Тариалан эрхлэгчид буудайныхаа чанарыг шалгуулаагүй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 27

 

Засгийн газар даваа гарагт хуралдсан. Уг хуралдаанаар 2014 оны ургацаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариаланг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайд олгох мөнгөн урамшуулалтай холбогдуулан “Улаанбуудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр хүнсний улаанбуудайн нэг тонн тутмын урамшуулал 70 мянган төгрөг болж байна.

Гэтэл хүнс хөдөө аж ахуйн яам ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрөл олгосноор дотоодын тариалан эрхлэгчдийн хураан авсан 70 мянган тонн буудай ашиглагдах боломжгүйд хүрээд байгаа юм.

Үүнийг үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон “Бидэнд цавуулаг өндөртэй сайн чанарын 40 мянган тонн буудай байхад гадаадаас импортлох зөвшөөрөл олгож, тариаланчдыг хохироолоо” хэмээн эсэргүүцсэн юм. Ингээд салбарын яамнаас Ажлын хэсэг гарч, тариаланчдад чанарын шаардлага хангасан буудай байгаа эсэхийг шалгаад шийдвэрээ цуцлахаар болсон.

 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан 20 мянган тонн буудай хойд хөршөөс импортлох шийдвэрээ хэвээр үлдээхээр болсон байна.

Тодруулбал, цагаан сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд цавуулаг өндөртэй сайн чанарын гурил нийлүүлэх үүднээс хойд хөршөөс 40 мянган тонн буудай импортлох нь зүйтэй гэсэн саналыг гаргаад үүний дагуу 20 мянган тонн буудай импортлохыг гурилын үйлдвэрүүдэд зөвшөөрөөд байсан юм.

 

Гэтэл уг шийдвэрийг “Газар тариалан” холбооныхон эсэргүүцэж жагсаал цуглаан хийсэн тул тэдний хэлж буй шиг сайн чанарын буудай байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулан долоо хоног ажиллахад эсэргүүцлээ илэрхийлж байсан тариалан эрхлэгчид буудайныхаа чанарыг шалгуулаагүй байна. Тиймээс хойд хөршөөс 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрлөө хэвээр үлдээхээр болсон тухайгаа Р.Бурмаа сайд мэдэгдсэн юм.

Одоогийн байдлаар тариалан эрхлэгчдийг дэмжих санд 32 мянган тонн улаан буудай байгаа юм байна. Дотооддоо хураан авсан. Одоо хадгалаастай байгаа буудайгаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэнэ.
Ямартай ч монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны гишүүд энэ сарын 21-ны өдөр хуралдаж хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, төрийн нарийн бичгийн дарга Л.Чой-Иш, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдлээ.

Мэдээллийн эх  сурвалж www.NEW.mn сайт : Г.Мягмарсүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх