Урлаг
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 01 сар 27
Уншигчдын хүсэлтээр Монгол Улсын гавьяат жүжигчин, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт Н.Баатар гуайтай 2013 онд хийсэн ярилцлагаа хүргэж байна.
“Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уг нь Засагт ханы хүн. Захирагчтайгаа заргалдаад нутагтаа хөл гишгэх газаргүй хавчигдаж, эхнэр хүүхэдтэйгээ цагаачилж яваа нь энэ. Эрдэнэ 18 настайдаа Долгортой дэр нийлүүлэн амьдарч, гараасаа хөтлөх ганц үртэй болсон юм”.
Зууны манлай“Тунгалаг Тамир” кино ингэж эхэлдэг.Олон сайхан дүрээрээ мөнхөрсөн алтан үеийнхэн маань энэ киног бүтээсэн. Тэднээс цагийн уртад цөөнгүй нь бурхны оронд хальж, өдгөө хуруу дарам цөөхөн хүн үлджээ. Түүний нэг Монгол Улсын гавьяат жүжигчин, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт Н.Баатар гуайтай уулзлаа.
-Сайн байна уу, Баатар гуай. Уучлаарай таныг харахаар шууд Эрдэнэ гэдэг нэр толгойд ороод ирэх юм?
-Сайн байна уу. Уучлал гуйх хэрэггүй охин минь. Хүн бүхэн л “Эрдэнэ гуай” гэж дууддаг юм. Одоо бүр дасчихаж. Ах нь заримдаа захаас мах аваад лангуун дээр нь мартчихна. “Хөөе, Эрдэнэ гуай махаа мартчихлаа” гээд л араас дууддаг юм. Баатар биш Эрдэнэ гэдэг нэртэй хүн шиг л явдаг даа.
-Та яаж яваад урлагт хөл тавьсан юм бэ. Хүн бүр сонирхоод байдаггүй сонгодог урлагаар дагнах болсонд хэн нөлөөлсөн бэ?
-Ах нь Завхан аймгийн Алдархаан сумын уугуул хүн. Ээж маань залуудаа бэлэвсэрч, гурван хүүхэдтэй үлдээд, хотод байдаг ах дүүгээ бараадан Төв аймгийн Батсүмбэрт ирсэн. Ах, дүү нар нь хэдэн толгой мал авч өгөөд, бид тэнд амьдарсан. Гуравдугаар анги төгсдөг жил шиг санаж байна. Эгч маань “Дүүгээ сургуульд оруулна аа. Хотод бүжиглүүлж, дуулуулдаг гоё сургууль байна” гэдэг юм байна. Тэр үед эгч маань Холбооны техникумд сурч байсан юм.
-Эгч чинь урлагийн сургуульд оруулъя гэж шийдсэнээс үзэхэд та чамгүй авьяастай хүүхэд байжээ?
-Авьяас энэ тэр байхгүй ээ. Хөдөөний нэг муу жаал л байхгүй юу. Эгчид тэр сургууль сайхан санагдсан юм байлгүй дээ. Ингээд би эгчийгээ дагаад хотод ирлээ. Хөгжим бүжгийн коллеж чинь Театр урлагийн дунд сургууль нэртэй Хуучин циркийн ойролцоо байлаа. Шалгалт өгөөд өөрийгөө хөгжимд сонирхолтой гэдгээ мэдлээ. Гар хуруу нь сайртай жаал орос, монгол багш нар руу эгцэлж ч харж чадахгүй байсаар сонсгол, ритмээ шалгуулаад тэнцлээ шүү. Багш нар маань морин хийлийн ангид оруулна гэлээ. Хязгааргүй баярлаад гэрээ нүүлгэж ирэх юм болов. Ганц бие эмэгтэй хүн хэцүү шүү дээ. Ээж маань хүн амьтан гуйж гэр орноо ачаалаад явах болсон. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн эхэлчихсэн, хөдөөний хүнээр мал маллуулна гээд ээжийг явуулдаггүй. Гуч гаруй үхрээ айлд үлдээгээд бараг нууцаар шахуу хотод ирсэн юм. Ирэх гэсээр байтал хичээл эхлээд хоёр сар болчихож. Нөгөө орох анги маань орон тоогүй болчихсон байдаг байгаа. Багш нар маань морин хуурын ангид ор гэлээ. Утаа идчихсэн, хадаг өлгөсөн, гүзээ шиг морин хуур хөдөөний айл бүхэнд л байлаа. Морин хуурыг тэрэн шиг санаад шууд орохгүй гэлээ. Эгчийн найз “Драмын ангид шалгуулаад үз” гэхэд нь “Би тийм зүйлд дургүй” гэчихлээ. Тэгсэн араас “Тэгвэл бүжигт шалгуулаад үз” гэдэг юм байна. Арай дээр сонсогдохоор нь шалгуулаад тэнцсэн. Тухайн үед Украины алдарт бүжиг дэглээч Романовский гэдэг багш ирсэн байсан юм.
- Хөгжмөөс бүжиг илүү шалгууртай. Таныг орос, монгол багш нар яаж шалгаж байв. Тухайн үед сонгодог урлагийн талаар мэдлэг, мэдээлэл тааруу байсан байх. Та яагаад сонгосон юм бэ?
- Багш нар алхуулаад, ритм шалгаад, хөгжим сонсгож, үсрүүлж, дэвхрүүлж үзээд л байсан юм. Хөгжмийн мэдрэмж ямар байгааг л шалгаж байгаа хэрэг шүү дээ.1946 оны намар сургуульд орж, 1950 онд төгссөн юм.
Театр урлагийн сургуулийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа дүүргээд Хөгжимт драмын театрт ажиллаж эхэлсэн. Тухайн үед драм, хүүхэлдэйн театр хамт байлаа. Театртаа таван жил ажиллаад ЗХУ-ын Пермийн Сонгодог бүжгийн академид суралцаж, 1962 онд төгссөн. Тэнд жинхэнэ сонгодог урлагийг заалгаж, мэргэжлийн бүжигчин болоод ирж байгаа юм. Бидний хэсэг нөхөд саяхан уулзлаа. Монгол Улсад мэргэжлийн сонгодог бүжигчин бэлтгэсний 50 жилийн ой болж байна. Анх 28 хүүхэд балетчин болохоор Ташкент, Пермь рүү явж байсан юм. Дуурийн театрыг 1963 онд байгуулж, бид анхны суурийг нь тавьсан бүжигчид болсон түүхтэй.
-Сонгодог урлагаар мэргэшсэн балетчин Дуурийн театрт анх ямар бүтээлд тоглож байв?
-Римский Корсаковын “Шахеразада”-ыг Дуурийн театрын нээлтэд зориулж тавьж байлаа. Энэ дуурь Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяандагвын дипломын ажил байсан юм. Шижигнэсэн 28 залуу сургуулиа төгсдөг жил Б.Жамъяандагва ч ирж таарсан. Би сургуульд явахаасаа өмнө театрт байхдаа Монголын анхны бүжгэн жүжгийн олны хэсэгт гарч байсан. Манай улс гурван бүжгэн жүжиг тавьчихсан байсан юм.
- Театр урлагийн сургууль төгссөн залуу бүжигчин тайзан дээр анх удаа гарна гэдэг тийм амар байгаагүй биз?
-Тэгэлгүй яахав. Театр урлагийн сургууль төгсчихсөн, нэг муу мэргэжилтэй болоод ирж байгаа ухаантай юм шүү дээ, би. Тухайн үед бидэнд гурав, дөрөв гэх мэт хамгийн бага зэргийг олгож байсан байх. Театрт дагалдан жүжигчнээр орлоо. Нямын Цэгмид, Цагааны Цэгмид, Д.Бат-Очир гуай гээд алдартнууд байсан үе шүү дээ. Нэг хүн дааж аваад, сар халамжлан хүмүүжүүлэхээр боллоо. Тухайн үед “Учиртай гурван толгой” , “Жаргалын зам” дуурийг тавьж байсан юм. Нэр сарын дотор би 21 концертын бүжиг, хоёр дуурьт тоглосон.
Анх “Учиртай гурван толгой” дуурийн олны хэсэгт гарсан. Хөшиг нээгдтэл нүднээс гал манараад л ирэх шиг болж билээ. Үзэгчгүй бэлтгэл хийх нэг өөр, хувцсаа өмсөж, нүүр будалтаа хийлгээд үзэгчтэй тайзан дээр гарна гэдэг тэс өөр байдгийг тэр үед мэдэрч билээ. Маш чадварлаг багш, бүжигчдээр их зүйл заалгаж, өөрийнхөө дуртай ажлыг төрийн ганцхан театртаа олон жил тасралтгүй хийсэн. Тиймээс өөрийгөө их азтай хүн гэж боддог. 1989 онд ах нь тэтгэвэрт гарсан ч театр дуудаад дахиад есөн жил ажилласан. Театр ансамбль биш болохоор миний насанд тохирсон дүр бүтээх шаардлага гардаг юм. Урлагтаа 54 жил ажиллахдаа 34 бүжгэн жүжгийн гол дүр бүтээж, драмын хүн биш ч азаар нэг киноны гол дүрийг бүтээсэн.
-Мэргэжлийн жүжигчин биш ч та “Тунгалаг Тамир”-ын Эрдэнийн дүрийг маш сайн бүтээсэн шүү дээ. Зууны манлай бүтээл гэж хүндлэгдэхэд кинонд гар бие оролцсон хүмүүс, тэр дундаа гол дүрийн жүжигчид маш их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог?
-Улс орон бүрт өөрийн гэсэн сонгодог роман, зохиол байдаг. Монголынх “Тунгалаг Тамир” юм шүү дээ. Маш хүчтэй, сайн зохиол. Зохиол дотор гарч буй дүр бүрийг нэгбүрчлэн зурсан мэт бичсэн болохоор дүрээ аваад явчихдаг. Тийм агуу зохиолыг бид муу бүтээх эрх байгаагүй.
-Найруулагч хүнд дүр сонголт чухал байдаг. Таныг Ч.Лодойдамба гуай яагаад сонгосон юм бол. Таны аль дүрээс “Энэ хүн Эрдэнэ байна шүү” гэж харсан юм бол?
- Энэ киноны дүрийн сонголтыг удаан хийсэн юм билээ. Хот, хөдөөгүй хийж, олон хүнийг пробонд оруулсан гэсэн. Эрдэнийн дүрийг сонгох гэж 13 хүнийг пробонд оуулсан байдаг юм.
Манай театр Ширэндэв гуайн цомнолоор “Хошуу наадам” бүжгэн жүжиг тавихад гол дүр Хайдарт би тоглосон. Ч.Лодойдамба гуай тухайн үед Соёлын яамны орлогч сайд байлаа шүү дээ. Хяналт шалгалт хийх явцдаа манай бүжгэн жүжгийг үзэж л байсан байх. Нэг өдөр Ч.Долгорсүрэн, Р.Доржпалам, Н.Цогзол, Ө.Рэнцэнноров гээд хэсэг ирээд “Чамайг кинонд тоглуулна. Явна аа” л гэлээ. Би гайхаад “Жамъяан багшдаа хэлье” гэтэл “Тэр хамаагүй, бид тохирсон” гээд бараг хүчээр шахуу аваад явлаа. Кино үйлдвэрт ирээд хүрэн даалимбан тэрлэг өмсүүлж, тоорцог өмсүүлээд сур нухах зуураа “Хөөе, Галсаан” гэж дууд гэсэн үүрэг өглөө. Фото проб хийж үзсэн юм билээ. Зураг аваад л байлаа. “За хө, тэнцвэл хэл өгнө, үгүй бол чимээгүй болчихно шүү” гэсэн.
Удалгүй улсын баяр болж, наадмын нээлт, хүндэтгэлийн концертод оролцоод, 15-наас амарсан. Хөдөө байдаг ах дүү нар руугаа явах бэлтгэлээ хийх гээд цалингаа авах санаатай явж байтал Ч.Долгорсүрэн гуайтай таарлаа. “Чи чинь юу хийж яваа юм бэ. Нөгөөдөр натурт явах гэж байхад” гэдэг байгаа. Би мэдээгүй, хэн ч, юу ч хэлээгүй гэлээ. “Нааш ир” гээд Урлагийн хорооны үүднээс Ч.Лодойдамба гуайн унадаг байсан “Варшав” машинд суулгаад Кино үйлдвэр рүү давхичихлаа. Кино үйлдвэрийн н.Баярсайханыг Ч.Долгорсүрэн гуай дуудаад “Баатарын үсийг хусаж, парик тааруул. Нөгөөдөр натурт гарах гэж байхад хээв нэг явж байна. Ямар танхай хүн бэ” гэж байна. Шууд л үсээ хусуулчихлаа. Халимагны цаанаас хөв хөх толгой гаралгүй яахав. Натурт гарахад хоёр өдөр дутуу байдаг. Хуйхаа борлуулахын тулд хоёр өдөржин тагтан дээр наранд суусан юмдаг.
-“Тунгалаг Тамир”-роман таны үеийнхний ширээний ном байсан. Хүн бүхний мэдэх, өөр өөрийнхөөрөө хүлээж авсан дүрийг гаргана гэдэг амаргүй шүү?
-Эхэндээ би кинонд тоглох дургүй байсан. Тийм том зохиолын гол дүрийг бүтээнэ гэхээс би айж байсан. Түүнээс гадна гол дүрийн жүжигчнийг сонгох тухай хотоор нэг яриа гарчихсан, жүжигчин хүн бүхэн дүр авахсан гэж хичээж байсан үе. Надаас гадна жинхэнэ мундагчууд олон байгаа шүү дээ.
-Та романаа уншсан байсан уу?
-Уншилгүй яахав. Миний үеийнхний ганц шүтээн ном байлаа. Хөгшин бид хоёр хэвлэгдээгүй задгай байхад нь Самбуу гэдэг хүнээс бүлэг бүлгээр нь авч уншсан юм. Салахын аргагүй зохиол. Сүүлийн дөрөв, тавхан хуудсыг дуусгахгүйсэн гэхдээ бараг сар гаруй уншиж билээ. Тэгж хайрлаж, дээдэлж явсан зохиолын гол дүр над дээр ирдэг байгаа. Миний аз таарсан юм даа.
-Дээр үед кино зураг авахаас өмнө шалгалтаар их ордог байсан гэдэг. Та тэр шалгалтыг сайн давсан байх нь?
“За тэгж л таарна” гэж бодоод зогсож байтал “Эрдэнэ гэдэг чинь халхын сайхан эр хүн. Төрийн хүн шүү. Юу өмсүүлчихсөн юм бэ. Ням өвгөн шиг уранхай дээл өмсүүлээд, шодон гэзэг тавьчихсан байх чинь, соль” гэлээ.
-Тавантолгойн мал бааз “Алтанбулаг” нэгдэлд киноны группийнхэн очлоо. Зохиолоо уншаад бэлтгэлээ базааж байтал “Хэд хоногоос Ч.Лодойдамба гуай ирнэ. Дүрүүдээ шалгана” гэлээ. “Энэ шалгалтад нь тэнцэхгүй бол бушуухан харих юм шүү” гэж бодож суулаа. Надаас бусад нь драмын анги төгссөн, олон кинонд тоглосон хүмүүс байсан. Ч.Лодойдамба гуай хоёр өдрийн дараа Оросын соёлын атташегийн хамт ирлээ. Дүрүүдээ шалгаад эхэллээ. Галсан, Итгэлт, Ням, Бат, Хонгор, Солонго гээд л дуудаад байна. Хэзээ Эрдэнэ гэж дуудах бол гээд санаа зовоод хүлээгээд суулаа. Бараг хамгийн сүүлд нь байх, Эрдэнэ гэлээ шүү. Гараад очтол хэсэг харж байснаа Ч.Лодойдамба гуай “ Долгорсүрээн, Доржпаламаа энэ чинь юу болоод байна аа. Биш байна шүү” гэлээ. “За тэгж л таарна” гэж бодоод зогсож байтал “Эрдэнэ гэдэг чинь халхын сайхан эр хүн. Төрийн хүн шүү. Юу өмсүүлчихсөн юм бэ. Ням өвгөн шиг уранхай дээл өмсүүлээд, шодон гэзэг тавьчихсан байх чинь, соль” гэлээ. Найруулагчийн хэлснээр бүдүүн сайхан гэзэг тавиад дээл хувцсаа сольж, хэт хутгаа зүүгээд гараад иртэл “Тэгэлгүй яахав, ийм л байх ёстой. Кино зураг эхэлж болно” гэсэн. Ингээд л маргаашнаас нь анхны зураг авалт эхэлсэн.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!!!
Мэдээллийн эх сурвалж www.MASS.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.