“Шийдлийн” Засгийн газар байгуулагдсанаас хойш улс төрийн нам эвслүүд сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараа томилох асуудлаар хоорондоо “цусгүй дайн” өрнүүлсээр л. Энэ дайн хоёр сар гаруй үргэлжилсэн ч төрийн нарийнуудаа ч бүрэн томилчихож чадаагүй сууна.
“Шийдлийн” Засгийн газарт 20 сарын хугацаа байгаа гэж тооцвол үндсэндээ бүрэн эрхийн хугацааных нь 1/10 хувь нь өнгөрчихөөд байхад халаа сэлгээтэйгээ зууралдсаар, салан задгай байдалтай сууцгааж байх. Төрийн нарийн гэдэг бол яамны гал тогоог хариуцдаг хамгийн чухал албан тушаалтан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл томилж чадаагүй сонгон шалгаруулалт нэрийн дор хор найруулж байгаа дуулдана. Зарим нэг Төрийн нарийн бичгийн албан тушаал дээр ганц нэгхэн хүн зоочихоод, сонгон шалгаруулалт гэсэн тайлбар хэлж суугаадаа дүгнэлт хийхсэн.
Томилж чадахгүй байгаа шалтгаан нь өнөөх л “намуудын зөвшилцөл”. Удирдлагууд нь томилогдсон “элэг бүтэн” яаманд ч гэсэн асуудал үргэлжилсээр. “Сайд нь төрийн нарийндаа дургүй байгаа гэнэ”, “Төрийн нарийн нь сайдаа үл тоож байна”, “Газар хэлтсийн дарга нар “улс төрийн тохироо нэрээр мэдлэг чадваргүй хүмүүс толгой дээр ирээд суучихлаа” гэж дургүйцэж байна” гэх мэт хов жив өрөөнөөс өрөөнд хэсүүчилсэн байдалтай болоод удлаа. Ядахад төсвийн байгууллагын орон тоог 15 хувиар танах сургаар би хасагдах жагсаалтад орох болов уу, хэн томилгоонд орж, хэн нь гудамжинд гарах бол гэх айдсаасаа болоод төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүй байгаа. Яамны халаа сэлгээ хэрээс хэтэрч, сайдын баг бүрдэх хүртэл дахиад хэдэн сарын хугацаа орохыг таах аргагүй.
Намаар ялгаварлагдаж ажлаас халагдсан албан тушаалтнуудын тоо хэрээс хэтэрсэн. Н.Алтанхуягийн үед ажилтай байсан хүмүүс бүгд шахуу гудамжинд гарсан учраас аргаа барсан экс сайд өөрийнхөө фракцийн гишүүн Ч.Сайханбилэгт шаардах бичиг хүргүүлж, АН-ын бүлэг дээр асуудал болгон хэлэлцэж байх жишээтэй. “Шударга ёс” эвслийн бөөрөнд наалдаж өнгөрсөн гурван жил ажилтай байсан хэсэг бүлэг МАН засагт орсноор жийгдэж жирэмсэн, ээлжийн амралт, 15 хувийн цомхотгол нэрээр ар араасаа ажлаасаа хөөгдөж эхэлсэн учраас эвсэл хүртэл Засгийн газраас гарна гэх ээлжит шантаажаа явуулахад хүрлээ.
Асуудал улам бүр хүчээ авч байна. Халагдах цэргийн вальс гэдэгчлэн халагдах өдрөө хүлээж, твиттер фэйсээр төр засгаа занасан зүхсэн төрийн албан хаагчид яамдаар дүүрчихэж. Ганц нэгхэн шинэ яамд ажлаа эмхэнд нь оруулах гэж ажиллаж байгааг эс тооцвол халаа, сэлгээ хийгдэхийг хүлээсэн, хол ойрын хов жив хутгасан хүмүүс л байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа УИХ-д өргөн барьсан Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх хуулийн төсөлд яамдын тоог дөрвөөр бууруулж, орон тоог 30 мянга хүртэлх тоогоор цомхотгоно гэсэн заалт байсан нь яамдыг нэг хэсэг сул зогсолт хийх шалтгаан болсон юмдаг.