Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 15
Үндэсний босоо бичгээ хамгаалах, түүний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр жил ярьсан Монгол хэлний тухай хуулийн төслөө 2014 оны тавдугаар сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлж энэ оны хоёрдугаар сарын 12-нд эцэслэн батлагдлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүтэй зургаан гишүүн 2025 он гэхэд монголчууд бүгдээрээ хос бичигтэн болох хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Даяаршиж буй өнөөгийн нийгэмд англи хэлийг сонирхож судлах нь ихэсч, эх хэлээрээ зөв бичиж чадахгүй байгаа нь үнэн. Хэлний хэдэн эрдэмтэн дур зоргоороо аашилж нэг үгийг хэдэн янзаар хувиргаж байгаа гэдэг үүднээс Монгол хэлний тухай нэгдсэн хуультай болж эдгээрийг цэгцлэх цаг нь болсон уу гэвэл болсон.
Гэсэн ч хуулийн төсөл хэтэрхий дарамт шахалт учруулсан, өнөөгийн нийгмийн хөгжлөөс хойш татсан заалт олон байгаа юм. Монгол хэлний дүрмийг дур зоргоороо өөрчилж буй хэлний хэдэн эрдэмтнийг хэрхэн зохицуулах вэ гэдгийг оруулж өгсөнгүй. Нэг үгийг хэдэн өөр янзаар бичиж байгааг Монгол хэлний тухай хуулиар зохицуулах заалт нарийн тодорхой туссангүй. Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөл байгуулж, тэдгээр албан тушаалтнуудыг монгол хэлний үгийн санд хувьсан өөрчлөгдөж буй үгсийг ямар байдлаар бичих вэ гэдгийг батламжлах юм гэнэ.
Энэ мэт хэт хийсвэр алдаа дутагдалтай заалтууд тэр хэвээрээ батлагдчихлаа. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хаягаа уйгаржин бичгээр бичихгүй бол тэдэн төгрөгөөр торгох, аж ахуйн нэгж, иргэн уйгаржин бичгээр алдаатай бичвэл торгох, англи хэлийг гадаад хэл заах эрх авсан хувийн сургуулиас бусад ЕБС-иуд тавдугаар ангиас эхлэн заах зэрэг олон төрлийн алдаа мадагтай заалтууд хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөж багахан ч болов гэрэл гэгээтэй заалтуудтай болж чадлаа.
Мөн иргэн бүрийн журамт үүрэг бол монгол бичгээр бичих явдал, мөн бүх бичиг баримтыг монгол бичгээр буулгах асуудалд өмнөх салбарын сайдууд шүүмжлэл хэлж байв. Их, дээд сургуулийн дипломыг монгол бичгээр буулгах алдаа мадгийг засах мэргэжилтэнг бэлтгэж чадаагүйгээс маш их алдаа дутагдал гарч эрдэмтэн Ш.Чоймаагаар хянуулж байсан хэмээн БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр учирлаж байсан юм. 2016 онд ч асуудал бахь байдгаараа л үлдэх нь. Хуулийн төсөлд тунхагийн шинжтэй маш олон заалт байсны нэг нь эх хэлээ хайрлан хамгаалсан иргэн, аж ахуйн нэгжийг Ерөнхийлөгч шагнаж урамшуулах. Энэ заалт харамсалтай нь хэвээр үлдлээ. Хууль батлагдсанаар төр, төрийн албан хаагчид уйгаржин бичгээ түлхүү хэрэглэнэ.
Харин иргэд аль бичгээ сонгох эрх нь нээлттэй үлдэв. Хууль шууд хэрэгжээд босоо бичигтэн болох боломжгүй учраас 2025 оноос Монгол Улс гаргаж байгаа бүх шийдвэр, харилцаа, хичээл, бичиг баримт гээд бүхий л зүйлийг уйгаржин хийгээд кирилл бичгээр хослон хөтөлж байхаар болов. Ингэснээр 2025 он хүртэл бүх бичиг баримтаа бид хос хэлээр бичүүлж дахин шинэчлэн үйлдвэрлэх болж байна. Үүнд тодорхой хэмжээний мөнгө санхүү ч шаардагдах нь зүйн хэрэг.
Бид хос бичигтэн болох гэж 1950 онд, 1990 онд хоёр ч удаа оролдсон. Үүний үр дүнд кирилл бичгээрээ ч олигтой зөв бичиж чадахгүй, уйгаржин бичгээрээ ч дуудаж чадахгүй нийгмийн хэсэг бүлгийг бий болгосон. Магадгүй тэдний зарим нь өнөөдөр хэл уран зохиолын багш болчихоод уйгаржин бичиг зааж явааг ч үгүйсгэх аргагүй. Тэр утгаараа 2025 оноос хэрэгжинэ гэх тулган шаардалтыг алга болгох тухай асуудал хөндөгдөв.
Энэ утгаараа хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна хэмээн нэмж орууллаа. Ингэснээр төрийн албан хаагчид өнөөдрөөс эхлэн босоо монгол бичгээрээ бичихэд суралцана. Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл аль нэгээр нь бичиж хэвшихээр хуулийн төсөлд орлоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.