Амьтдын тухай “сонирхол татам” баримтуудаас

Бусад ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 10
Дэлхий дээр сонирхол татам маш олон нууц бий. Эдгээрээс та бүхэндээ амьтны ертөнцтэй холбоотой зарим анхаарал татахуйц баримтуудаас дэлгэж байна. Магад зарим амьтдынх нь амьдралын хэв маяг танд нэгийг бодогдуулах нь лавтай...
 
Дэлхийд нэн ховорт тооцогддог хулсны баавгай нь өдөрт 14 - 16 цагийг хулс идэж өнгөрүүлдэг бөгөөд улирлаасаа шалтгаалж өөр өөр төрлийн хулс иддэг гэнэ. Нас бие гүйцсэн хулсны баавгай нь дөнгөж төрсөн төлөөсөө 900 дахин том байдаг. Дөнгөж төрсөн хулсны баавгайн үр төл аяга цайтай тэнцэхүйц хэмжээний буюу ердөө 100 гр жинтэй байдаг байна.
Дэлхий дээр 25 гаруй төрлийн үнэг байдаг. Эдгээрээс хамгийн жижигхэн (1 кг гаруйхан жинтэй) нь Фенек буюу цөлийн үнэг юм. Тэдний биеийн хамгийн онцгой хэсэг нь үсэрхэг савар нь байдаг. Энэ нь тэднийг цөлийн халуунаас хамгаалж сэрүүцүүлэхийн зэрэгцээ хүйтэнд биеийн дулааныг нь хадгалдгаараа онцлогтой.
Цасны барс буюу ирвэс нь Төв ба Өмнөд Азийн нутгаар амьдардаг нэн ховордсон амьтдын нэг билээ. Цасны барс нь хаана ч явсан сүүлээ амандаа зууж байдаг. Сүүл нь тэдний хувьд биеийн тэнцвэрийг нь хадгалах, тарга тэвээргийг нь хуримтлуулахаас гадна нүүрээ дулаацуулахад нь хамгийн хэрэгтэй эрхтэн нь юм. Хүнээр бол хөнжил л гэсэн үг.
Амьтан бүр өөр хоорондоо харилцах дохионы өвөрмөц хэлтэй байдаг. Тэгвэл Мюнхений их сургуулийн эрдэмтэн Карл Фон Фришийн олж мэдсэнээр балт зөгийнүүд нь хоорондоо бүжгийн хөдөлгөөнөөр ойлголцдог ажээ. Ажилчин зөгий тоос хүртээхэд тохиромжтой гоёмсог цэцэг олчихвол бусаддаа мэдэгдэхийн тулд бөгсөн биеэ годгонуулдаг байна.
Хүн бүрийн хайрыг татдаг амьтдын нэг нь мэдээж оцон шувуу. Оцон шувууд насан туршдаа ганцхан ижилтэйгээ л амьдардаг бөгөөд дурласан нэгэндээ хайргаар сэтгэлээ илэрхийлдэг. Ингэхийн тулд эрэгчин нь сэтгэлтэй оцон шувуундаа таалагдахуйц хамгийн гөлгөр, хамгийн гоёмсог хайргыг хайдаг. Ингээд хайргаа сэтгэлт оцон шувуундаа өгснөөр нэг ёсондоо сэтгэлийг минь хүлээн авч, надтай гэрлээч гэсэн санааг илэрхийлдэг ажээ.
Уэльсээс гаралтай корги нь богино хөлтэй одой үүлдэрийн нохой билээ. Тэдний биеийн өндөр 25.5 см - 30.5 см байдаг. Тэгвэл тэдэнтэй ижил биетэй буюу богино хөлтэй намхан үүлдэрийн муур ч бас байх ажээ. Энэ бол генийн мутацын нөлөөгөөр бий болсон “The Munchkin Cat” юм.
Өдөлж гүйцээгүй өхөөрдөм дэгдээхийнүүд 24 - 30 гаруй төрлийн авиагаар өөр хоорондоо харилцдаг гэнэ. Энэ үзэгдэл тэднийг өндгөндөө байхад нь хүртэл болдог юм.
Боксчин хавч гэж нэрлэдэг энэ хавч нь дэлхийн хамгийн жижигхэн хавчны төрөл зүйл юм. Гол төлөв 13 мм - 2.5 см хүртэлх биетэй байдаг энэ амьтан махчин амьтдаас биеэ хамгаалах зорилгоор, мөн идэш болох амьтныхаа анхаарлыг татахын тулд спортын хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч шиг аяглах нь бий. Тэднийг амьд үлдэх эсвэл идэш хоолоо олж идэхэд нь сагсгар савраараа даллах хөдөлгөөн онцгой үүрэгтэй байдаг.
Дэлхий дээр 22.000 гаруй төрөл зүйлийн шоргоолж амьдардаг. Эдгээр шоргоолж нь харагдах байдлаараа харилцан адилгүй ч амьдрах хэв маягийн хувьд ижил төстэй зүйл олон бий. Тухайлбал тэд маш эелдэг амьтан юм. Тэд хоорондоо зөрж өнгөрөх болгондоо жижигхэн толгойгоо байнга л бөхийлгөж мэндэлдэг байна.
Хэрэм бол хамгийн хайр татам амьтдын нэг билээ. Хайр хүргэм төрхөөс гадна хүний сэтгэлийг хөдөлгөсөн олон сайхан чанар тэдэнд бий. Тэд нөөцлөж буй самраа хаана хадгалснаа мартдаг ч хайрлахыг хэзээ ч мартдаггүй. Тэд эцэг эх нь нас барж өнчирч хоцорсон хэрэмнүүдийг үрчилж авч өсгөдөг гэнэ.
Дельфин нь амьтны ертөнцийн хамгийн ухаантай амьтан юм. Эмори их сургуулийн амьтан судлаач Лори Мариногийн тэмдэглэснээр дельфин усанд живж байгаа олон хүний амийг аварчээ. Хамгийн ухаантай, хамгийн тусч дельфинүүд усанд осолдож байгаа хүмүүсээс гадна махчин загасны дайралтад өртөхөө шахсан мянга мянган хүний амийг аварч байжээ.
Дэлхий дээр хошуун дээрээ эвэртэй шувуу олон бий. “Buceros Bicornis” хэмээх шувуу нь хамгийн томд тооцогддог төрөл нь бөгөөд Зүүн Өмнөд Азид амьдардаг. Хүн төрөлхтөн ч гэлтгүй араатан, жигүүртний амьдралд эмэгчин нь гол төлөв үр төлөө өсгөж хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэдэг ч энэ шувууны хувьд эсрэгээрээ байдаг. Тэд хариуцлагаа ухамсарлаж үр төлөө хамтран өсгөдөг бөгөөд магад эмэгчнээсээ илүү халамжтай хамгийн сайн эцэг байж чаддаг ажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх