Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 23
Парламент ирэх хаврын чуулганд багтаан хэд хэдэн чухал хууль батлахаар зорьж буйгийн дотор Сонгуулийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль багтаж буй. Өөрөөр хэлбэл, ирэх 2016 оны сонгуулийг шинэ хуулиар явуулах юм.
Жил жилийн парламент бүрэн эрхийн хугацаандаа сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг. Хамгийн анх 2004-2008 оны парламент сонгуулийг томсгосон тойргоор явуулах тогтолцоотой байхаар хуульд өөрчлөлт оруулж байлаа. Ингэснээр УИХ-ын 76 гишүүн 76 тойрогт нэр дэвшдэг байсныг өөрчилж, томсгосон 26 тойрогт хуваарилсан байдаг. Дараа нь 2008-2012 оны парламентын үед сонгуулийн пропорцианаль тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэж үзэн, намууд зөвшилцсөний эцэст 48-28 гэсэн зарчмыг сонгосон. Өөрөөр хэлбэл, 28 гишүүн намын жагсаалт буюу пропорцианаль системээр сонгогдоно. Харин 48 гишүүн 26 тойрогт нэр дэвшин, ард түмнээс шууд сонгогдох зарчмыг баримтлахаар болсон юм.
Тэгвэл энэ удаад сонгуулийн хуулинд ямар өөрчлөлт орох вэ. Намуудын эхний ээлжийн тохиролцоогоор ямар ч байсан нэг тойрогт нэг мандат гэсэн хувилбар дэмжигдээд байгаа юм байна. Өмнө нь нэг тойрогт 2-3 мандат хуваарилагдаж, нэг намын 2-3 гишүүн хоорондоо өрсөлдөж, санал хуваадаг байсан. Үүнийг болих ёстой гэж үзэж байгаа юм байна. Сонгуулийн мажоритар болон жагсаалтаар сонгогдох харьцааны асуудал одоогоор тодорхой болоогүй байгаа аж. МАН-ын зүгээс мажоритараар сонгогдох гишүүдийн тоо 48 хэвээрээ байх нь зүйтэй гэж үзэж байгаа бол АН-ынхан мажоритар болон жагсаалтаар сонгогдох харьцааг адилхан 38 байлгах боломжтой гэх байр суурь илэрхийлж байгаа юм байна.
Нөгөөтэйгүүр сонгуулийн санхүүжилт, зөрчил, маргааныг шийдвэрлэх процессыг илүү ойлгомжтой, тодорхой болгох ёстой гэдэг дээр намууд санал нэгдэж байгаа аж. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэж, батлах талаар яригдаж буй билээ. Мөн Сонгуультай холбоотой дөрвөн хуулийг нэгтгэж, нэг нэр томъёо, нэгдсэн нэг зохицуулалттай болгох нь. Ингэснээр хариуцах эзэн илүү тодорхой болох гэнэ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Намууд хэрвээ зөвшилцөлд хүрвэл сонгуулийн хуулийг намрын чуулганд багтаан өргөн барина” гэж өнгөрсөн оны есдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Гэхдээ намрын чуулганаар хуулийн төслийг өргөн барьсангүй. Өөрөөр хэлбэл, намууд эцсийн байдлаар зөвшилцөлд хүрч хараахан чадахгүй байгаа бололтой.
Ямартай ч УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчид нэг тойрогт нэг мандатын төлөө л өрсөлдөх нь. Пропорцианаль буюу намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн хувьд илүү олон болгох уу, үгүй юу гэх асуудал бий. Гэхдээ энэ нь харьцангуй техникийн шинжтэй асуудал гэлтэй. Хамгийн гол тохиролцоог нэг тойрогт нэг мандат гэж болох биз ээ.
Сонгуулийн шинэ хууль хэрхэн мэндлэх нь ирэх хаврын чуулганаар тодорхой болно.
Л.Дэлгэр
http://www.eagle.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.