Эх оронч гэдэг нь хулгай хийхийг хэлдэггүй юм

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 06
 
Хотын дарга Э.Бат-Үүл вьетнамчуудыг өмөөрчээ гээд л цахим ертөнцөөр шуугиж гарлаа. Улсын нийслэлийг удирдаж байгаа муу зөнөг, улс орноо бодохгүй л гэнэ. Өөрөө вьетнам юм байлгүй муу п...... гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр хотын даргаа хараажээ. Ардчилал гэж ийм сайхан.

Амтай бүхэн нь аль муухай үгээр нэгийгээ “бузарлаж” болдгийг ардчилал гэж ойлгодог болохоор яалтай ч билээ. Уг нь хотын дарга маань ёстой л хотын дарга шиг асуудалд хандсан юм билээ. Вьетнам иргэдийг харааж зүхэж суугаа монголчууд өөрсдөө харь улсад ажил хөдөлмөр эрхэлдэг биз дээ гэж асуужээ, Үүл дарга маань. Солонгост хэдэн мянгаараа ажиллаж байгаа залуус маань охидуудтай уулзлаа гээд тэр улсын залуус босч байна уу гэж асуув.

Японы сумо бөхийн дэвжээг эзэгнэлээ гээд тухайн улсын иргэд бухимдаж байна уу гэдгийг сэтгүүлчээс сөргүүлэн асуусан байна. Хотын даргатай санал нэг байгаа хүн надаас өөр олон байгаад итгэлтэй байна. Монголчууд гадагшаа очоод хар ажил хийж байгаа. Тэд бүгд л вьетнам иргэдийн адил хар бор ажил хийж, амьдралын төлөө зүтгэж явдаг. Нэг солонгос бүсгүйтэй уулзаж шоудлаа гээд нийтээрээ очиж зодно гэж солонгосчууд ярьдаггүй нь сайхан юм.

Уурлаж бухимдсандаа очоод утсыг нь дээрэмдэж, мөнгийг нь хулгайлдаг гэж сонсч байсангүй. Ингэлээ гээд вьетнамчуудыг өмөөрөх гэсэнгүй. Адгуус мал шиг аашилж, Монгол Улсыг хуульгүй юм шиг зан гаргаж, хацар гоо охидыг маань халаасандаа байгаа хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа тэднийг зөвтгөх гэсэнгүй.

Хэн нэгний хэлээд байгаа шиг захиалгаар ийм зүйл бичих ч бодол алга. Гэвч бид ийм асуудалд учиртай хандаж сурмаар байна. Зөв буруугаа ялгаж хэнийг эх оронч гэж нэрлэх вэ гэдгээ ойлгохсон. Хэн нь худлаа хөөрцөглөсөн, дуулианыг далимдуулж дарамт учруулж мөнгө салгах гээд байна вэ гэдгийг ялгах сурах цаг болж.

Аль ч улс оронд хараар ажиллаж амьдарч байгаа иргэд хууль бус үйлдэл гаргавал тухайн улсын иргэд цагдаад гомдол гаргадаг. Цагдаа гомдлын дагуу очиж мэдээлэл үнэн эсэхийг шалгадаг бөгөөд хууль бус үйлдэл гаргавал улс руу нь албадан буцаах, эс бөгөөс мөнгөн торгууль ногдуулж, зохих ёсны ял ногдуулдаг.

Цагдаагийн байгууллага фэйсбүүкээр цацсан зураг гэхээс илүү иргэдийн мэдээлэлд тулгуурлан шалгадаг, хянадаг журамтай. Гэтэл цахим ертөнц тэр чигээрээ вьетнамчуудыг хараан зүхэж, хэдэн зуун мянгаараа лайк, шэйр хийсэн монголчуудаас маань нэг нь ч цагдаагийн байгууллага руу өргөдөл бариад очоогүй байгаа юм. Ийм л эх орончидтой улс. Комьютерийн цаанаас ална тална, хууль зөрчсөн, муу сайн цагдаа нар юу хийгээд байгаа юм хэмээн сүржигнэх атлаа вьетнам иргэдийг шалгаад өгөөч, тэд ямар зөвшөөрлөөр энэ улсад ажиллаж амьдарч байна вэ.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх