Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 01
“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэх ардын нэг зүйр үг бий. Монголчууд эртнээс өр тавихыг тэвчдэггүй, шинэ оноо өргүй угтахыг хичээдэг, энэ үгийн утганаас ихэд цэрвэдэг байсан уламжлалтай ард түмэн.

Энэ нь “тавьсан өрөө төлж чадахгүй бол яана” гэсэн айдас, нэр төрөө ихэд эрхэмлэдэг, “нэр хугарахаар яс хугар” гэсэн үзэл баримтлалтай байснаас улбаатай болов уу. Харин өнөөдөр “өр” гэх үгийг хэрэглэхгүй хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгж гэж алга. Банкнаас авсан зээлээ ч өр, гаднаас авсан хөрөнгө оруулалтаа ч өр гэж хардаг. Өрөнд баригдчихсан гэх сэтгэхүйд дарлуулан өрнөөс гарахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байна хэмээн өөрсдийгөө өрөвдүүлэх гэж хичээх. УИХ нь хүртэл хувь тавилантайгаа эвлэрчихсэн “за одоо нэмж өр тавихгүй шүү, хуулиар хориглолоо” гэх. Яагаад гэвэл өр тавьж олж ирсэн мөнгөө буруу зүйлд зараад байна гэнэ дээ.
Аав нь хүүгээ сургууль дээрээ сахилгагүйтээд чих халууцуулаад байна гээд сургуульд нь явуулахгүй гэрт нь түгждэг бил үү. Өвөө нь ач хүүгээ гадаа хүүхдүүдтэй чулуугаар байлдлаа гээд гэрийн хорионд байлгадаг гэж үү. Аав хүүдээ сургууль дээрээ сахилгагүйтэж болохгүйг, өвөө гадаа тоглохдоо чулуугаар байлдах хэрэггүйг хэлж ойлгуулдаг.
Тэгвэл өнөөгийн УИХ Засгийн газрыг зээлсэн мөнгөө дэмий зүйлд үрээд байна гэхдээ зээлэх эрхийг нь хуулиар нээж өгөхгүй, хааж байгаа нь яг л хүүхэдтэйгээ зүй бусаар харьцаж гэрийн хорионд байлгаж буй аргаа ядсан аав, өвөө лугаа адил аж. Өрөө хэмжээнийх нь хувьд тэдээс хэтрэх ёсгүй гэж хязгаарлах бус, харин зээлсэн мөнгөнийхөө зохицуулалтыг тодорхой болгох, зөв зүйлд зарцуулах, хяналт тавих гэдэг өнцгөөс нэг харахсан даа. УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өрийн лимитийг ДНБ-ий 58.3 хувьд буюу одоо хүрээд байгаа төвшинд байлгахаар, цаашид нэмэгдүүлэхгүй байхаар баталсан.
Ингэснээр улстөрчид Ч.Улаан сайдын хэлсэнчлэн хагас алхам, хатуухан хэлбэл биеэ оторлосон, ач холбогдолгүй “тахир дутуу” үйлдэл хийв. Олон улсын зээл, төсөл хөтөлбөрөөр орж ирэх мөнгөнүүдийг тооцож үзвэл өрийн босго хэзээ ч 58.3-д баригдаж чадахгүй. Өмнө бичсэнчлэн нэг гараараа зээл тусламж хүсдэг атлаа, нөгөө гараараа авахгүй гэж өөрийгөө хүлж байна. Бага хүүтэй, урт хугацаатай гадаад зээлийг дэд бүтцийн салбарын хөгжилд зориулан авах ямар ч эрх хуулиар байхгүй болов. Мөн валют нэн хэрэгцээтэй болчихоод байгаа үед Засгийн газар гараад нэг валют олоод ирэх гараа гавлуулсан чигээр байна. Үүнийг дагаад хувийн хэвшил бие даан гаднаас мөнгө оруулж ирэх боломж ч хязгаарлагдана. Зарим нэг “их мэдэгч” өрийн таац хувийн хэвшлийн зээлд ч хамаатай гэх зүйл ярих. Тэгвэл иргэн, хуулийн этгээд хэнээс, хичнээн хэмжээний зээл авахаа очиж очиж тэр нөхрөөр, тэр этгээдийн баталсан хуулиар мэдүүлэх болж таарч байна уу. Дэлхийн бусад орнуудад хувийн хэвшлийн зээлээ маш сайн бүртгэдэг, мэдээлэл ба тайлагналын хөгжсөн системтэй, түүндээ үндэслээд зөв шийдвэр гаргаад явдаг. Гэтэл манайд хуулиар хязгаарласан, хориглосон явуургүй, хуучирсан арга хэрэглэх гэсэн хандлага хэвээр байх. Өрийн босго, өрийн хэмжээг тогтоодог туршлага байдаг юм уу, дэлхийн хичнээн улс орон өрийн хэмжээг тогтоодог юм бол гэсэн судалгаа байна уу. Өрийн хэмжээг хуулиараа хязгаарлах нь яаж ч бодсон зөв практик биш юм аа. Яагаад гэвэл өрийн харьцааг хуульд заасан хязгаар нь байлгахын тулд, хууль зөрчихгүйн тулд ДНБ-ийн гадаад валютаар илэрхийлсэн хэмжээг аль болох өндөр байлгах ёстой болно. Үүний тулд үндэсний валютын ханшаа чангалаад л байвал болчих юм. Эдийн засгийн онол, бодлого тэр чигээрээ зөрчилдөөнд орно гэсэн үг. Төр өөрөө ийм арчаагүй байдалд орж байхын оронд одоо үүсчихсэн байгаа өрөө хаанаас, юугаар, яаж төлж барагдуулах вэ, шинээр үүсгэх өрийг юунд, яаж зарцуулах вэ, хаанаас хэн ямар хяналт тавих вэ, яаж зөв зохистой ашиглах вэ гэдгээ хуулиар боловсронгуй болговол зохино. Энэ асуудлаар эдийн засагчид олон янзын байр суурь илэрхийлж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.