Дөрвөн саяулаа болох гэж 30 жил хүлээх юм биш биз

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 02

Сүүлийн 27 жилийн турш хоёр саяар тоологдож байсан монголчууд 2015 оны эхэнд гурван саяулаа боллоо.  Одоо бид гурван сая гэсэн тоон дээр тоологдож явах болно.  Цөөхөн хэдэн монголчуудын хувьд 21 дүгээр зууны эхэнд тохиож байгаа хамгийн том, баярт үйл явдал энэ.  Учир нь монголчууд 27 жил мачийж байж гурван саяулаа боллоо шүү дээ. 

Монголчууд бид “хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж ярьдаг.  “Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэдэг ч үг бас бий. Тэгэхээр монголчууд гурван саяулаа болно гэдэг маань эдийн засгийн эргэлт хурдасч, улс орны хөгжил тэр хэрээрээ хурдасна гэсэн үг шүү дээ. Сайхан хэрэг. Дэлхийн баян гүрнүүд олон хүнтэй байдаг учраас эдийн засгаараа дийлээд байгаа юм гэдгийг эдийн засагчид хэлдэг. Тийм учраас бид ядаж л таван саяулаа болчихвол дэлхийд тэргүүлэгч гүрэн болно гэж дөвийлгөж яриад байгаа юм шүү дээ.

Ямар ч байсан гурван сая хүнтэй болчихлоо. Өнгөрсөн сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд Х.Монголжин охин мэндэлсэн нь манай улсын гурван сая дахь иргэн байж таарсан. Статистикийнхан нойр, хоолоо умартан байж ажиллан, тооцоолж гаргаж ирсэн юм билээ.  Улмаар Ерөнхийлөгчид танилцуулж, ард түмэнд мэдээлсэн.  Засгийн газраас гурван сая дахь иргэндээ 70 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

Мөн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас хоёр өрөө байр өгөх асуудал яригдсан. Гэхдээ яг шийдэгдээд, өгчихсөн байгаа гэвэл бас өрөөсгөл. Түүнээс гадна зарим компаниуд амлалт өгч байгаа. Ерөнхийдөө гурван сая дахь иргэнээ дажгүй угтаад авчихлаа.  Цаашлаад төр засгаас дээд боловсрол үнэгүй олгохоос авахуулаад шат дараатай шагнал, урамшал өгч, зарим нэг эрх олгох байх гэж харж байгаа. Нөгөө талаар гурван сая дахь иргэн мэндэлсэнтэй зэрэгцээд дөрвөн сая иргэний асуудал яригдаж эхлээд байгаа.

Гурван сая иргэн мэндлээгүй байхад л цахим ертөнцөөр саяаас хоёр сая болтол 26, хоёроос гурван сая болтол 27 жил зарцуулсан. Тэгвэл 3-4 сая болтол хэдэн жилийн хугацаа зарцуулах талаар хэлэлцүүлэг өрнөсөн. Мөн Ерөнхийлөгч гурван сая дахь иргэн мэндлэх үеэр дөрвөн сая дахь иргэний талаар дурсана билээ.  Бид нэгэнт гурван саяулаа болсон хойно одоо дөрвөн сая дахь иргэнээ хэзээ тосч авах талаар ярих цаг болсон.  Монголчууд саяас хоёр саяулаа болохын тулд 26 жил зарцуулсан.

Аргагүй ээ, цөөхөн хүн амтай байсан болохоор өсч, үржихийн тулд олон жил зарцуулах нь тодорхой. Харин 2-3 сая болохын тулд бид яагаад 27 жил зарцуулав. Уг нь хүмүүсийн яриад байгаа логикоор бол ядаж л 23-24 жил зарцуулах ёстой байсан. Гэтэл бүхэл бүтэн 27 жил мачийж байж бид гурван саяулаа боллоо.  Манай улс хүнээ яг нарийн тоолж чадахгүй байгаа.

Өнөөдөр улсад бүртгэлгүй, бичиг баримт аваагүй хэчнээн хүн байгааг хэлж мэдэх арга алга. Улаанбаатар хотод гэхэд хэдэн зуугаараа байгаа ч байж магадгүй. Саяхан Баянзүрх дүүрэгт ээж нь бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар хоёр хүүхдийг нь Монгол Улсын иргэнээр бүртгэж аваагүй тохиолдол гарсан байсан.  Энэ мэтээр хэчнээн хүүхэд, иргэд бүртгэлгүй байгааг хэлж мэдэхгүй шүү дээ.

Ингэж тооцвол Монгол Улс 2014 ондоо багтаад гурван саяулаа болох боломж байсан байх. Нөгөө талаар манай улс зах зээлийн нийгэм рүү шилжсэн хүнд хэцүү үед иргэд хүүхэд төрүүлэх гэдгийг бараг л мартсан байсан. Нэг өрх сайндаа л хоёр хүүхэдтэй байсан бол их юм. Дундаж нь гурав хүрч чадаж байсан уу, үгүй юу.  Тийм болохоор 2-3 сая болтлоо удсан гэсэн шалтгааныг хүмүүс яриад байгаа.  Яах вэ, тийм байсан биз.  Ерөөсөө 1990 оноос хойш төрөлт тэнгэрээс газарт унасан.

Тэгэхээр хүн амын өсөлт удсаныг нийгмийн байдал руу тохоод өнгөрөхөд болохгүй юмгүй. Тэгвэл бид 3-4 сая болтол хэчнээн жил мачийх бол гэдэг асуудал яг одоо халуун сэдэв болох учиртай.  Энэ хэлэлцүүлэг цахим ертөнцөд өрнөж, зарим нэг УИХ-ын гишүүд оролцож байх үед олон хүнтэй болж байгаа учир цөөн жил зарцуулна гэж тооцоод байсан. Ямар ч байсан 27 жил зарцуулахгүй юм байх. Түүнээс гадна гурван сая дахь иргэн мэндэлсэн талаар ард түмэнд мэдээлэх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Үндэсний статистикийн газрын дарга С.Мэндсайханаас дөрвөн сая дахь иргэн хэдэн жилийн дараа мэндлэх талаар асуусан. Харин С.Мэндсайхан дарга дөрвөн сая дахь иргэн мэндлэх цаг хугацааны давтамж  өмнөхөөсөө богино байх магадлалтай талаар хэлж байна билээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх