Хоёр сар гэртээ хариагүй бяцхан хүүгээ очиж аваач

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 01 ・ 3

Хүн амьдрахын тулд, мөнгө олохын тулд гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумсалж болно. Хэн хөдөлмөрлөсөн нь амьдарч байгаа энэ нийгэмд өөрөөр яах ч билээ.

Гэвч хөлд, хэлд гүйцэд ороогүй бяцхан үрээ айлын өрөөний мухарт бүтэн хоёр сар мартаж орхисон ээж, аав хүүхдээс нь үнэтэй ямар ажил хийдэг юм бол. Харж байгаа хүмүүст нь төлбөрийг нь төлөөд байгааг бодоход ор тас мартчихаагүй гэлтэй. Нус нь гоожсоор байгаад хамрынх нь дор түлэгдэж орхисон ой дөнгөж хүрч байгаа болов уу гэлтэй жаалхүү хаалга онгойх хөлийн чимээнээр хар хурдаараа мөлхсөөр ирэв. Огт таньж мэдэхгүй эгч рүү тэр хоёр гараа сарвайгаад тэврүүлэх гэж оролдсон юм. Араас нь дахиад түүний насны хоёр гурван жаал мөлхсөөр гарч ирлээ...

“Хүүхэд харна, гэрээр харна, 24 цагаар харна” гэсэн олон зар дундаас хэд хэд рүү нь залгаж үзлээ. “Бид хөдөө ажлаар нэг сар явах гэж байгаа юм л даа. Хүүхдээ орхих газар даанч байдаггүй” гэсэн шалтаг хэлтэл бүгд л “Өө бололгүй яахав, битгий санаа зов. Ирээд уулз” гэж уриалгахан аргагүй хэлж байна. “Эгч нь хоолны технологич мэргэжилтэй. Тийм болохоор хүүхдэд чинь хамгийн эрүүл, зөв хоолыг өгөх болно. Эгч нь байрныхаа нэг өрөөг суллаад бэлдчихсэн байгаа. Чи хүүгээ л аваад ир” гэж нэг нь хэллээ. “Манай байр маш дулаахан. Өдрийн 3-4 хоолтой” гэсэн зарын дагуу утсаар яриад Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэг гэж тодотгосон газарт очсон юм.

24 цагийн тодотголтой улсын цэцэрлэг дүүрэг бүрт 1-2 буюу нийслэлийн хэмжээнд ес бий. Ажлын таван өдөр хүүхдийг нь харж өгөөд баасан гаригт гэрт нь хариулдаг. Гэхдээ 24 цагийн үйл ажиллагаа явуулахын тулд заавал эмчтэй байхаас эхлээд орчин нөхцөлд анхаарах шаардлагууд бий. Одоогоор Нийслэлийн Боловсролын газраас нэг ч хувийн цэцэрлэгт 24 цагийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс хувийн цэцэрлэгүүд ийм бүлэгтэй гэдгээ тэр бүр сурталчлаад байхгүй. Харин хувь хүмүүс хоорондоо төлбөр мөнгөө тохиролцоод гэрээр харуулж байгаа ийм тохиолдолд зохицуулах хууль, дүрэм одоохондоо алга. Та заваараа нэг зар шагайгаад үзээрэй. Ийм төрлийн зар маш олон байгаа.

...Утсаар ярьсан “цэцэрлэг”-ийн эзний зааж өгснөөр гэр хорооллын гудамжууд руу орлоо. Цэцэрлэг байрлаж байгаа байшин хоёр давхар юм. Гаднаас нь харахад засвар нь дуусаагүй бололтой өндөр шатнууд тавьжээ. Байшин руу дөхтөл хар, шар өнгөтэй хоёр нохой ухасхийн гарч ирээд золтой л барьчихсангүй. Эзнийг нь дуудаж, хориулж байж байшин руу оров. Хаалгыг нь гаднаас нь том чулуугаар дарсан байлаа. Хүүхдүүдийг гаргахгүй гэж тэр бололтой. Тэнд нийтлэлийн эхэнд дурдсан дөрвөн жаал байна. Бүгд 1-2 насных аж. Хоёр нь өдрийн ангид, хоёр нь 24 цагийн ангид явдаг гэнэ. Гурав, дөрвөн настай өөр хоёр хүүхэд аавынх нь ажил долоо хоног амрахаар болсон тул гэртээ харьжээ. Бага насны нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүүхдүүдийг харж хандан, хоол ундыг нь өөрөө бэлтгэж өгдөгөө ярилаа. Байшингийн хувьд дулаахан ч, умгархан хоёр өрөөтэй тул чийгтэй, агааргүй орчин угтлаа. Нэг жижиг өрөөнд нь дугуй буйдан байна. Нөгөө өрөөнд нь жижиг зурагт, хүүхдийн тоглоомнууд хөглөрөөд дүүргэжээ. Жаалууд хоёр өрөөг дамжин мөлхсөөр л. Хүүгээ сар орхих болсон тухайгаа хэлэхэд санаа зоволтгүй аваад ир л гэж байна. Авчрахдаа гудас, хөнжил, нойтон салфетка, 00-ын цаастай авчраарай гэнэ.  Төлбөр нь сарын 200 мянган төгрөг гэлээ. “ Хүүхэд чинь ханиадтай юу. Өвдөхдөө хэр вэ” гэж асуусангүй. “Хүүхдүүдийг гадаа гаргаж амждаггүй. Энэ жаахан юмнуудыг бүгдийг нь аваад гарна гэж байхгүй” гэж байна. Тэгэхээр хоёр сар гэртээ хариагүй Б хүү лав агаар амьсгалаагүй удсан бололтой. Ээж нь ирж төлбөрийг нь өгчихөөд явсан гэв. “Гэртээ харихаараа уйлаад байдаггүй юм, эндээ дасчихсан байх л даа” гэж эмэгтэй хэлж байна. Гэвч ой ч хүрээгүй жаахан хүү танихгүй хүнээс гэрэвшихгүй ирж тэврүүлчихээд буухгүй байхыг бодоход юу л бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Хоёр залуугийн хувьд амьдралаа авч явахын тулд ийм бизнес эрхэлж байгаа биз. Хүний хүүхдийг өөрийнх шигээ хайр халамжаар дутаахгүйг хичээдэг ч юм билүү. Хөндлөнгөөс би дүгнэж мэдэхгүй шүү дээ. Гагцхүү хүүхдүүдийн амьдарч байгаа тэр орчин, гэрээсээ, аав, ээжээсээ хол нэг, хоёр, гурван сараар бэтгэрч байгаа жаалууд л хэцүү байна. Энэ цэцэрлэгт 10 орчим хүүхэд бүртгүүлсэн байгаа гэсэн. Мэдээж ганцхан энэ газраар бусдыг нь дүгнэж болохгүй. Ийм төрлийн зарууд орон сууцанд, гэрт, байшинд гээд олон янз байна билээ. Өөрийнхөө хүүхдийг хараад гэртээ суунгаа бусдын хүүхдийг сэтгэлээрээ сайн харж, амьдрал ахуйдаа хэдэн төгрөг нэмэрлэж байгаа хүмүүсийг энд буруутгах гэсэнгүй. Хүүгээ хоёр сар авахгүй байгаа тэр ээжид ч ямар амьдрал байгааг бид мэдэхгүй. Гагцхүү хүүхдүүд ийм орчинд өсч торниж болно гэж үү гэсэн асуулт л голд тээглээд байгаа юм.

Нийслэлийн 117 дугаар цэцэрлэгээр орлоо. Тэднийх ахлах, бэлтгэл гэсэн 24 цагийн хоёр бүлэгтэй. Нэг ангид нь 4-5 насны 20-24 хүүхэд суралцдаг. Нэг бүлэгт таван багш ээлжээр ажилладаг. Даваа гариг бүр цэцэрлэгтээ ирэхэд нь эмчийн үзлэгт хамруулж, хэрэв шаарлагатай бол аав, ээжид нь өгөөд буцаадаг гэнэ. Өдөрт 5-6 удаа хоол, цай уулгана. Хэрэв хүүхэд долоо хоногийн дундуур өвдвөл мөн л эцэг, эхийг нь дуудна. “24 цагийн бүлэгт явж байгаа хүүхдүүд харьцангуй биеэ сайн даах чадвартай болдог. Гэхдээ зарим эцэг, эхчүүд багшид нь бүхнийг даатгах хандлагатай байдаг. Хүүхэд бүрийн зан араншин өөр шүү дээ. Дуугүй бүрэг нэг нь аав, ээжээ санаад уйтгарлаад байхад, зарим нь тоох ч үгүй сахилгагүйтнэ. Гэхдээ миний бодлоор ажлын таван өдөр хүүхдийг аав, ээжээс нь хол байлгана гэдэг хэцүү л санагддаг. Хүүхдүүд даваа гаригт ирээд оройдоо сайн унтдаг. Харин баасан гаригт харих нь дөхөөд ирэхээр байн байн цаг хараад л , унтахаа болиод л өрөвдөлтэй байдаг юм. Гадаа гарахдаа жигтэйхэн дуртай” гэж “Ахлах-Г” бүлгийн багш Б.Золзаяа ярьж байлаа. Хүүхдүүдийн хувьд эмээ, өвөөтэйгээ амьдардаг, аав, ээж нь салсан, амьдралын төвшин доогуур, боломжийн айлын ганц хүүхэд гээд төрөл бүрийн шалтгаантай байдаг гэнэ. Гэхдээ 24 цагийн ангид суралцдаг хүүхдүүдийн дийлэнх нь эмзэг бүлгийн айлынх байдаг ажээ.

Нэгэнт эрэлт хэрэгцээ нь байгаа, сард хоёр гурван зуун мянгаар нь төлбөрийг нь төлье хүүхдийг минь долоо хоногоор, сараар нь харж өгөөч гэж байгаа ийм тохиолдолд стандарт шаардлага хангасан хувийн цэцэрлэгүүдэд зөвшөөрлийг нь олговол яасан юм бэ. Эргээд хяналтаа тавихын тулд албан ёсны зөвшөөрөлтэй болгоод бүртгэлжүүлэх хэрэгтэй биш үү. Олны дунд саар зүйл заавал байдагчлан нийгмийн эрэлт хэрэгцээг хэтэрхий мөнгө болгон харж улайрсандаа хүүхдүүдийг тохь тухгүй орчинд бөөнөөр нь хорьж суугаа газар олон байна. Хажуу өрөөндөө айл суулгасан хэрнээ том өрөөндөө 20 орчим хүүхдийг бөөгнүүлэн цэцэрлэг гэж нэрлэсэн нэгэн айлын тухай ч цахим ертөнцөд хүчтэй шүүмжилж байсан. Нэг хэсэг яригдаад таг чиг болсон Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ ч олон талтайгаар судлах шаарлагатай болов уу.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 02 сар 02/

    chi medehuu chinii amidralii g. amidrah gj hudulmu rluj bgaag chin uguisgej bgaa yum bish gehdee uuruusuu unasan uuruu teej turuulsen uree ingej garguund ni gargaj bolohguishdee chinii umnuus bi huuhdii****n bodood uilj suuna hen ni medehgui hundlungiin hund iimhetsuu tusaj bhad chinii noir yaj hurc

    Хариулах
  • Зочин / 2015 02 сар 02/

    evii dee yasan ch hetsuu yumbe dee yamaarch yum dee helehch ug alga ter eej endee daschihaad gertee bj chadahgui bn gj enduurch bn hervee ter eej ene setgegdeliig unshij bval bi 1 hatuuhan ug helchihey huuhed chin d***andaa bish eej ta uuruu l huuhdee oilgohgui bga yum yagaad gevel eejguyai ta huuhd

    Хариулах
  • Зочин / 2015 02 сар 02/

    Heleh ch vg alga yaj hvvhdee neg sar ***r saraar orhij yawj chadaj bnaa tegeed bas tulburiig irj tuluud yawsan gej bga shv, ter etseg eh bvten noirtoi honoj chadaj bga yum bhdaa. Za etseg ni baigee gehed eh ni eej hvn mvn vv. Ingej nyalh amitan zowooj baisnaas gargahaasaa umnu asuudlaa shiidej bwal

    1
    Хариулах