Нийгэм
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 02 сар 22
Ноён Уулаа аваръя хөдөлгөөнийхөн өнөөдрийг хүртэл өлсгөлөн зарласан хэвээр байна. Ноён уулыг дархан цаазат газар болгох тухай хуулийн төслийг Ардчилсан намын гишүүд санаачилсан байдаг.
Өлсгөлөн зарлагдсанаас хойш тавьсан шаардлагын дагуу уг хуулийн төслийг боловсруулсан гэхэд болох юм. Тэгвэл АН-ын бүлэг хуралдаанаараа хоёр асуудал шийдвэрлэсэн байна. Нэгдүгээрх нь, УИХ-ын чуулганаас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг буцаах шийдвэр гаргасан.
Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн эхний шаардлага бол энэ гэж ойлгож болох аж. Энэ шаардлагыг УИХ-ын чуулган биелүүлчихлээ. Хоёрдугаарх нь, Ноён-Уулыг Дархан цаазтай газар болгох тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс танилцуулсан байгаа.
Нэгэнт тусгай хамгаалалттай газар нутагт авчих юм бол Ноён-Уул бүтнээрээ хамгаалагдах боломж нээгдэнэ гэж тэд үзэж байгаа юм. Ноён-Уулыг дархан цаазтай болгох тогтоолын төсөлд дурдагдсан нэр бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар улсын хэмжээнд болон дэлхийд нэн ховор, ховор ургамал, байгалийн бусад төрлийн нөөц баялгийг хамгаалах боломжтой болох юм. Мөн тэдгээртэй холбогдон гарч буй хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг таслан зогсоож, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах ач холбогдолтой.
Ноён уулыг хамгаалах хөдөлгөөн өрнүүлэгсэд УИХ-аас Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлахыг эсэргүүцэж байсан ч батлагдсан билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Аливаа асуудлаас давхар асуудалд шилжиж, ургуулан гаргаж болохгүй л дээ. Анх гаргаж тавьсан Ноён-Уулыг хамгаалах шаардлагыг УИХ биелүүлсэн. Тийм учраас өлсгөлөнгөө зогсоох байх гэж бодож байна. Урт нэртэй хуулийг батлаад 320 лиценз сэргээнэ гэдэг бол 320 газар түүний хэвлий, ой, усны ай сав газар хөндөгдөнө гэсэн үг. Урт нэртэй хуулийн тухай асуудал бол тусдаа асуудал. Энэ асуудлаа салгаж ойлгоосой гэж хүсэж байна” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ноён-Уулыг ухуулахгүй гэсэн зарчим барьж байгаа. Мөн ард иргэдийнхээ үгийг сонсох ёстой гэдгийг хэлсэн. Тиймээс ард иргэдээ сонсох ажлыг хийх шаардлагатай байна. Ард иргэдээ сонсохын тулд Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчны байнгын хорооныхон газар дээр нь очиж ард иргэдтэй томоохон уулзалтыг зохион байгуулах ёстой гэж АН-ын зарим гишүүд үзэж байгаа гэнэ.
эх сурвалж сайт: www.NEW.mn
Г.Мягмарсүх
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.