Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 17
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг шинэлээрэй.
Шинэлээчид ирэх хаврын өнгө, зуншлага ярьж, ерөөл хэлэхээс эхлээд тэд идэр залуу аваргын гал цогтой барилдаан, ирэх наадмын хурдан морины тааварыг ч хэлэлцээд амжина. Монголчууд шинийн нэгний өдөр ийнхүү ертөнцийн сонин хачныг хаман ярихдаа нэг ч муу зүгийн үг хэлэхгүй бөлгөө.
Өвдсөн ч өвдөөгүй юм шиг, зовсон ч зовоогүй юм шиг шинэлж, түүнийхээ ерөөлөөр тэр жилдээ сайхан амьдарч, дараагийн жилтэй золгодог ёсон, сэтгэлийн ариусал гэж ганцхан монгол түмэнд л бий. Дэлхийд миний Монголоос өөр ирээдүйг билгэдэн баярлаж чадах хүн зон өөр үгүй биз ээ.
Нэр нь хүртэл “цагаан” гэсэн тодотголтой энэ өдрүүдэд сүү шиг сэтгэл цалгиулж баярладаг болохоор бүтэн жил жаргаж, халгиж явахын эрчээ олж авдаг. Миний ард түмэн “Ашдын билэгээс амны билэг” хэмээн өвөр зуураа хэлэлцэж ирсэн нь ийм бөлгөө. Удаан хугацаанд уулзаагүй ахан дүүс, ураг төрлөөр нь цуглуулж чаддаг ганц баяр бол цагаан cap. Ямар ч он цагийн хатууд, ямар ч нийгмийн гэм зэм дундуур бид шинэлсээр иржээ. Туулж өнгөрүүлсэн социалист нийгэмд цагаан cap хийхийг хатуу хориглож байв. Гэтэл Монголчууд авдран дотроо идээ шүүсээ нуугаад л ёс ёсоороо шинэлчихдэг түмэн. Тиймдээ ч жилийнхээ эрч хүчийг хүндэтгэлийн идээ шүүс залсан бор авдарнаасаа олж, түүнийхээ гэрэл гэгээгээр сайн цагийн эхлэлд ирээ биз ээ. Монгол ухаан, монгол чанар, монгол сэтгэл гэдэг юунаас ч үнэтэй. Энэ бүгдийн мөн чанарыг хадгалж, үеийн үед уламжлан тэмдэглэсээр ирсэн баяр бол цагаан cap. Баранзад хадгандаа мөнх тэнгэрийнхээ нар, үүлийг хөлбөрүүлэн, хөх тэнгэрээ дэлгэн сайхан шинэлээрэй. Ирж буй хонин жилдээ таны хийморь тань асч, эрүүл энх, аз жаргалтай явахыг ерөөе.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.