“Мобиком”-ын ээлжит булхайг илрүүллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 11

ШӨХТГ-аас хэд хэдэн асуудлаар мэдээлэл хийлээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд гарсан зөрчил, зарим компани үнэ тогтворжуулах гэрээний мөнгийг завшсан, Мобиком хэрэглэгчдээ хохироож байгаа асуудал, МУИС оюутнуудаас хууль бус төлбөр авдаг байсан зэрэг асуудалд хяналт шалгалт хийсэн байна.
 

“Таван богд трейд”, “Пума” зэрэг компаниудын тендерт оролцох эрхийг хасна


ШӨХТГ, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн үнэ тогтворжуулах гэрээний биелэлтийг шалгажээ.

Шал­галтаар гэрээний үүргийг зөрчиж, хөнгөлөлттэй зээлээр авсан мөнгөө хууль бусаар зарцуулж ашиг олж байсан компаниудыг илрүүлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 131 тэрбум 622 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон аж. Үүнээс цемент 41 тэрбум 972 сая, ган туйван 89 тэрбум, 650 сая төгрөг байжээ. Шалгалтаар  “Таван богд трейд”, “Кью эс си”, “Пума” ХХК зэрэг гурван аж ахуй нэгж гэрээний үүргийг ноцтой зөрчсөн болохыг тогтоожээ. Эдгээр компаниуд нь гэрээний үүргийг зөрчиж цемент, арматур огт оруулж ирээгүй байсан аж. Мөн “Монос констракшн”, “Мост интернешнл”, “Очир ням”, “Орд гео”, “Монтул”, “Бүрд констракшн”, “Төмөр транс” ХХК зэрэг долоон аж ахуй нэгж хөнгөлттэй зээлийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлтэй зээлийг компани эргэлтийн хөрөнгөөр зарцуулсан байжээ.  Харин “Анимук”, “Мөнгөн балгиа”, “Энх дөлгөөн далай”, “Баялаг говь”, “БОСБД”, “БТТ Инженеринг” ХХК гэсэн зур­гаан аж ахуйн нэгж гэрээний биелэлт, тайлангаа огт гаргаж өгөөгүй, зээлийг ямар зүйлд зарцуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс  гэрээний үүргээ зөрчсөн 16 компанид хариуцлага тооцох тухай хүсэлтийг ШӨХТГ-аас холбогдох байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зээлийн хүүгээр тооцон тө­лүүлэх, тендерт оролцох эр­хийг хасах арга хэмжээг ава­хаар төлөвлөж байгаа юм байна.
 

“Мобиком” хэрэглэгчдээ хохироож байжээ


“Мобиком” корпораци ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргажээ. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүдийг тогтоосон байна. Үүнд, “Мобиком” корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.

Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ний­цээ­гүй буюу холбогдох хууль тог­тоомж зөрчсөн. Мөн хэ­рэг­лэгч­тэй байгуулдаг гэ­рээнд Иргэний хуулиар тог­тоо­сон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний та­сал­дал, доголдлын улмаас үүс­сэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэ­рээнд  өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэ­дээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулжээ. Түүнээс гадна, хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон аж.

Тухайлбал,  хэрэглээ нь 300 мянган  төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мессежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг байна. Тиймээс хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоо­сон зөрчлийг арилгахыг “Моби­ком” корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаард­лагаар үүрэг болгож хэрэг­лэгчдийг хохиролгүй болго­хоор ажиллаж байгаа ажээ.
 

МУИС-д шилжин суралцахад нэмэлт төлбөр төлөхгүй боллоо


МУИС-ийн шилжин суралцсан оюутнаас шилжилтийн төлбөр авч буй үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийжээ. Өөрөөр хэлбэл, шилжин с­у­ралцсан нэг оюутнаас 583.500-аас гурван сая хүртэлх төг­­рө­гийг шилжүүлсэний төл­­бөр болгож авдаг байсан гэсэн үг. Уг үйлдлийг Улсын байцаагчийн дүгнэлтээр хууль бус хэмээн үзэж, улмаар албан шаардлагыг тус сургуульд хүргүүлсэн байдаг.

Гэтэл  МУИС-ийн зүгээс эсэргүүцэн ШӨХТГ-ын улсын байцаагч хууль бус шийдвэр гаргалаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. МУИС-ийн нэхэмжлэлтэй хэргийг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд шилжин суралцах хүсэлт гаргасан нэг оюутнаас гурван сая төгрөг хүртэлх төгрөг авч байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргасан аж.  Харин ШӨХТГ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлын дагуу уг захиргааны хэргийг өнгөрсөн нэгдүгээр дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх