Гандангийн тариф нэмэгдсэн ч сүсэгтнүүдийн хөлд дарагдсаар...

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 24

Монголчууд билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэх сайн, буян хийвэл түм бумаар арвиждаг хэмээн үздэг, тэр утгаараа цагаан сарын баярын дараах өдрүүдэд шашны сүм хийдүүд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж өнждөг билээ. Өчигдөр буюу модон хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6, Дашням, Балжинням давхацсан өлзийт сайн өдөр сурвалжлага хийхээр шашин номын газруудыг зорьсон юм. 
 
Гандантэгчэнлин хийдийн зарим номын үнэ нэмэгджээ

Шарын шашны төв гэдэг утгаараа сүсэгтэн олны хөлд хамгийн их дарагддаг Гандантэгчэнлин хийд бидний эхний буудал байлаа. Хаврын тэргүүн сарын эхний хэд хоногт цаг агаар хүйтэрсэн. Харин  өчигдөр тэнгэр цэлмэг, сайхан өдөр таарсан болоод ч тэр үү Гандан хийд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ном хурж байгаа газруудад хүмүүс нь багтахгүй янзтай.

Ялангуяа Алтанганжуур хурж байгаа сүмийн гадаа айлтгалынхаа бичгийг барьсан хүмүүс гадаа нь ар араасаа эгнэн жагсчээ. Урдуур орж сэргэлэнтэх гэсэн нэгнийг болиулж зохицуулах тусгай ажилтанг ч гаргаж өгсөн байх аж. Ажлын үнэмлэхээ харуулж, дотогш нэвтрэхийг завдсан биш зохицуулагч эр ажлаа хэр сайн хийж байгааг нь шалгасан хэрэг боллоо. “Би адилхан ажлаа хийж байна. Дугаарлаад орвол ор, боливол боль. Би л лав оруулахгүй” хэмээн хаалга алдлан хэрэх түүнийг гадна дугаарлаж зогсох иргэд ч дэмжих аж.

Алтанганжуур бол Гандантэгчэнлин хийдэд хурдаг номуудаас хамгийн өндөр тарифтай. Нэг удаа уншуулахад л 20 000 төгрөгийн тасалбар бичүүлэх учиртай юм. Алтанганжуур ном Монголд хоёрхон байдаг. Нэг нь Гандан хийдэд, нөгөө нь улсын төв номын санд хадгалагддаг гэнэ. Алтанганжуурыг энэ хойт насны буянаа аривжуулах, санасан хэргийг бурханы номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг, бүтэн жил уншдаг том ном аж.

Нэг уншуулсан байхад жилээ даадаг гэж сүсэгтэн олон ярилцдаг, тэр утгаараа мөнгөө төлсөн хүн ядаж хэсэг хугацаанд ч болтугай номын дуу сонсохыг хүсэх нь мэдээж хэрэг. Гэтэл багтаах сав байхгүйгээс бож иргэд гадаа дааран зогсч байх аж. Үнэ ханш нь ч нэмэгдэж, ноднин жил 10 000 байсан бол энэ жил 20 000 болжээ. 

Монгол Улсад шашны үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүдийн дотроос Гандантэгчэнлин тэргүүтэй цөөн хэдхэн хийд үнэ тариф тогт­оосон байдаг. Модон хонин жил гарахын өмнөхөн Гандан тэгчинлэн хийд ном унших үнэ тарифаа нэмсэн гэсэн яриа сүсэгтнүүдийн дунд гараад байсан. Энэ талаар Гандан тэгчэнлин хийдийн албаны эх сурвалжаас тодруулахад “Үнэ тариф тэгтлээ нэмэгдсэн зүйл байхгүй” гэсэн юм. Үнэ тарифын хувьд Алтанганжуур 20 000, Арванхангал тэргүүтэй ганц хоёр ном 10 000 бусад ном 500-5000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байх аж.    
Ном хуруулж байгаа иргэдтэй ярилцлаа.
 
н.Долгор: Олон ном уншуулж хүчрэхээргүй болжээ

/Өвөрхангай аймгийн иргэн/

-Их харш жил таарч байгаа учир хотод ирсэн дээрээ засал номоо хийлгүүлээд авья гээд явж байна. Зурхайчийн хэлсэнчлэн нэг номыг хэд дахин уншуулна гэвэл бэл бэнчин хүрэхээргүй шинжтэй. Түрийвчиндээ тааруулаад болголоо. Засалд нь л нэлээд хэдэн юм орох бололтой. Үнэ ханш өнгөрсөн жилийнхээс бага зэрэг нэмэгдсэн байна гэж харлаа. Алтанганжуурыг өнгөрсөн жил 10 000 төгрөгөөр уншуулж байсан, энэ жил нэмэгдсэн байна. Бүтэн жилээ даадаг ном учраас маргаашнаас ч юм уу ирж уншуулна гэж бодож байна. Хүүхдүүд “Шинийн наймныхаа дотор амжуулахгүй бол 15-ны дөхөх тусам хүн ихэсдэг” гэж ярьж байна. Үнэндээ одоо ч хүн ихтэй л санагдаж байна.  
 
Д.Эрдэнэчимэг: Энэ жилийн засал 30 мянган төгрөгт багтлаа

/Баянгол дүүргийн иргэн/

-Манайх гэр ойрхон болохоор янз бүрийн юм болох болгонд Гандан руу гүйж ирээд ном уншуулчихдаг. Ер нь байнга ирнэ шүү. Гэхдээ буян хишиг арвиждаг гэдэг утгаар нь 15-ныхаа дотор багтаж заслаа хийлгэлээ. Миний хувьд засал 30 мянган төгрөгт багтсан. Үнэ ханшийн хувьд боломжийн гэж харж байна. Гэхдээ 20, 30 мянган төгрөг гаргаад ном уншуулж чадахгүй хүн ч олон байгаа шүү дээ.
 
Д.Дамдинсүрэн: Дашчойлин хийдэд заслаа хийлгэнэ

/Сүхбаатар дүүргийн иргэн/

-Ах нь жил бүр Цагаан сарын шинийн 15-нд багтаад Жанрайсэг Бурхандаа ирж мөргөдөг юм. тэр заншлаараа ирчихээд байж байна. Ном, заслаа бол Дашчойлин хийдэд хийлгэдэг. Үнэ тарифгүй, сүсэгтнүүдийн өгсөн мөнгийг л авдаг болохоор амар байдаг юм. Ер нь ч шашны бүх сүм хийд тийм байх ёстой болов уу.   
 
Тагтаа байхгүй болжээ

Гандан нь олны хөлийн газар гэдэг утгаараа тодорхой тооны хүмүүсийн амь зуулгыг залгуулдаг чухал газар нь. Тэгвэл энэ жил худалдаа эрхэлж байгаа хүмүүс цөөхөн, бараг байхгүй гэж хэлж болохоор санагдлаа.  

Урьд өмнөх жилүүдэд Гандан хийдийг тагтаанаас салгаж ойлгох аргагүй байлаа. Гандан гэхээр тагтаа санаанд ордог байсан гэхэд хилсдэхгүй. Амьтан хоолох нь буян болдог учир сүсэгтэн олон савласан будааг 500-1000 төгрөгөөр худалдаж авч, тодорхой тооны хүмүүсийг орлогожуулдаг ч байсан байх. Тэгвэл энэ жил Ганданд тагтаа ер харагдсангүй. Тагтаа байхгүй учир “Будаа ав” гэж шалж, энд тэндээс чаргууцалдах шахдаг байсан хүүхэд хөгшид ч алга. Хэвлэл ном зарсан хоёр гуравхан хүн л байна. Тэдний нэгнээс яриа өдөж, ашиг орлого хэр байгаа талаар сонирхоход “Амны билгээр гэдэг болохоор гайгүй сайн л гэе дээ. Хүмүүс ер нь хуанли, ном худалдаж авах нь багассан байна. Уг нь үнийн хувьд боломжийн шүү дээ. Нэг сонины үнэд ч хүрэхгүй. 12 жилтний заслыг жил тус бүрээр нь үзүүлсэн товхимол 1000 төгрөг. Арай дэлгэрэнгүй нь 3000 төгрөгийн үнэтэй байгаа” хэмээн ярилаа. Тэрбээр мөн хуучны нэг төгрөгийн дэвсгэртээс 100-тын мөнгөн дэвсгэртийг /хэвлэмэл/ багцлаад 1000 төгрөгөөр зарж байв.  
    
Ж.Одгарьд: Шинийн наймнаас 15-ны хооронд ачаалал эрс нэмэгддэг

/Гандан тэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан/

-Монголчууд тухайн жил­ийнхээ шинийн 15-ны дотор засал номоо хийлгэвэл сайн гэж үздэг учраас цагаан сарын дараа сүм хийдүүдийн ачаалал эрс нэмэгддэг шүү дээ. Энэ жил ачаалал хэр байна, танай зүгээс кассын тоог нэмэх ч юм уу, зохион байгуулсан зүйл байна уу?

-Ер жилийн жилд хаврын тэргүүн сарын шинийн наймнаас 15-ны хооронд сүсэгтэн олны хөлд дарагдаж, ачаалал эрс нэмэгддэг. Шинийн 1-нээс хойш жилийн заслаа хийлгэдэг, дацан хийдэд бүтэн өдрийн хурал хуруулдаг хүмүүс нь хурлаа хуруулаад уламжлалынхаа дагуу л явж байна.

-Ноднин жил кассан дээр дараалал ихэсч, иргэдийн цаг завыг барсан гэсэн яриа гарч байсан. Энэ жил тоог нь олшруулсан уу?

-Ном айлтгалын хувьд дацан бүр тус, тусдаа айлтгалууд авч байгаа. Яг Цогчин жасын хувьд нэлээд олон хүнээр хүч нэмэгдүүлсэн байгаа.

-Иргэд шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэвэл сайн гэж үздэг. Энэ үнэхээр үнэн юм уу. Заавал ингэж хэдхэн хоногт бөөгнөрөх шаардлага байдаг юм болов уу?

-Ер нь бол аль ч үед болно л доо. Сар бүрийн эхэн 8, 15, 30 гээд их дүйчингүүд байдаг. Цагаан сарын шинийн 1-нээс 15-н хүртэл их дүйчин байгаа юм. Бурхан багш энэ хугацаанд тэрсүүдийн зургаан багш тэргүүтэй буруу үзэлтнүүдийг дарж, их номын хувилгааныг үзүүлсэн гэж үздэг. Ингэснээр бурхны шашныг 10 зүгтээ түгээн дэлгэрүүлсэн гэж байгаа шүү дээ.

Тэр учраас энэ дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг. Нүгэл хийвэл бас тэр хэрээр арвиждаг учраас хүн бүхэн сайн үйл хийхийг шамддаг. Хийсэн нүгэл бол сэтгэлд байнга хадгалагдаж байдаг учраас арилдаггүй юм. Тиймээс хүмүүс нүгэл хийхээс их цээрлэдэг, тэр тусмаа шинийн 1-15-ны хооронд буян үйлдэхийг хичээдэг байсан нь ийм учиртай. Энэ өдрүүдэд засал номоо хийлгэвэл улам илүү адис жанлавтай гэж бэлгэшээдэг.

Ер нь бол монголчууд жилийн хэд, хэдэн хэсэгт засал номоо хийлгэдэг уламжлалтай байсан байгаа юм. Зарим нь жилээ угтаж, тодорхой хэлбэл хонь жилийг угтаад морь жилийн адагт засал номоо хийлгэдэг байсан байна. Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй. Аль, аль нь болно.

-Засал номын үнэ нэмэгдсэн байна гэж хүмүүс ярьж байна. Энэ үнэн үү?

-Сүйдтэй айхтар нэмэгдсэн зүйл байхгүй дээ. Гандан хийдийн хувьд үнээ байнга хэлбэлзүүлээд, нэмээд байсан тийм тохиолдол байхгүй. Ер нь бол, юмны үнэ ханш өсөх тусам ялгамжаатай болж байгаа шүү дээ. Хурал номын айлтгал авдаг байсан 90-ээд онд л ийм байсан. Яг тэр хэвээрээ явсаар байгаад өдий хүрсэн байхгүй юу. Одоо бол энийг өөрчлөх хэрэгтэй юм.

Ном хурахад арвайн гурил ч юм уу, элсэн чихэр ч юм уу, тэнд байгаа лам нарын хэрэглээ гээд олон зүйл хэрэгтэй болдог. Тэр бүгдийг дэлгүүрээс, худалдааны байгууллагаас л авна шүү дээ. Тэр хэрэглэгдэхүүний үнэ өссөн байна, тийм учраас багахан хэмжээгээр нэмсэн болов уу.   
   
Дашчойлин хийд сүсэгтнүүдээс өгсөн мөнгийг нь л авдаг

Гандантэгчэлин хийдээс гараад нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт байх Дашчойлин хийдийг зорив. Энд Ганданг бодвол хөл хөдөлгөөн бага ч гэсэн ердийн өдрүүдийг бодвол хүн ихтэй байгаа нь илт. Тэдний хувьд ном айлгахдаа тусгай тариф тогтоолгүй сүсэгтнүүдийн өгснийг нь л авдаг учир зөвхөн ойр хавийн гэлтгүй хотын өнцөг булан бүрээс сүсэгтнүүд ирдэг.

Хашааныхаа гадна талд ямар ч зайгүй автозам, барилга тулсан, харин хашаан дотроо хөл хөдөлгөөн багатай байдаг учир сэтгүүлч миний бие хажуугаар нь явахаар болбол хашаан дундуур нь орж алхах дуртай байдаг. Тэгвэл хийдийнхэн хашаагаа төлбөртэй зогсоол болгожээ. Үүнээс болж хашааны гадна машинууд багтахгүй түгжирч, хуучнаар “Банкны 84”-ын хажууд баригдсан орон сууц, Дашчойлин хийдийн урд талын хаалга хоёрын хоорондох жаахан зайд машинууд багтаж ядаж байлаа.

Ном уншуулж байгаа иргэдийн хувьд өмнө нь тогтмол ирдэг байсан улсууд бололтой дор бүрнээ сүсэг бишрэлийнхээ ажлыг амжуулан чимээгүй явцгаана. Номын айлтгал авах газар буюу кассан дээр ч тэр бүр чимээ шуугиан гарахгүй ажин түжин, ёстой л нэг шашин номын газар шиг байна. Дашчойлин хийд гандан шиг үнэ тариф байдаггүй гэж дээр хэлсэн. Иргэд хичнээн төгрөг өргөж байгааг ажиглан хэсэг зогслоо. 10 мянга, 15 000, 20000 мянга гээд янз бүр л өгч байна. гэхдээ 5000, 1000 төгрөг өгөх хүн харагдсангүй.

Үнэ тариф тогтоосон Ганданд хүмүүс мөн ялгаагүй тэр хэмжээний мөнгөөр л ном уншуулдаг болохыг олж мэдсэн болохоор үүнд бага зэрэг гайхлаа. Магадгүй, сүм хийд олон нийтийн тусын тулд байх ёстой, сүсэгтнүүдээс өгснийг нь л авдаг байх ёстой гэсэн зарчим жинхэнэ утгаараа хэрэгждэг учраас энэ уур амьсгал нь иргэдийг татдаг юм болов уу гэж санагдав. Үнэхээр нэг эргэл мөргөлийн газар байна даа гэсэн сэтгэгдлийг Дашчойлин хийдээс аваад бид редакцийнхаа зүг хөдөлсөн юм.    


Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Батсайхан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх