрөөр хойшлуулахад Монголын хөгжил нэг алхмаар саардаг. Иргэдийн амьдралд ирэх дарамт улам нэмэгддэг. ”
Шинэчлэлийн Засгийн газар огцорсон шалтгаан, эдийн засгийн хямралын уг үндэсийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томъёолов. “Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор олддог. Бас түр зуурынх байдаг. Эдийн засаг бол сонгуулийн амлалтаар, хоосон уриа, цээжээ дэлдэлтээр биш мөнгөөр, бодит хохирол, төлбөрөөр хэмжигддэг. Энэ бол том сануулга, том сургамж. Бид алдаагаа давтахгүй байх ёстой”. Харин энэ алдааны мөн чанар нь юу болох талаар тэрбээр, “бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд Монгол Улсыг найман их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа” хэмээн тодорхойлов.
Төрийн дээд албан тушаалд буй 100 гаруй хүн улс төрийн бүлэглэлүүдэд хуваагдаж, явцуу ашиг сонирхлоо хангахын төлөөх тэмцэл нь “дайн” гэж үнэлэхүйц хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэж буй нь анхаарал татсан юм. Ард иргэдийг талцуулж, төрийн бодлого шийдвэрийг хүчгүйдүүлэх явцуу үйл ажиллагаагаа таслан зогсоохгүй бол нийгмийг хамарсан хямрал үүсэх магадлалтайг эл хоёр үгэнд шингээн сануулахыг эрмэлзсэн нь илт.
“ТАТВАР ТӨЛӨГЧИД БОЛ ЭХ ОРОНЧИД...”
УИХ-ын чуулганд үг хэлээхээсээ нэг хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан юм. Уг уулзалтын үеэр Ерөнхийлөгч хэд хэдэн санааг онцолсон. “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого нь олон яаманд салж тарамдсан учраас манай үйлдвэрлэгчид нэг газар асуудлаа очиж шийдүүлэх боломж алга. Тиймээс улс төрчдийг дагасан, нэгдсэн бодлогогүй энэ байдлыг дагасан хандлага харагдаад байна.” Энэ санааг бизнесмэнүүд дэмжиж, төр, бизнесийн харьцааны талаарх асуудал, саналууд гаргасныг Ерөнхийлөгч чуулганы индрээс уламжлав. Санаанууд ерөнхийдөө эдийн засгийн хүндрэлтэй цаг үед баялаг бүтээгчдэд нэмэлт ачаа үүрүүлэхгүй байхыг анхааруулсан өнгө аястай байв. “Хийж бүтээх бол хэцүү. Үүн дээр төрийн хэцүүг бүү нэмээч гэцгээж байна. Татварын бодлогоо уян хатан болгооч. Тийм эрх боломжоор Засгийн газар, орон нутгийн хурлыг хангаж өгөөч” гэсэн Ерөнхийлөгчийн сануулгаас орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад эрсдлийг үүрүүлэх эрмэлзэлийг нь анзаарч болно.
Шийдлийн засгийн газрын бүрэлдэхүүнд бие даан байгуулагдсан Аж үйлдвэрийн яамыг бий болгох санааг Ерөнхийлөгч гаргажээ. Үйлдвэржилтийн асуудлыг мөрийн хөтөлбөрийн заалт төдийхөн биш, нэн даруй эрчимжүүлэх ёстой үйл хэрэг болсныг Ерөнхийлөгч ахин сануулсан юм. “Татвар төлөгчид бол өнөөгийн нөхцөлд хамгийн эх оронч хүмүүс... Монголын төрийг татвар төлөгчид тэжээдэг. Энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа төсвийн тодотгол ч тэр хүмүүсийн төлсөн мөнгийг яаж хуваах тухайд л юм”. Татварын бодлогоо зөөлрүүлэхээс гадна, бүтээгчдийг урамшуулах уян хатан зохицуулалт үгүйлэгдэж байгааг Ерөнхийлөгч дурьдлаа. Олборлох үйл ажиллагаанд суурилсан одоогийн эдийн засгийн бүтцийг үйлдвэрлэлд суурилсан болгон өөрчлөхийн тулд зөвхөн татвар бус тогтолцооны шинжтэй олон өөрчлөлт, шийдлийг олохын тулд Ч.Сайханбилэгийн засгийн газар байгуулагдсаныг ч сануулав. “Өрийн тааз гэж худал юмаа өөрчлөөч. Өр чинь таазаа цоолчихлоо. Одоо засгийн өрийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40 хувь биш 53 хувь болсон. Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй, зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ гэж байна. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна. Өөр боломжуудыг нээгээч” гэсэн бизнесменүүдийн саналыг дурьдахаа мартсангүй.
Улсын өрөө хяналтаас алдаж, Грекийн адил хямралд өртөх юм биш биз гэсэн болгоомжлол хүч авч буй үед Ерөнхийлөгч дээрх үгийг хэлсэн нь зөвхөн төрийн түшээдийг шүүмжлэх бус, ард иргэддээ бодит нөхцөл байдал ямар байгааг учирласан хэрэг байв.
“ХАРИУЦЛАГА...”
“Монгол улсад аливаа соёл иргэншилт нийгэмд байдаг бүх л юм байна. Харин нэг л зүйл үгүйлэгдэж байна. Тэр бол дахиад л хариуцлага. Монгол Улс нэр төртэй орон байя гэвэл хариуцлагатай улс болох ёстой. Бурхнаа бүтээгээд шүншгийг нь хаяж болохгүй” гэсэн үгсийг тэрбээр ард түмэнд хандан хэлэв. Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар цохон дурьдсан энэ үгс манай нийгмийн олон зөрчил, үр урхагт хариулт өгч буй юм. Түүнчлэн хөгжил дэвшил, тусгаар тогтнолын тухай ярихаасаа өмнө иргэн бүр өөрийн амьдралдаа шударга үнэлэлт өгөхийг сануулсан хэрэг.
“Ерөнхийлөгчид итгэх хүмүүсийн итгэл муу байгаа. Их Хуралд итгэх итгэл тааруу байгаа. Засгийн газарт итгэх итгэл тийм өндөр биш байгаа. Та бидний ажил нэг иймэрхүү л байгаа.” Ерөнхийлөгчийн хэлсэн дээрх үгийг “MEС” судалгааны байгууллагаас оны эхний долоо хоногт нийслэлд оршин суугч 1000 иргэний дунд явуулсан судалгаа батална.
Судалгаанд оролцогчдын 53 хувь нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дундаас дээш үнэлгээ өгсөн өмнөх сарын судлагааны үр дүнгээс 7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин Засгийн газарт 34 хувь нь, УИХ-д 36 хувь нь дундаас дээш дүн тавьсан нь өмнөх сараас тус бүр 10, 3 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Эндээс харвал Ерөнхийлөгчийн зүгээс төрийн түшээдэд сануулсан “сонгуулийн өдрийн маргааш өглөө босоод “түмнийхээ төлөө зүтгэнэ” гэсэн тэр андгайгаа бүү март” гэх үг санамсаргүй зүйл биш юм.
Төрийн нэр хүнд унаж буй шалтгааныг харин Ерөнхийлөгч ийнхүү тодорхойлов:“Хариуцлага асуух, сонсох бол Монголын төрийн уламжлал. Хариуцлагыг асуух ёстой эзэд нь асууж чаддаг, бас тооцож чаддаг байхдаа Монголын төр хүчтэй байсан. Ерөөс тийм төр нэр хүндтэй, түмэн олныхоо итгэлийг хүлээсэн байдаг. Өнөөдөр манай парламент албан тушаалтнаас тухайн цагт нь хариуцлага асууж тооцож чадахгүй байгаа учраас, тэр бүрэн эрхээ бүрэн хэрэглэхгүй байгаа учраас нэр хүнд нь унаад байгаа юм. ”
“ШИЛЭН ТӨР”
Ерөнхийлөгч “Шилэн данс”-ны хуульд онцгой ач холбогдол өгөхийг төрийн байгууллагад уриалав. Түүгээр зогсохгүй Ерөнхийлөгч цаашид хяналт шалгалт, гааль, татвар болон улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтийг шилэн болгохыг шаардсан юм. Шилэн дансны тухай хуулийн гуравдугаар зүйлд заасны дагуу,
- Улс, орон нутгийн төсөв болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсөв;
- Орон нутгийн хөгжлийн сан;
- Засгийн газрын тусгай сан;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа;
- Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл;
- Засгийн газар, орон нутгийн гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж;
- Төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс;
- Засгийн газар, орон нутгийн баталгаа болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэрүүд”-ийг ард нийтэд нээлттэй мэдээлэх учиртай.
Шилэн төрийн санаачилга шүүхийн процессийг нээлттэй болгохоос эхэлсэн бол санхүүгийн үйл ажиллагаа ийнхүү нээлттэй болж буй нь мэдэгдэхүйц дэвшил. Гэхдээ одоогийн байдлаар яамд, албан газруудын зүгээс дансаа хангалттай шилэн болгож амжаагүй байна. Хуулийн дагуу хоёр жилийн дотор шилэн дансны нэгдсэн систем ажиллаж эхлэх ёстой.
“ӨРХИЙГ ОРОЙГООС НЬ ТАТДАГ...”
Ерөнхийлөгч төсвийн элдэв танаасыг өөрсдөөсөө эхлэхийг төрийн түшээдэд санууллаа. Энэ нь нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад буй халамжийг хумих бодлогын эсрэг байр сууриа илэрхийлсэн хэрэг гэж харж болохоор байв. Түүнээс гадна яамд ямбаны газар болж хувирч буйг шүүмжлээд, “Сайд, дарга нарт ногдох өрөөний зай талбайг манай урд хөршид тогтоосон шиг, дунджаар 16 м2 гэж тооцох” санал дэвшүүлсэн юм. “Үйлчилгээг тусад нь гаргах, түрээс болгох, хувийнхнаар хийлгэх яасан бэ! Яамдыг аж ахуйн ажлаас, тендерээс, барилга барих, засах, зам тавих ажлаас чөлөөлөх яасан бэ?” гэсэн асуултуудаар тэрбээр Шийдлийн засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголд “Том төрөөс ухаалаг төр рүү” зарчим хангалттай үйлчлээгүйг илэрхийлэхийг хүссэн болов уу.
“АРДЧИЛЛЫГ АЖИЛЛУУЛАХ ХУУЛЬ...”
Ерөнхийлөгчийн хэлсэн үг бүхэлдээ төрөөр зогсохгүй, ард иргэд ч өөрийн үнэт зүйлээ сахин хамгаалахыг уриалсан агуулгатай байсан. Ингэхийн тулд өөрийн санаачилсан хуулиудыг батлан, сахих нь онцгой ач холбогдолтой гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж байна. “Сонгосон хүнээ болохгүй бол буцаагаад татах сонгогчдынхоо эрхийг бид хуульчлах ёстой. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна”. Тэдгээр хуулийн төслүүдэд Нийтийн сонсголын тухай, Иргэдийн оролцооны тухай, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслүүд багтаж буй юм.
Ерөнхийлөгчийн “Ардчилалыг ажиллуулах хууль” хэмээн тодорхойлсон “Нийтийн сонсголын тухай хууль”-ийн төсөлд, “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал хариуцсан хороо хэлэлцэн хүлээн авсан” тохиолдолд УИХ “Ерөнхий хяналтын сонсгол”-ыг зохион байгуулж, иргэний тавьсан асуудалыг шийдэх заалт бий. Орон нутгийн ИТХ-ын хувьд ч дээрх зарчим мөрдөгдөхөөр төсөлд тусгагдсан байна.
Улс төрийн нам, судлаачдын зүгээс дэмжлэг, эсэргүүцлийг зэрэг хүлээж буй уг хуулиуд дээр Ерөнхийлөгч хатуу байр суурьтай буйгаа чуулганы индрээс ийнхүү ахин илэрхийлэв. Ерөнхийлөгчийн хувьд, ард иргэдийн төр, албан тушаалтанд хариуцлага тооцох үйл явцыг тусгайлан хуульчилах нь “Үнэт зүйлтэй хүн” байхад чухал нөлөөтэй гэж үзэж буй аж.
Нийгэмд тулгараад буй хариуцлагын дутагдлын талаар задлан ярьсан уг илтгэлийн эцэст, төрийн байгууллагын хариуцлагыг чангатгах нь бүтээмжийг нэмэгдүүлэх эхний шийдэл гэсэн ойлголт иргэдэд төрсөн болов уу. Түүнчлэн, “Үйлдвэржилт Монголын хөгжлийн өнгийг тодорхойлох болно. Бүгдээрээ тамын тогооноосоо гаръя. Бүтээгч үндэстэн болъё. Хариуцлагатай улс болъё. Монгол Монголоо дэмжье. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж хамтарч ажиллая гэж би та бүхэнд уриалж байна” гэх үгсийг иргэн, байгууллага бүрийн үйл ажиллагааны тулгуур зарчим болгосноор бид өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг өөрийнхөөрөө даван туулах боломжтой юм.
Монголчууд бидний хамгийн том сул талуудын нэг нь аливаа ажил хэргийг хувь хүнтэй холбож ойлгодог явдал. Нам, бүлэглэл, үзэл бодлоос шалтгаалж бид өчнөөн олон “ханыг” өөр хоорондоо босгожээ. Одоо энэ үл ойлголцолын ханыг нурааж, урагш харж амьдрах тухай Ерөнхийлөгч анхааруулж байна. Энэ бол хоосон яриа биш. Ц.Элбэгдорж гэх хувь хүний үүднээс биш, ард түмний дэмжлэгийг хүлээн хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй төрийн тэргүүн гэх үүднээс түүний хэлсэн үгийг ойлгож, хариуцлагаа ухамсарлаж ажиллахыг цаг үе, амьдрал биднээс шаардаж байна.
Я.БАЯР
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.