“Цагаан уул” наадмыг гэр бүлийн хосууд тэргүүллээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 15

 

 

Энэ жил “Цагаан уул” наадам 17 нас хүрлээ. Мөн хамгийн онцлогтой жил боллоо. Учир нь энэ жилийн наадам яруу найргийн нэгэн үеийг гаргаж ирсэн гэдгийг яруу найраг сонирхогчид онцолсон юм.
 

Жил ирэх бүр хүрээгээ тэлж залуу яруу найрагчдын хоног тоолон хуруу даран хүлээдэг хайрын шүлгийн гэсэн тодотголтой “Цагаан уул” наадамд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн нийт  120 оролцогч бүтээлээ ирүүлсэнээс шилдэг 50 яруу найрагч “Цагаан уул”-ын тайзнаа шүлгээ уншсан юм.  Шүүгчдийн нэгдсэн дүнгээр сүүлийн шатанд таван яруу найрагч шалгарснаас Орхон аймгаас оролцсон Б.Сосорбарам тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Удаах байрт Л.Лхагвасүрэн, Б.Оролзод болон яруу найрагч Б.Ганхүрэл, Э.Сударчулуун нар шалгарсан юм. Энэ жилийн “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байруудад гэр бүлийн 2 шалгарсан нь мөн Б.Ганхүрэл “Болор цом-2015”-ын шилдэг 30-д шалгарсан нь өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлог байлаа.

Мөн Өвөрмонголын Өөртөө Засах Орноос  гурван найрагч оролцсоноос тусгай байрт Т.Мандаарай шалгарч ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлгийг гардсан юм. Ийнхүү хилийн чандаас залуу найрагчид ирж оролцож байгаа нь энэхүү наадмын өрсөлдөөнийг ширүүн болгосон төдийгүй “Цагаан уул” наадмын цар хүрээ тэлж, тэр хэрээр наадмын  чанар чансаа  нь өсч, байгаагийн нэгэн илрэл юм. СГЗ Ү.Хүрэлбаатар гуай хэлэхдээ “Шинэ залуу яруу найрагчдын шүлэг жил ирэх бүр сайжирж байна. Мөн энэхүү наадам шинэ залуучуудыг олонд таниулах, нээж илрүүлэх маш том наадам. Шүүлтээ хийхдээ ч залуу яруу найрагчид урьдын жилээс хэр зэрэг өсч хөгжиж байгаагаар нь шалгаруулдаг давуу талтай. Яруу найргийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа, “Цагаан уул” наадмыг тасралтгүй зохион байгуулж ирсэн залуучуудын төв байгууллага Монголын Залуучуудын Холбоонд баярлалаа” гэсэн юм.

Наадмын  ерөнхий шүүгчээр  СГЗ Ү.Хүрэлбаатар / яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, , нийтлэлч,  хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, профессор/ , шүүгчдээр зохиолч Д.Энхболд /“Алтан өд” шагналт/, П.Батхуяг / утга зохиол судлаач, шүүмжлэгч/,  Ц.Дэлгэрмаа /сэтгүүлч, яруу найрагч/, Ш.Баттөр /утга зохиол судлаач, шүүмжлэгч/ нар тус  тус ажиллалаа.

Ийнхүү шалгарсан  шилдэг оролцогчид  маань ирээдүйн  шилдэг найрагчдын түүчээ  болж  Монголын утга, уран зохиолын өнөө үеийн өнгө төрхийг тодорхойлох бизээ.

 

 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх