Вьетнам уу, Монгол уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 04

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнам болон Монгол авто засварын газрын талаар сурвалжлахаар “Их Засаг” их сургуулийн зүүн талд буюу Маахуур толгойн ард байрлах засварын газруудад очсон юм. Вьетнам болон Монгол засварын газар шил шилээ даран байдаг тул тийш зорьсон хэрэг.

Эхлээд “Сэдэн” кузов засварын газраар орлоо. Тэд үйлчүүлэгчдийнхээ тав тухыг хангахын тулд засварын төвөө авто замаас хашаагаар тусгаарлаж машины зогсоол хийжээ. Шилэн, хоёр давхар барилгын нэгдүгээр давхарт байрлах засварын төв нь саруулхан, гэрэлтүүлэг, тохижилт сайтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан аж. Тус төв арваад машинд засвар үйлчилгээ хийж байлаа.  Үйлчлэгч эмэгтэй заал цэвэрлэж, цаана нь байх жийпны замаскийг засварчин зүлгүүрдэж, байн байн гараараа тэмтрэн их л нямбай хийх аж. Нөгөө талд нь эгнүүлэн тавьсан машинуудын зарим нь засвараас гарахад бэлэн болсон бололтой үйлчилгээгээ шалгаж байв. Хийж буй ажилдаа төвлөрсөн тэднээс үйлчилгээ болон үнийн талаар асууж байтал микро автобус жолоодсоор орж ирсэн хүн бол “Сэдэн” төвийн захирал Т.Бат-Эрдэнэ аж. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Автомашины засварын үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?

 

-Үнэтэй машиныг үнэтэй, хямдхан машиныг боломжийн үнээр л засварлана. Жишээ нь, цоо шинэ “Ланд 570”-тай хүн ирээд куперээ 50 мянган төгрөгөөр янзлуулна гэж байхгүй.  250 сая төгрөгийн үнэтэй машин унасан хүн мэдээж түүнийгээ засуулахын тулд чанартай сайн, цэвэрхэн юм хийж өг гэж шаардана. Харин хөдөө орон нутгаас ирсэн иргэд машинаа засуулах гэхэд өөдөөс нь өндөр  үнэ хэлээд сууж байж болохгүй биз дээ. Боломжийн үнээр л хийж өгөхийг бодно. Ямар ч ажилд зарцуулж байгаа материал, цаг хугацаа, үйлчилгээний хөлс шингэнэ. Автомашины ченжүүд бол тогтсон үнэ ханштай. Тэр машин хашаанаас гарах үнэ, борлуулах үнэ, ашгаа тооцоод бидэнд “Ийм үнээр янзлуулмаар байна” гэж гуйдаг. Тэгэхээр автомашин засёах үнэ лангуун дээр байдаг бараа, талх шиг тогтсон үнэтэй  байдаггүй юм.  

 

-Одоо иргэдийн хувьд хамгийн түгээмэл хэрэглэж байгаа “Prius” маркийн автомашины хаалган дээрх сэвийг гаргуулахад хэдэн төгрөг болох вэ?

 

-“Prius”-ийн хаалга янзлахад үнэ нь янз бүр. Ойролцоогоор 120-150 мянган төгрөг. Хаалгыг нь солиод будах, замаск тавьж сэвийг нь гаргаад будах хоёр чинь өөр шүү дээ. Сувдан цагаан өнгөтэй бол үнэ нь өснө гэх мэт.

 

-Танай засварын төвд  үйлчлүүлэгч хэр их ирдэг вэ?

 

-Манайх үйлчлүүлэгч олонтой. Байгуулагдаад 10 жил болж байна. Анх автомашины ченжүүд их ирж үйлчлүүлдэг байсан  бол одоо хөдөлмөрчин ард түмний машиныг л засаж байна. Үйлчлүүлэгчдийн хувьд жолооч нар хоорондоо мэдээлэл солилцдог. Таньдаг мэддэг нэгнээсээ сонсоод л ирдэг байх. Үйлчлүүлэгч их ирж байна гэдэг сэтгэлд нь хүрсэн болоод л тэр биз.

 

Тэрээр анх 10 жилийн өмнө БНСУ-д “Сэдэн” автозасварын сүлжээ компанид 20 мянган ам.доллараар суралцан энэ мэргэжлийг эзэмшиж  ирээд засварын  төвөө байгуулж байжээ. Энэ нь тухайн үед Монгол хүн анх удаа Вьетнамтай өрсөлдөхүйц  хэмжээний засварын төвийг нээж байсан байна. Тэрээр ажилчдынхаа ур чадварын тухай зарим нь анх юу ч мэддэггүй хүүхдүүд л ажилд орж байсан. Тэгээд бага багаар дадлагажсаар байгаад одоо гаршсан. Цалингийн хувьд анх 600 мянгаас эхлээд явж байсан залуус маань өнөөдөр 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай болсон. Өнөөдөр манайд 8 хүн ажиллаж байгаагийн хамгийн бага хугацаанд ажилласан нь л гурван жил  болсон” хэмээн ярив.  

 

Бүх вьетнам засваруудын хувьд үйлчилгээний үнэ адилхан

 

 

“Сэдэн” засварын төвтэй хаяа дэрлэн “Викторланд сервис” ХХК-ийн “Вьетнам авто засвар ”5-6 жил болж байгаа аж. Тус засварт биднийг ороход нэг л бүүдгэр орчин угтсан юм. Тэнд гурван вьетнам, нэг монгол засварчин ажиллаж байлаа. Гаражийн үүдний хажуу дахь жижиг цонхтой өрөөний үүд нь онгорхой, дотор нь вьетнам засварчин сууна. Эндээ байрлаад ажиллаж, амьдардаг бололтой. Гаражийн цаад талын хананд угаасан хувцас өлгөөтэй байлаа. Үүдэнд байсан вьетнам засварчин биднийг хараад монгол залуу руугаа гараараа заан “Ярилц” гэж байгаа бололтой дохив. Нөгөө үүдэнд байсан Вьетнам засварчин ч гэсэн өрөөнөөсөө гарч өөр нэг машины дэргэд лаазтай лак аван очиж ажилдаа оров. Бид тус засварын газрын Монгол засварчин Н.Батаатай ярилцлаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх