Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 05
・ 1
Идэр есийн жавар тачигнасан өвлийн өглөө дөрөв, тавхан настай болов уу гэмээр жаахан хүү дотуур өмднөөс өөр хувцасгүй, холхиндог угласан муу гуталтай гэр хорооллын гудамжаар гүйж явна. Нүүрээ даран гомдож цөхөрсөн шинжтэй эхэр татан мэгшиж байгаа нь зурагнаас сонсогдох шиг.
Ийм эмгэнэлтэй, элэг эмтрэм зургийг олон нийтийн сүлжээнд харсан хүн бүхэн халаглан шогширчээ. Тав тухтай орчинд, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал дунд эцэг эхийнхээ халамж хайранд өлгийдүүлэн байх ёстой энэ жаахан хүү яагаад ийнхүү өвлийн жавар дундуур нүцгэн гүйх болов. Ар гэрт нь ажилгүй, архичин, арчаагүй, дарамтлагч эцэг эх, зодуур тамлал, өлсгөлөн, хүнд хэцүү нөхцөл орчин байсан байж таарна. Тоглож наадаж, эрхэлж туниж элбэг хангалуун өсөх ёстой балчирхан насандаа ингэж зодуур, харгислал амссан хүүхэд том болсон хойноо ч зүрхэндээ шархтай, сэтгэлдээ нулимстай, хэзээ ч арилахгүй гомдолтой үлдэнэ. Хүүхдийн нулимс хатдаггүй юм.
Хүний тархи хоосрохтой зэрэгцэн тэрхүү орон зайд ухаангүйтэл, зэрлэгшил, адгууслаг орь хүсэл, өшөө хорсол, уур хилэн л дүүрдгийн жишээ энэ. Адгуус амьтан хүртэл амиа золин байж үр төлөө хамгаалдаг байтал ухаант хүн үр хүүхдээ ийнхүү харгис зэрлэгээр тарчлаан зовоож байгаад хэлэх муу үг олдохгүй нь.
Мөнгө, эрх мэдэл, албан тушаалд нүдээ таглуулсан эрх баригчид, төрийн түшээд, улстөрчид улс орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангаж чадаагүйнхээ төлөө уучлал гуйх цаг болжээ. Амь амьдралыг нь залгах алаг үрсээ ийнхүү хэрцгийлэн тамлаж байгаа нь өнөөгийн нийгэмд хүн хэрхэн зэрлэгшсэний илрэл.
Дэлхийн гуравдугаар дайн монгол гэр бүлд өрнөж байна. Үүний эсрэг дорвитой тэмцэж чадахгүй байгаа нүдэн балай, чихэн дүлий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газар гэж байх хэрэг байна уу. Ер нь хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байгууллага Монголд байна уу. Засгийн газрын харьяа агентлагийн Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, удирдлага, ажилтнууд Монголд хүүхдийн эрхийн зөрчил ийм хурц, ноцтой хэмжээнд хүрчихээд байхад түүнийг таслан зогсоох арга хэмжээ авч чадаагүй байж ямар нүүрээрээ ажил хийсэн гэж цалин авч суудаг юм бол оо.
Хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчид, багш нарынхаа гарт өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байхад Хүүхдийн төлөө үндэсний газар тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагууд дорвитой алхам хийгээгүй. Өнгөрсөн 2014 онд хүүхдийн эрх чөлөөнд халдсан, амь насыг нь бусниулсан ноцтой хэрэг цөөнгүй гарсан. Төрсөн эцэг нь хоёр настай охин, найман настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон, хүний бяцхан үрсийг хүмүүжүүлж, асран хамгаалах үүрэг хүлээсэн багш нар уурын мунхагаар гарынхаа чилээг шавь нартаа гаргасан, балчирхан хүүг өмдөндөө нойтогносны төлөө шодойг нь түлж шийтгэсэн гээд олон хэрэг олны сонорт хүрсэн билээ. Тэр бүх тохиолдолд Хүүхдийн төлөө үндэсний газар тэргүүтэй байгууллагууд чив чимээгүй өнгөрсөн. Харин НҮБ-аас тэдэнд хүүхдийн эрхийг хамгаалах талаар удаа дараа сануулга, зөвлөмж ирүүлж байжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангаас өнгөрсөн оны эхээр гаргасан “Дэлхийн хүүхдийн аж байдал” тайланд “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл Монгол Улсад газар авсан нь нийт хүүхдийн 45 хувь нь гэр бүлдээ хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааны дүнгээс харагдаж байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь ихэнхдээ нуугдмал, хаалттай хаалганы цаана үйлдэгдэж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хүчирхийллээс ангижрах боломжийг боогдуулж байна. Ийнхүү хүүхдийн эсрэг хүчирхийлэл бусдад үзэгдэж сонсогдохгүй өнгөрч, энэ талаарх мэдээлэл дутуу гарч байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд дан гац бие махбодийн хувьд хохироод зогсохгүй, сэтгэл зүйн хувьд шарх авч, улмаар тэдний хөгжил, бие махбодь, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг” хэмээн онцлон дурджээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.