Трилл Ноэль: Мохошгүй зориг, няцашгүй чанар Монголчуудын цусанд бий

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 16

 

Сүүлийн үед цахим ертөнцөөр “Монгол” гэсэн юм бүхэнд татагдан дурладаг Америк залуугийн тухай мэдээлэл харагдах болсон нь бидний сонирхолыг татсан юм. Ингээд түүний фэйсбүүк хаяг руу орж зарим нэг мэдээллүүдийг нь харлаа. Дуу хөгжим, түүх, монгол үндэсний хувцас, хөөмий, монгол хэл гээд энэ залууд Монголын талаар сонирхохгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. 

 

Харь орны энгийн нэгэн залуу чухам яагаад эх орон, түүх соёлд минь ингэтлээ татагдан шимтэх болов гэдэг сэтгүүлч миний сонирхлыг ч бас татаж байлаа. Тэр бол Луйзиана мужид амьдардаг 23 настай оюутан залуу болох Дастин Трилл Ноэль юм. Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

 

-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

 

-Сайн байна уу. Намайг Дастин Трилл Ноэль гэдэг. Одоогоор Луйзианагийн их сургуульд дизайн, кино урлагийн чиглэлээр суралцаж байгаа, ирэх тавдугаар сард төгсөнө. Сургуулиа төгссөний дараа Монголд руу аялаж бас гайхалтай кино хийх боломж олдоно гэж найдаж байна. Надад монгол үндэсний хөөмий, морин хуур үнэхээр их таалагддаг. Басхүү Чингис хааныг агуу баатар байсан гэж боддог бөгөөд түүний талаар судлах дуртай.

 

-Хэзээнээс эхэлж Монголын тухай сонирхон судлах болсон бэ?

 

-Би Монголд очиж байгаагүй л дээ. Хоёр жилийн өмнө би нэг ч монгол хүнийг таньдаггүй байсан. Харин одоо фэйсбүүкээр маш олон монгол найзтай болсон. Хамгийн анх 11 настайдаа Чингис, Хубилай хааны тухай номноос уншиж байлаа. Хэдийгээр зарим ном зохиолд түүнийг зүгээр л зэрлэг дээрэмчин байсан мэтээр дүрсэлдэг ч дэлхийн талыг байлдан дагуулж явсан дайчин нэг муу дээрэмчин эр байсан гэдэгт би итгээгүй. Ингээд би түүний тухай сонирхон судлах болсноор Монголыг сонирхож, ихээхэн татагдах болсон. Үүнээс гадна би Америкт төрж өссөн Индиан гаралтай африк америк хүн. Эрт цагт өвөг дээдэс минь Азиас нүүдэллэн Аляскийн хойгоор Америкт ирж суурьшсан гэж үздэг. Харин Индиан Тува хоёр гарал үүсэл нэгтэй бөгөөд Тува нь өөрөө Монголын нэг салбар аймаг. Иймээс би өөрийгөө Монгол цустай гэж боддог. 

 

 

 

-Таныг монгол хэл бас сурч байгаа гэж сонссон. Бие дааж сурсан уу?

 

-Тиймээ, нэг жил орчим бие даан судалж байна даа. Саяханаас фэйсбүүкээр олон монгол найзтай болсон. Тэд маань надад маш их тусалдаг.

 

-Монгол хэл сурахад юу нь сайхан, бас юу нь бэрхшээлтэй санагдаж байна вэ?

 

-Дэлхийн хүн амын цөөхөн хэсэг ярьдаг энэ гайхалтай хэлийг сурна гэдэг үнэхээр сайхан. Миний хувьд монгол хэлийг сурснаар харилцааны нэгэн том зэвсэгтэй болж байгаа гэж бодож байна даа. Манай их авгуудын нэг уугуул африк америк гаралтай хүн байсан бөгөөд Дэлхийн II дайны үед тулалдаж явсан. Авга маань Луйзианагаас гаралтай учраас францаар бас ярьдаг байлаа. Луйзианачуудын нэг уугуул хэл нь франц юм шүү дээ. Тиймээс тэр шаардлагатай үед ганцаараа орчуулга хийж хүмүүст ойлголцоход нь тусалж маш олон үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж, олон ч хүний амийг аварсан гэж манайхан ярьдаг. Хэзээ нэг өдөр надад ч бас ийм завшаан олдох юм бол Монгол-Америкийн хооронд дахь дипломат харилцаанд хувьд нэмрээ оруулж, авга ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж боддог шүү. Гэхдээ монгол хэл бусад хэлээс хамаагүй хэцүү. Их олон нөхцөл, дагавартай. Заримдаа бүр математикийн хүнд хичээл үзэж байгаа юм шиг санагддаг. Бас нутаг нутгийн аялга өөр учраас зарим хүмүүс миний яриаг ойлгож, зарим нь ойлгохгүй байх жишээний. /инээв/

 

-Сая таны хөөмийлөхийг сонслоо. Монгол хүн бүр хөөмийлж чаддаггүй. Амьсгалын хуваарилалтаас эхлээд их хэцүү шүү дээ. Та яаж сурсан юм бэ?

 

-Өөрөө өөртөө л багшилсан гэх үү дээ. Нэг жилийн турш өдөр бүр дасгал хийхдээ, боксоор хичээллэж байхдаа гээд л боломж олдвол хөөмийн аялгууг сонсдог байлаа, бас дагаж хийх гэж хичээнэ. Голдуу монгол болон тува хөөмийчдийг сонсдог. Энэ бүхний эцэст би хөөмийлж эхэлсэн шүү. Цаашдаа илүү ихийг сурна.

 

-Монгол хөгжим, хөөмий сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?

 

-Тэрхэн мөчид газар дэлхий эргэхгүйгээр зогсчихож байгаа юм шиг, харанхуй шөнө тэнгэрт буй оддыг ширтэж буй мэт, өглөө нар мандсаны дараа тэнгэр ягааран улаарахыг ажиж буй мэт тийм л мэдрэмж төрдөг. Миний дотор тийм л төсөөлөл буудаг даа. Хамгийн гол нь би гайхалтай амар амгаланг мэдэрдэг. Хөөмий, монгол хөгжим сонсох үед байгаль дэлхий чихэнд минь аялгуулж, намайг тайвшруулж байгаа юм шиг нэг л сайхан байдаг. Стрессдэж, бухимдсан үедээ хөөмий юмуу, монгол ардын дуу сонсохоор аяндаа л тайвширна.

 

 

 

-Хамгийн их дуртай монгол дуугаа нэрлээч, яагаад энэ дуунд дуртай вэ?

 

-Би Тува, Халимаг, Буриад, Монгол үндэстнүүдийн бүхий л дуунд дуртай. Эдгээрээс Тувагийн дуучин Сайдаш Монгушийн дуулсан “Өдүгэн Тайга” , “Huun Huur-tu” хамтлагийн "Orphans Lament”, Буриад ардын дуу “Алтаргана”, “Миний буриад”, “Таван хасаг”, Монголоос Төрмандахын “Зүүдэн бороо”, Жавхлангийн “Алсад суугаа ээж”, Монгол ардын дуу “Дүүриймаа”, “Торгууд нутаг”, халимагаас Окна Цасхан Замын “Edjin Duun” зэрэгт хамгийн их дуртай.

 

-Хэзээ хамгийн анх монгол хүнтэй уулзаж байв, ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

-Хамгийн анх Батболд, Мөнхбилэг гээд хоёр залуутай уулзаж байсан. Анх Батболд Чикагогоос надтай уулзахын тулд машинаар ирж байсан гээч. Энэ чинь бараг л Америкийн нэг захаас нөгөө зах хүрч байна гэсэн үг шүү дээ. Тэр холоос ирэхдээ надад бууз авчирч өгч билээ. Үнэхээр сайхан санагдсан. Бид хамтдаа Монголын тухай ярилцаж, олон ч дуу дуулсан. Намайг “Миний аав адуучин” дууг дуулахад аавыгаа саналаа гэж ярьж байсан. Батболд аавтайгаа нэлээд хэдэн жил уулзаагүй юм билээ. Бидний уулзалтаас хойш тэр гэрийнхээ тухай их бодсон гэж ярьсан.

Мөнхбилэгийн хувьд Монгол руу буцахынхаа өмнөхөн Техасаас над дээр ирж уулзаж байсан. Ирэхдээ ааруул авчирч өгөөд, монголын төрийн далбааны өмнө хамтдаа зургаа татуулж байсан даа. Бас надад хэрхэн хөөрөг солилцож мэнд мэдэх тухай зааж өгсөнд нь баярладаг. Тэр ээжтэй минь уулзаж хүүгээ сайн өсгөж хүмүүжүүлсэнд баярласнаа илэрхийлсэн гээд боддоо. Монголчууд миний урьд өмнө нь уулзаж байсан Ази хүмүүсээс тэс өөр юм шиг санагдсан. Тэд танихгүй нэгэнд хүртэл нөхөрсөг ханддаг.

 

 

 

-Монгол хүний ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ?

 

-Тэд үнэхээр найрсаг, өгөөмөр хүмүүс. Хүнээс юм асуухаасаа өмнө хүнд юугаар тусалж чадах вэ, өөрийн мэддэг юуг хуваалцаж болох вэ гэж үргэлж боддог. Үүнээс гадна хэцүү бүхнийг даван туулах чадварыг нь би хамгийн их үнэлж, хүндэлдэг. Наанадаж Монголын тэр хүйтэн өвлийг бодоход, цаанадаж эх орноо дахин хүчирхэг улс болгох гэсэн тэдний сэтгэл зүрх, эх орныхоо төлөө бууж өгдөггүй тэр тэмцэл нь үнэхээр гайхалтай. Би энэ тал дээр тэднийг чин сэтгэлээсээ дэмждэг. Хамаг Монголыг ч бас дэмжиж байгаа. Зарим хүмүүс Монгол гэхээр халх, халимаг, буриад гэх мэт салгаж ойлгох гээд байдаг. Харин би тэднийг энэ сайхан нутгаа хүчирхэгжүүлж, хамтдаа байгаасай гэж хүсдэг. Тэгээд ч тэд үүнийг хийж чадна гэдэгт бат итгэдэг. Учир нь би өмнө нь хэзээ ч зорилгоосоо няцаж, бууж өгч байгаа Монгол хүнийг хараагүй. Мохошгүй зориг, няцашгүй зан чанар бүр эртнээс л тэдний цусанд шингэсэн. Би ч өөрөө ийм зантай болохоор Монголчуудын энэ зан чанар маш их таалагддаг.

 

-Онлайнаар найз болсон монгол хүмүүс хэр тусалдаг вэ?

 

-Тэд маань надад цаг үргэлж тусалж байдаг. Хэдийгээр бид зөвхөн фэйсбүүкээр харилцдаг боловч тэд миний амьдралд тохиолдсон нэгэн том аз завшаан юм. Учир нь би энэ бүхнийг нэг ч монгол хүн таньдаггүй байхдаа хийж эхэлсэн. Гэтэл тэд одоо намайг дэмжиж байна. Хүмүүс намайг дэмжиж, тусалж байгааг мэдрэх тэр мэдрэмж хамгийн сайхан нь. Бас тэд миний сэтгэлд ойр санагддаг учраас надтай ярилцах хүмүүс хэзээд байдаг. Ярилцах үедээ би тэдний сэтгэлд хадгалагдаж буй сайн сайхныг олж хардаг.

 

 

 

-Монголд ирвэл хамгийн түрүүнд юу хийж, хаашаа явахыг хүсдэг вэ?

 

-Очиж үзэхийг хүссэн маш олон газар байна. Сүхбаатарын талбай, Цонжин Болдогоос эхлээд цаатан хүмүүс дээр хүртэл очиж үзэхийг хүсдэг. Түүнчлэн өөртөө таарсан сайхан монгол дээл өмсч, морин хууртай ч болно. Мөн Монгол хүмүүстэй хийсэн сонирхолтой бичлэгээ эргэж ирээд эндэхийн хүмүүст үзүүлнэ дээ. Үүнээс гадна би тал нутагт очиж эрх дураараа сайхан хөөмийлөхийг хамгийн их хүсч байна. Өндөр настай хүмүүстэй уулзаж Монгол дуу дуулж өгч баярлуулах юмсан гэж их боддог доо. Мөн надад Сувд гээд хөөрхөн дүү бий. Түүний ээж бараг л намайг өргөж авсан гэхэд болно доо /инээв/. Тиймээс Монголд очоод тэдэнтэйгээ заавал уулзана.

 

-Таны зурагнуудаас харахад Монгол малгай, Монгол улсын төрийн далбаа, бэлэг дурсгалын зүйл их харагдлаа. Эдгээрийг хаанаас олж авсан бэ?

 

-Зарим нэг найзууд маань Монголоос явуулсан даа. Тэднийг би ихэвчлэн фэйсбүүкийн нэрээр нь дууддаг юм.

 

-Олон монгол хүн таныг ойлгож, хүсэл тэмүүллийг тань дэмжиж байгаа. Харин таны гэр бүл, найз нөхөд болон бусад америк хүмүүс үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Би энэ тал дээр нэлээд анзаарч харсан л даа. Би боскын хичээлээ заахдаа монгол хөгжим сонсдог. Ер нь дасгал сургуулилтаа хийж байхдаа ч монгол хөгжмөө сонсож л байдаг. Тэгсэн зарим шавь нар маань бас монгол хөгжим сонсдог болчихсон байна лээ. Учир нь эдгээр хөгжим тэдэнд анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусладаг гэж ярьж байсан. Надад ч бас тусалдаг. Харин гэрийнхэндээ Монголын тухай ярихаар их сонирхон сонсож, бахархаж байгаагаа хэлдэг шүү. Харамсалтай нь гэр бүлийнхэн болоод ихэнх америкчууд Монгол хаана байдгийг, зарим нь бүр Монголын тухай сонсоо ч үгүй байсан. Чингис хаан ч мөн гайхалтай удирдагч, ард түмнийхээ аж амьдрал, зан заншилд яг таг нийцсэн хууль журмыг бий болгож чадсан гэж боддог. Гэтэл энд түүнийг баатар гэхээсээ ердийн нэг дээрэмчин байсан мэтээр төсөөлдөг. Би энэ ойлголтыг засаж, Америкчуудад зөвөөр ойлгуулахыг хүсч байна. Сургуулиа төгсөж кино урлагт хөл тавьсныхаа дараа Чингис хааны бодит түүхийг харуулсан бүтээл туурвих төлөвлөгөөтэй байгаа. Магадгүй олон хүн миний энэ хүслийг үгүйсгэж болох юм, гэхдээ л оролдоод үзэх хэрэгтэй ш дээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх