Даатгал төлж буй иргэн бүр хөнгөлөлттэй эмчлүүлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 22 ・ 1

 

Бид эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хэр нь ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй билээ. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, элдэв мэс засал, эмчилгээ хийлгэхгүй л бол эрүүл мэндийн даатгал ямар ч ашиг тусгүй хураамж татаас гэж ойлгодог.

 

Тэгвэл даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 132800 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй, 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтой юм. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан байна.

 

Энэ журам нь эрүүл мэндийн даатгал төлдөг 0-оос дээш насны бүх иргэн 132 төрлийн 390 эмийн үнийг 80 хүртэлх хувиар хямдруулан хөнгөлөлттэй үнээр авах боломжийг иргэдэд олгодог гэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 529, нийслэлд 96 эмийн сан 132 төрлийн 390 эм бэлдмэлийг хөнгөлттэй үнээр иргэдэд олгож байгаа юм. Харамсалтай нь манай иргэд энэ талаар мэдээлэл дутмаг байгаагаас тэр бүр эрүүл мэндийн даатгалынхаа ашиг тусыг хүртэж хөнгөлттэй үнээр эм авч чадахгүй байна.

 

Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг ЭМ-ийн даатгалын сангаас төлж даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр эм авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэг төрөл юм. Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд жоронд ямар нэгэн үг, үсгийн засвар ороогүй байх шаардлагатай аж. Харин эмийн сангууд яг ямар ямар эм байгааг иргэдэд хэлдэггүй нь иргэдийг эргэлзэхэд хүргэдэг. Өөрөөр хэлбэл иргэд аль болох үнэ өртөг өндөртэй эмүүдийг хөнгөлттэй үнээр авахыг боддог ч эмийн санчид уг эм жагсаалтад байхгүй хэмээн хэлдэг. Харин 400, 500 төгрөгийн үнэтэй эмүүдийг хөнгөлттэй үнээр олгодог нь иргэдийн санаанд нийцдэггүй байна. Иймээс л иргэд сар бүр цалингаасаа автоматаар эрүүл мэндийн даатгал өгч байгаа хэдий ч үүнийхээ үр дүнг хүртэж чадахгүй байгаа юм.

эх  сурвалж  сайт: www.NEW.mn 

Г.Мягмарсүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: