Өөрийгөө занданшуулсан лам “бүрмөсөн амьсгал хураагаагүй” гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 04

ЛОНДОН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон өөрөө өөрийгөө хатааж занданшуулсан ламын шарил нь түүнийг олж илрүүлсэн хүмүүсийг гүн бодолд автуулан гайхшруулсаар байна.

“Өөрийгөө занданшуулсан лам очир завилгаагаар суусан байдалтайгаар олдсон. Энэ лам ховсын аргаар гүн бясалгал хийж байгаа бөгөөд бүрмөсөн амьсгал хураагаагүй” гэж буддын шашны томоохон лам нар үзэж байна.

Үхрийн ширэнд боосон энэ занданшуулсан шарилыг Монголын нутгийн төв хэсгээс олсон бөгөөд одоо Улаанбаатарт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд судлан шинжилж байна.

Занданшуулсан шарил хэрхэн ингэж сайн хадгалагдсан учрыг эрдэмтэд хараахан тогтоож чадаагүй байгаа ч Монголын хүйтэн цаг агаартай холбоотой байж магадгүй гэж тэдний зарим нь үзэж байна.

Харин Түвдийн шашны удирдагч Далай ламын эмч, доктор Бэрри Кэрзин “Siberian Times” цахим хуудаст бичсэнээр бол “Энэ лам үхэл, амьдралын хоорондох замыг гэтлэх “тукдам” хэмээх бясалгалыг маш ховор хэлбэрээр үйлдэж байгаа" ажээ.

“Хэрвээ бясалгагч ийм хэлбэрээр цаашид бясалгасаар байвал бурхан болох ч боломжтой” гэж доктор Керзин ярьсан байна.

Энэ занданшуулсан шарилыг нэгэн этгээд хулгайлан хар зах дээр зарах гэж байхад нь илрүүлсэн юм.

Монголын цагдаа нар уг этгээдийг баривчилсан бөгөөд занданшуулсан шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Мөнхийн шүтээн

Өөрийгөө занданшуулсан энэ лам хэн болох нь тодорхой бус байна. Гэхдээ түүнийг Итгэл хамбын багш нь байж магадгүй гэсэн таамаг бий. Итгэл хамба мөн адил өөрийгөө бясалгалын аргаар занданшуулсан билээ.

“Би ертөнцийн мөнх бусыг үзэх гэж байна. Миний шарилыг 30 жилийн дараа ухаж гаргаарай” гэж Буриадын Итгэл хамба 1927 онд шавь нартаа захисан гэдэг.

Үүний дараа тэрбээр очир завилгаагаар суун бясалгаж эхэлснээр таалал төгссөн юм.

Ингээд хэлсэн ёсоор нь түүний шарилыг ухаж гаргахад бие нь хэвээр байсан ажээ.

Зөвлөлтийн засаг захиргаа хөндлөнгөөс оролцож болзошгүй гэж болгоомжилсон сүсэгтнүүд түүнийг дахин оршуулсан байна. 2002 онд дахин ухаж гаргахад түүний шарил урьдын хэвээр байсан юм.

Дараа нь түүний шарилыг нэгэн хийдэд байрлуулснаар сүсэгтнүүд залбирч мөргөдөг болжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх