Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр Л.Бямбасүрэн суллагдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 09

 

 

“ETV” телевизийн уран бүтээлчдийн хийсэн “Төөрөлдсөн тавилан” баримтат нэвтрүүлэг оны өмнө цэнхэр дэлгэцнээ гарч олны сэтгэлийг баярлуулж, үзсэн хүн болгон нулимс дуслуулж суусан цаг саяхан.

Тодруулбал, уг нэвтрүүлгээр 33 жилийн өмнө алс хол Баян-Өлгий аймагт айлд өргөгдсөн Мөнхзаяа хүү, хорих ангид ял эдэлж байгаа төрсөн ээжтэйгээ уулзсан билээ. Хүний амьдралын эрээн бараан, жаргал, зовлонг баримттайгаар өгүүлсэн уг нэвтрүүлгийн гол дүр болох Л.Бямбасүрэн өдгөө 59 настай. Тэрбээр 2004 оны есдүгээр сард аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрснээр өнөөг хүртэл торны цаана суусан ажээ.

Харин түүнд шүүхээс эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангид зааснаар 18 жилийн хорих ялаар оноосон байдаг. Түүнийг  яагаад хүн амины хэрэг үйлдэх болов гэдэг асуултад тус нэвтрүүлэг бүрэн хариулт өгсөн. Энэхүү баримтат нэвтрүүлгийг үзсэн хүн болгон Л.Бямбасүрэнд өршөөл үзүүлээсэй хэмээн хүсч байсан биз ээ.  Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Л.Бямбасүрэнд уучлал үзүүллээ.

Л.Бямбасүрэнг эдлээгүй үлдсэн хорих ялаас нь бүрэн чөлөөлснөөр ийнхүү эрх чөлөөтэй болж байгаа нь сайхан явдал. Олон түмэн Ерөнхийлөгч нүдээ олсон өршөөл хэмээн ам сайтай байна. Хүйн холбоотой ээж, хүү хоёр өдгөө хамтдаа амьдрах болсон сайхан мэдээг дуулгаж буйдаа баяртай байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “Монгол Улсын үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харъяат, регистерийн дугаар .......... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 407 дугаар ангийн ялтан, Боржигон овогт Лүндэнгийн Бямбасүрэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсүгэй. Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж” гэжээ.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх