Амьдрал хэцүү гээд алгаа дэлгээд суугаагүй эхчүүд УИХ-ын гишүүдэд захидал явуулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2015 02 сар 10

"Нэг унага дөрвөн ээж" гэх зураг цахим ертөнцөөр тарсанг уншигч та бүхэн санаж байгаа бизээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг, ажил хийх боломжгүй ээж нар нийлж чихмэл унага оёдог бөгөөд нэг унагыг дөрвөн ээж нийлж бүтээдэг байна. Тэгвэл эдгээр ээж нар УИХ-ын гишүүдэд хандан захидал бичсэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Сайн байна уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг “Ээлтэй Ертөнц” ТББ-аас таньтай холбогдож байна. Бид амьжиргааны төвшин доогуур, хүүхдээ асран гэртээ суугаа ээжүүдийг түр ажлын байраар хангах зорилгоор хоёрдох жилдээ зөөлөн тоглоом бамбарууш хийж байгаа юм. Энэ жил бид 250 ширхэг бамбарууш хийж борлуулж байна. 15 000 төгрөгөөр үнэлсэн “Хайрын бамбарууш”-ийг худалдан авч бидэнд туслаарай. Хөдөлмөрөө үнэлүүлсэн, амьдрал хэцүү гэж зүгээр суугаагүй ээжүүдийг урамшуулаарай” энэ бол зөөлөн тоглоомыг дөрөвдэх жилдээ үйлдвэрлэж байгаа монгол эмэгтэйчүүдийн чин сэтгэлийн захидал. Үүнийг 2012 онд УИХ-ын 76 гишүүд илгээсэн бөгөөд 3 хүн л тэдэнтэй холбоо барьж 5-10 ширхэгийг худалдан авсан байдаг.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе хэмээн эхнээсээ уриалж байгаа эрхэм гишүүдэд тэд хоёрдох удаагаа өнөөдөр захидал хүргүүлжээ. Захидалд:
“Сайн байна уу? Бид Монгол брэнд бий болгох зорилгоор зөөлөн тоглоом хийж байгаа юм. Энэ үйлст ажил эрхлэх боломжгүй гэртээ суугаа ээжүүд нэгдэн оролцдог бөгөөд УИХ-ын гишүүн таньд хандан үндэсний үйлдвэрлэлээ дэмжин бидний хийсэн зөөлөн тоглоом Унаганаас худалдан авахыг санал болгож байна. Нэг тоглоом авахад 4 хүний хөдөлмөрийг үнэлэх болно. Сар шинийн өмнө амьдрал хэцүү гээд алгаа дэлгээд суугаагүй эрхэм бүсгүйчүүдийг дэмжээрэй баярлалаа” гэсэн байна.
Гурван жилийн өмнө гурван гишүүн тэдэнд хариулсан бол өнөөдрийн явуулсан захидалд хэд нь хариулж, хэдэн тоглоом бэлгэнд авах бол. Дашрамд дуулгахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрангаа өрхийн үйлдвэрлэл болгон бүтээж байгаа тоглоомоо тун удахгүй брэнд болгон гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.
УИХ-ын эрхэм гишүүн тус бүр ядаж өөртөө өрөөндөө тавихаар нэгийг ч болов худалдан авч бүтээлч бүсгүйчүүдийг дэмжинэ гэж найднам.
Үргэлжлэл бий.....


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх