Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 24
Уул уурхайн сайд Р.Жигжидтэй ярилцлаа.
-Ноён уулаа аваръя хөдөлгөөнийхний өлсгөлөнг тараагаад, албадан эмчилгээнд хамруулчихлаа. Энэ хүмүүс уул усаа хамгаалъя гэж байгаа. Гэтэл үүний нөгөө талд эдийн засгаа сэргээе, валют олж ирье, үүний тулд алтны ордоо ашиглая гэж байна. Та салбарын сайдын хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ. Үнэхээр ноён уулан дахь тэр ордыг ашиглах шаардлага байгаа юм уу?
-Ноён уулын асуудал өнөөдөр гарч ирж байгаа асуудал биш. 1990-ээд оны эхээр шороон ордыг олборлочихсон. Олборлоод, нөхөн сэргээлтийг нь бүрэн гүйцэд хийгээгүй. Дараа нь хувиараа ашигт малтмал олборлодог нөхдүүд хөндөж, сүйтгээд л явсан газар л даа. Тэгээд гацууртын орд буюу одоо бидний олборлоё гэж зориод байгаа газрын үндсэн орд байна. Хоёр хэсэг газар байгаа юм билээ. Үүнийг нь мөн 1998 онд нөөцийг нь тогтоосон байдаг юм билээ. Ингээд манай Ашигт малтмалын газарт ТЭЗҮ-ээ өгөөд баталгаажуулсан байдаг. Энэ бол бидний хэлдгээр Урт нэртэй хуулийн хязгаарлалтад орсон байсан. Гэхдээ энэ ордыг тогтоож, олборлох асуудал хууль гарахаас өмнө эхэлсэн байсан. Зам, дэд бүтцээ тавиад, олборлоход бэлдчихсэн орд газар л даа. Ноён уул маань өөрөө том уул байгаа. Түүний гацууртын ам гэдэгт нь байгаа орд юм. Энэ ордын хоёр хэсэг газарт нэлээд гүн олборлолт хийнэ. Олборлосон хүдрээ одоогийн ажиллаж байгаа бороогийн уурхай дахь баяжуулах үйлдвэрт аваачиж, баяжуулах юм. Яг тэр орчинд нь химийн болон бусад байгальд хортой үйлчлэл байхгүй гэж компанийнхан ярьдаг. Бид бас тэгж харж байгаа.
-Яг энэ орд дээр ажиллаж байгаа компани нь монголчуудын хувьд бас тийм ч таатай бус байдлаар танигдсан. Нөгөө талаар 30 жилийн дараах 280 сая долларын төлөө өнөөдөр уулаа ухах хэрэг байна уу гэх хандлага ч байна?
-Харьцангуй үндсэн ордын хувьд нөөц ихтэй орд гэж үзэж байгаа. Баталгаатай нөөц нь 50 тонн. Тодорхой нөхцөлд ашиглах боломжтой нөөц нь 26 тонн, нийтдээ 76 тонн. Ялангуяа манай улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайн биш байгаа үед алтыг хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулах, Монголбанкинд тушаалгах явдал их чухал байна. Магадгүй тэнд баталгаатай алтны нөөц, алт байна гэж тооцоод, урьдчилаад Монголбанкинд тушаасан ч болно. Ингэснээр гадаад валют татах, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаасаа чухал арга хэмжээ юм.
-Яг энэ 70 тонн алт гадагшаа гарснаар бидэнд юу үлдэх юм бэ гэдэг асуудал бас байгаа?
-Төрийн бус байгууллагууд, байгаль орчин хамгаалагчид, эсэргүүцээд байгаа хүмүүсийн шаардлага нь ордыг ашигласнаар тэрний ойр орчинд байгаа хүннүгийн үеийн түүхэн дурсгалт булш, шарил хөндөгдөж, эвдэгдэнэ гэсэн болгоомжлол байгаа юм билээ. Бид энэ талаар судалж, мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, дүгнэлт гаргасан. Өмнө нь ч тийм судалгаанууд олон хийгдсэн байдаг юм билээ. Тэр байтугай 2008 онд тэр орчмыг Засгийн газрын шийдвэрээр хамгаалалтад авсан байдаг. Тэгээд яг тэр хүннүгийн үеийн түүх дурсгал, соёлын зүйл нь одоо олборлолт хийх гэж байгаа талбайгаас баруун урагш 7-8 км-ын зайтай. Өөрөөр хэлбэл, Ноён уулын сүжигтэй, зурамт гэсэн гурван аманд байдаг. Яг гацууртын аманд одоогоор тийм олдсон зүйл байхгүй. Мэргэжлийн байгууллагууд хайгуул хийгээд, тогтоосон байдаг. Түүнчлэн орон нутаг нь өөрөө орон нутгийн тусгай хэрэгцээнд 129 мянган га газрыг авсан. Тэр дотор нь бас ямар нэгэн булш, бунхан, шарил ороогүй байдаг. Ганцхан Сүжигтэй, Журамт, Хужирт гээд гурван аманд олон янзын олдворууд байгаа. Яг тэр орчимд бас нэг хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа. “Гүн билэгт” гэж компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бий. Энэ асуудлыг тусад нь ярих ёстой. Манай яамны хувьд уул уурхайгаа зүй зохистой, хариуцлагатайгаар хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, түүх соёлын дурсгалт зүйлүүдийг хадгалах, хамгаалах ажлыг давхар хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Ордыг олборлоод, алтыг нь Монголбанкинд тушааж болно. Үүнээс гадна Монголд үлдэх унац, ашиг нь юу байж болох вэ?
-Тэнд 1000 орчим ажлын байр бий болох боломжтой гэж байгаа. Бороо гоулдын үйл ажиллагаа бол үндсэндээ зогсож байгаа. Өөрийнх нь үндсэн ордын нөөц дуусаж байгаа. Өөр компаниудын хөрсөөр баяжуулалт хийж өгч байгаа юм билээ. Одоо тэнд ажиллаж байгаа ажиллагсад ажилгүй болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс тэнд ажиллаж байгаа мэргэжилтэй, шилдэг ажиллагсдыг Гацууртын орд руу шилжүүлж, ажиллуулах, орон нутагтаа орон нутаг хөгжүүлэх чиглэлээр гэрээ байгуулах ёстой юм. Тэгэхээр орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр үр өгөөжтэй гэж үзэж байгаа. Ер нь нийт мөнгөн урсгалын 81 орчим хувь нь Монголд үлдэх үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, шууд бусаар Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлөх үр дүн багагүй бий.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.