Азийн 11 эцэг буюу Чингис хааны удам 16 саяд хүрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 02

Саяхан Лестерийн Их сургуулийн эрдэмтэд маш сонирхолтой нэгэн нээлт хийсэн байна. Тэдний гаргаж ирсэн баримтаар эдүгээ дэлхий дээр амьдарч буй 800 гаруй сая хүн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн 11 хүний үр удам болох нь тогтоогджээ. Эдгээр хүмүүсийг эзэн Богд Чингис хаан тэргүүлсэн байна.

 

Генетикчид Азийн 127 бүсэд амьдардаг 5321 эрэгтэйд ДНК-ийн шинжилгээ хийсний дүнд Y хромсомд байх нэгэн өвөрмөц дарааллыг олж тогтоожээ. Энэхүү дарааллын гол онцлог нь “Spy” хэмээх ген бөгөөд энэхүү ген нь Y хромсомтой цуг үе удам дамжин хадгалагддаг байна. Мэдээж хэрэг он цагийн уртад бага зэрэг өөрчлөлт орж болох ч тухайн удмын генийн мэдээллийг хэдэн мянган жил дамнан хадгалах чадвартай байдаг аж.

 

 

Гэтэл судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 37.8 хувь нь Ойрхи Дорнодоос Зүүн өмнөд Ази хүртэлх бүс нутагт МЭӨ 2100 оноос МЭ1100 оны хооронд амьдарч байсан 11 хүний шууд үр удам болох нь тогтоогджээ. Дээрх үзүүлэлтийг Азийн хүн амтай харьцуулан үзвэл 830 сая хүн эдгээр 11 хүний үр удам гэсэн тооцоо гарч байгаа юм. Мөн эдгээр хүмүүсийн амьдарч байсан газарт тус удмын гентэй хүмүүс илүү олон амьдарч байгаа гэнэ.

 

Энэ асуудал өмнө нь ч бас хөндөгдөж байсан бөгөөд Их Британийн эрдэмтэн Крис Тайлер Смит эдгээр хүмүүсээс хамгийн олон үр удмаа үлдээсэн нь Чингис хаан гэсэн дүгнэлтийг хийж байжээ. Энэ нь дэлхийн хүн амын 0.5 хувь буюу 16 сая юм байна. Энэ нь ч бас учиртай гэнэ.

 

 

Нүүдэлчин удам болох Монголчууд XIII зуунаас эхлэн дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн бөгөөд алтан үедээ Номхон далайн эргээс Хар Тэнгис, Дунайн мөрний сав газар, өмнө зүгт Зүүн өмнөд Азийн бүс нутгууд, хойд зүгт Хойд мөсөн далай, Енисей мөрний сав газрыг дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байсан юм. Их Монгол улсын бүрэлдэхүүнд өнөөгийн Хятад, Иран, Пакистан, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг орнууд багтаж байсныг дурьдах нь илүүц биз. Үүгээр ч зогсохгүй Алтан ургийн хаад эзэлж авсан газар нутагтаа хаан хөвгүүдээ, хатан охидоо үе залгамжлуулан суулгадаг байсан дээрх дүгнэлттэй ихээхэн холбоотой.

 

Харин Чингис хааны дараа орох хамгийн олон үр удамтай хүн бол 1583 онд нас барсан Манжийн ван Гиочангга юм. Түүний ач хүү Нурхачи 1644-1912 оны хооронд оршин тогтнож байсан Манж Чин гүрнийг үүсгэн байгуулагч билээ. Гиочангга ван маш олон хатан, татвар эмс, үр хүүхэдтэй байсан бөгөөд одоогоор түүний удмын 1.5 сая хүн амьдарч байгаа юм.

 

 

Тэгвэл үр удмынхаа тоогоор гуравт орох хүн нэлээд эрт үеэс тодорчээ. МЭ850 оны үед Зүүн Өмнөд Ази, Газар дундын тэнгисийг холбосон Торгоны зам дагуу амьдарч байсан хүмүүс тодорсон байна. Гэхдээ эдгээрийн төлөөлөгчдийг нарийн тогтоогоогүй боловч Кидан, Тангадын Ся, Жучин, Кара Кида, Монголын эзэнт гүрний хүчирхэг удирдагчид байсан гэж таамаглаж байгаа аж.

 

Б.Саруул

eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх