Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 10 сар 07
Өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгийг хийсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ асуудлаар АН-ын зүгээс завсарлага авч байсан бөгөөд үдээс хойш уг асуудлыг дахин хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Төрийн байнгын хорооны дүгнэлтийг тус байнгын хорооны дарга А.Бакей танилцууллаа.
Уг хуулийн төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийг өөрчлөхөөр тусгасан. Түүнчлэн Засгийн газрын бүтцэд Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Монгол Улсын Шадар сайд гэсэн албан тушаалтан байхаар тусгажээ.
УИХ-ын нэгдсэн чуулган дээр ССАЖЯ-ыг бусад яамдтай нэгтгэхийг гишүүдийн олонх дэмжээгүй юм. Харин Дэд бүтцийн хөгжлийн яам гэсэн төслийн нэрийг өөрчилж Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж өөрчлөх санал дэмжигдсэн. Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн төслийн нэрийг өөрчилж Гадаад харилцаа, эздийн засгийн хамтын ажиллагааны сайд гэж өөрчлөх санал дэмжигдсэн байгаа.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь, уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа.
Ерөнхий сайдын оруулж ирсэн хуулийн төсөл ийнхүү үг, үсгийг засаад батлагдаж байгаа юм. Одоо Ерөнхий сайд хэн хэнийг халж, хэн хэнтэй хамтарч ажиллах эсэхээ УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.