Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 15
Эртний Монгол шар зурхайн ухааныг өдгөө цагт түүчээлэн яваа М.Намрай гуайтай удахгүй золгох хонин жилийн өнгө төрх болон бусад зүйлсийн талаар товч ярилцлаа.
-Удахгүй хонь жил гарах нь. Жилийн өнгө таны зурхайд ямархуу бууж байна вэ?
-Миний зурхайн ном хэвлэлдээд удаж байгаа л даа. Монгол шар зурхайн шороон үхрийн шинж гэж байдаг юм. Шороо гэдэг нь дэлхий юм. Үхэр бол амьд амьтан. Ухаандаа, дэлхий, амьтан хоёрын харьцааг зааж хэлж өгдөг аргачлал юм. Үхрийг монголчууд эрт цагт сүр сүлдний билэгдэл гэж үзэж байсан. Үхэр монгол гэж ярилцдаг нь эндээс эхтэй. Үхэр Монгол гэдэг нь тэгэхээр тэнэг Монгол гэсэн үг биш. Цаад утгаараа дайчин Монгол гэсэн үг. Тэгэхээр хонин жилийн шороон үхрийг харахад бие нь улаан, толгой нь хөх, эвэр сүүл нь цагаан, шийр нь хар, ходоод омруу нь цагаан. Ийм үхэр сүүлээ баруун зүг шаравсан байрлалтай байна. Энэ жил зарим газраар гандуу байх шинжтэй. Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр сум, Чойр, Сүхбаатарын Эрдэнэцагаан сум, Дорнодын Тамсагбулаг хавиар гантай байж мэднэ. Бусад нутгаар бороо хуртай, өнтэй сайхан байна.
-Төр засаг тогтвортой байх уу?
-Шороон үхрийг хариулж яваа хүн бол ирээдүйн амьдарлын өрнөлийг илэрхийлэгч юм. Энэ хүн шар дээл өмссөн, хоёр гутлаа өмсөөд, олсон шилбүүр барьж, үс нь баруун чихнийхээ ар, зүүн чихнийхээ урдуур хийссэн, үхрийнхээ зүүн урд талд алхаж яваа байрлалтай байна. Улс төрийн өнгө төрхийг эндээс харж болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн хүн юм. Харсан тэнгэр нь болохоор богд сэтгэлтэй, таван баян, зургаан учрал гээд их сайхан шинжүүдтэй. Гэхдээ хамгийн хэцүү нь тэр хүлэгч тэнгэртэй. Энэ бол нэлээд төвөгтэй л дээ. Сайн, муу тэнгэрүүдийнх нь төрх нэг иймэрхүү байгаа юм. Би түүнийг Ерөнхий сайдаар томилдогдож байх яг тэр үед зурхайн номоо хийж байсан. Цаг, минут, секундээр нь нарийвчлан тооцож үзсэн. Тэгээд санаа нь байвч сачий нь хүрэхгүй хүн юм даа гэж бодож суулаа, ах нь.
-Ч.Сайханбилэг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой ажиллаж чадахгүй гэсэн үг үү?
-Чадахгүй, удаан тэсэхгүй байх аа. Оюу толгой, Таван толгой руу олны анхаарал төвлөрч байхад цаагуур нь бас Хөвсгөлийн фосфоритийн ордыг ашиглах гэх мэт олон асуудал гарч ирнэ. Мөн өрийн таазын асуудал байна. Энэ бүгд их эсэргүүцэлтэй тулгарна. Гацууртын алтны орд, Ноён уул мөн ялгаагүй. Эдгээр нь Засгийн газрын эмзэг цэг болж байна. Хүний амь нас эрсдэх аюул ч нүүрлэж мэднэ.
-Амь нас гэснээс Д.Дорлигжав сайдын охин гадаадад нас барсныг хүмүүс, ялангуяа бөө нар янз бүрээр ярьж байна. Саяхан нийслэлийн төв талбайд хоёр удаа бөө нар бөөллөө. Сүүлийн бөөлөлтөөр тэнгэрт солонгон хүрээ татаж, хэрээ шувуу төрийн ордон дээгүүр өдөржин эргэлдлээ. Энэ бүхэнд ямар нэг учир шалтгаацал байгаад байна уу?
-Иймэрхүү ёр шинж энд тэндгүй л байна. Тэнгэр эрхэсээс ямар нэгэн холбоотой зүйл байж болохыг үгүйсгэхгүй. Хүннүгийн агуу их хаад, ноёдын булш бунхан сүйрэх аюулд тулж ирээд байна шүү дээ. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй эрдэмтэд, улс төрчид олширч байна.
-Цагаан сар тэмдэглэх өдөр ашгүй урьдынх шиг зөрөхгүй юм шиг байна. Цаашдаа яах бол?
-Цагаан сар Төвд зурхай, Монгол шар зурхайн тооцоолсноор нэг өдөр болж байгаад хүмүүс баярлаж байгаа байх. Гэхдээ 2016 онд нэг хоногоор зөрнө. Харин 2017 онд нэг сараар зөрж таарна. Нэг эмзэглүүштэй юм гэвэл энэ жилийн зурхайндаа Тэрбиш тэргүүтэй нөхөд “Галзууруулагч хонин жил” гэж бичсэн байна. Галзууруулагч шүү. Бодоод үз л дээ. Ийм юм байж болдог юм уу. Би Монгол шар зурхайн номондоо “Гурван хөх мэнгэтэй согтоогч хөхөгчин хонин жил” гэж бичсэн.
-“Галзууруулагч” гэдэг нь юу гэсэн үг юм бэ?
-Галзууруулагч гэдэг бол маш урхаг ихтэй эмгэг гэсэн үг. Эндээс үзэхэд Тангад, Төвдийн хараалыг амилуулагчид байгаад байгаа юм биш үү. Гэхдээ энэ нь ганц Тэрбиштэй ч холбоотой зүйл бас биш. Түүхэн судруудад Төвдийнхөн “Галзууруулагч” гэсэн үг хавчуулсан байдаг. Гэхдээ голцуу согтоогч гэдэг үгийг хэрэглэдэг байжээ. Галзууруулагч жил гээд та бод доо. Тэгэхээр цагаан сар маань билэгдэл биш болох уу. Ийм сэтгэл зүйн хорлонтой юм байж болохгүй.
-Зурхайг шашинжуулаад ингэж будлиулж байна уу?
-Зурхай бол шинжлэх ухаан. Гэтэл шашны үзэл суртлаар холион бантан болгож байна. Өнөөдөр сонины нэгэн дугаарыг саяхан би олж харлаа. Тэнд “Модон морин жилийн алдартнууд” гэж бичсэн байх юм. Уг нь ялгуулсан хөх морин жил юм шүү дээ.
-Та Монгол шар зурхайг Чингисийнх гэж тодотгодог юм билээ. Чингисээс өмнө ч хэрэглэж байсан биз дээ?
-Монгол шар зурхай их эртнийх юм. Чингис хаан энэ зурхайг авч хэрэглэсэн. Юли Чүцайгаар таван гарагийн тооллыг хийлгэж, нар сарны хиртэлтийг тогтоож, 28 оддын зурлагыг хөдөлгөөнгүй нэг мөр болгож, Самаркандын одон орны төвд судалгаа хийлгэж баталгаажуулсан байдаг юм. Цаг тооны бичгийг буруу хийвэл цаазын ялтай байлаа.
-Монгол шар зурхай төрийн цаг тооны бичиг болох ёстой гэж та үздэг хэвээрээ л байна уу. Хэзээ биелэх бол?
-Би үүнд их итгэлтэй байгаа. Ах нь Чингисийн Монгол шар зурхайгаа олон жилийн турш бие сэтгэлээрээ хамгаалсаар ирлээ. Намайг ингэлээ гээд их хавчиж байсан. Байрыг минь хүртэл хурааж байсан юм шүү.
-Яагаад таны байрыг хураасан гэж?
-Би зурхайн номоо хийх гэж банкнаас байраа барьцаалан зээл аваад байтал нэг өдөр санаатайгаар хэсэг нөхөд давхиж ирээд хурааж аваад гудамжинд гаргаж байсан. Тухайн банк зээлийн нөхцөлөө уян хатан байлгаж, намайг гудамжинд гаргахгүй байх бүрэн бололцоотой байсан юм шүү. Надад ямар ч боломж олгоогүй. Хүчээр хөөж гаргасан. Гэтэл хожим сонссон чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн өөрсдөө ХААН банктай хуйвалдаад авчихсан байлаа.
-Цаанаас захиалгатай ажиллагаа байсан уу?
-Захиалгат арга хэмжээ байсан гэж би боддог юм. Яавал энэ хүнийг хорлож, зурхайгаа зурахгүй болгох вэ гэсэн үйлдлүүд болж өнгөрсөн байлаа. Энэ бол 2005 оны үед болсон явдал. Тэгэхэд би Германы Элчингийн арын байранд хоёр өрөө байр аваад байсан юм.
-Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй юу?
-Байр хурааж аваад дараа нь бас надаас найман сая төгрөг өг гэж шаардсан. Бүр дансыг минь хааж үзсэн шүү. Байрыг минь авчихаад юуных нь найман сая төгрөг авах ёстой юм гээд дахиад зарга хийсэн. Ингэж хүнийг дарамталж болохгүй л дээ.
Ярилцсан Б.Отгонбаяр
Эх сурвалж: www.tumen.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.