Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 23
Сар шинийн өдрүүдэд цочир хүйтэрч цасан шуурга болсноос болж олон хүн төөрсөн байна.
Шинийн нэгний өдрөөс баруун аймгаас эхэлж шуурсан шуурга шинийн 2-3-нд зүүн болон говийн нутгуудаар ч шуурсан аж.
Шуурганд 14 настай хүү төөрсөн тохиолдол Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт энэ сарын 21-ний өдөр гарчээ. Тодруулбал, тус сумын гуравдугаар багийн нутаг “Тал булгийн-Адаг” гэдэг газар нутагладаг малчин А-ын гэрээс 14 настай Д хүү оройн 18.00 цагийн үед гэр лүүгээ явахаар гарсан байна.
Гэсэн ч хэдхэн минутын зайтай газар гэртээ очоогүй гэнэ. Улмаар Онцгой байдлын газрын есөн албан хаагч, орон нутгийн 40 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.Эрлийн багийнхан хүүг шөнөжин хайж, маргааш нь буюу энэ сарын 22-ны өдрийн 10:32 цагт тус сумын гуравдугаар багийн нутаг “Түнтгэрийн бууц” гэдэг газар нутагладаг малчин С-ын гэрээс эсэн мэнд олжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүг морь унуулахаар нутгийн уяач нь авч явсан аж. Улмаар буцаагаад гэрт нь хүргэж өгөхдөө цасан шуурганаар ганцааранг нь явуулснаас хүү төөрсөн гэнэ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Ж.Өөдлөн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.