Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 02 сар 25
Жил бүрийн сонгууль дөхөхөөр эрчимждэг байсан улстөрчдийн шоу, улс төрийн намуудын хар цагаан пиар 2012 оноос хойш хэлбэрээ өөрчлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн улс төрийн идэвх суларчихсан, намд итгэх итгэл буурчихсан учраас улс төрийн намууд дөрвөн жилийн турш олны анхаарлын төвд байх элдвийн арга сэддэг болоод байгаа юм.
Хувцаслалт, үс зүсэндээ анхаарсан жагсаал, хамтарч ажиллах 20, 30 жилийн гэрээ, намаа эрүүлжүүлэх сандал суудлын томилгоо, сайдыг суудлаас нь унагах, намын даргын албан тушаалын төлөөх жагсаал цуглаан гээд сонгуулиас хойшхи улс төрийн элдэв марзан захиалгатай, захиалгагүй жагсаалыг дурьдаад байвал барагдахгүй. Энэ хэнээрхэл өнөө жилийн хавар ч эрчимтэй өрнөх шинжтэй. Ашиглах орд газраас нь хаа хамаагүй долоон км-ын алсад байгаа “Ноён уул”-ыг ухах гэж байна хэмээн “сүржигнэж” өлсгөлөн тэмцэл болсон хэсэг бүлгээр УИХ-ын гишүүд маань ч шоудахаа мартсангүй. Зарим нэг нь сэтгэл зүрхээрээ хамт өлсч, үлдсэн хэсэг нь энэрч хайрлахаар очиж хэвлэлийнхний урдуур хэд хэдэн удаа эргэлдээд амжлаа.
Телевизээр гарч л байвал юу ч хийж мэдэх хүмүүс гэдгээ барилгын цэвэрлэгээ хийж, хайрын дуу аялан, бие биелгээ хийсэн эрхэм гишүүд маань харуулсаар. Энэ мэтээр хаврын улс төр эрчимтэй эхэлж байна. Хэзээ хэзээнээс л дотоод зөрчлөө нууж чаддаггүй АН-ын хагарал бутрал хэрээс хэтэрч, нэг дүүрэг нь хоёр даргатай болчихсон сууж байх жишээний. Намын байр өдөр болгон жагсагчдын хөлд дарагдаж, албан тушаалын төлөөх дайн АН-д жинхэнэ утгаараа өрнөж эхэллээ.
Ардын нам хэдийгээр өнгөн дээрээ гэмгүй царайлавч, мөн л дотооддоо зөрчил тэмцэлтэй байгаа гэх. Намын дарга М.Энхболдын тэргүүлдэг хотын фракци хүчээ авч, Сү.Батболд, С.Баяр нарын нэр хуучин түүхтэйгээ хамт мартагдах шахаад байгаа нь нуух аргагүй үнэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрд эргэн ирснээ зарлаж, АН-тай нэгдэж Ардын намын эсрэг дайн өдөөхөө зарласан гээд дурьдаад байвал бишгүй олон сонирхолтой тоглолт энэ хавар өрнөх бололтой.
Фракциудын хагарлыг хэн намжаах вэ
АН-ын фракциудын хагарал эртнээс эхэлсэн. Тодруулбал, 2012 оны сонгуулиас хойш Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Алтангадас” фракцийг түлхэн унагах зохион байгуулалттай ажил өрнөж тэд ч санасандаа хүрч чадсан. Н.Алтанхуягийг сайдаас унагах ажлыг АН-ын гишүүд өөрсдөө гардан хийж Шонхор, МоАХ хоёр намдаа ноёрхлоо тогтоов.
Өнгөтэй өөдтэй явахад нь өмөг түшиг болж явсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын гишүүд нь Н.Алтанхуягаас нүүр буруулжээ гэдэг нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон үйл явдлаас харагдаж байв. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар шинэ фракци байгуулах нь тодорхой болж, Н.Алтанхуягийгаа үнсэнд хаясан шалз шиг орхисон. “Алтангадас” УИХ, Засгийн газарт ч хүчгүйдлээ. Үүнтэй зэрэгцэн МоАН гэх нийгэмлэг АН-д мэндэлж фракци фракцийн төлөөлөл энэхүү нийгэмлэгт хамаатах болжээ.
А.Бакей Алтангадаст өргүй гэдгээ зарлаж, Г.Батхүү нийгэмлэг фракци биш хэмээн улиглах болсон нь сонирхол төрүүлж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн МоАХ фракцийн задрал ч олонд ил болж Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын гишүүд МоАХ-оос өрх тусгаарласан гэдгээ зарласан. Энэ хугацаанд илүү их эрх мэдлийг авч чадсан нь “Шонхор” фракци. Намын даргын суудлаас эхлээд хэд хэдэн сайдын суудлыг тэд мэдэлдээ авч чадсан.
Намын бүлэгт ч өөрийн хүмүүсээ шургуулж, дүүрэг бүрийн намын дарга нар “Шонхор”, МоАХ-аас “мэндэлж” байна. Тэднийг ийн дураараа дургиж, намын суудлын найр тавин өгөлцөж байгааг хөндлөнгөөс ажиглаж байгаа МҮДН фракци энэ хугацаанд үерхэлдээ үнэнч гэдгээ харуулж чадлаа. Энэ фракцид АН-ын нөлөө бүхий улстөрчид харьяалагддаг, тэгээд ч санаанд оромгүй улс төрийн тоглолт хийж чадах учраас фракциудын задрал магадгүй эргээд тэдэнд сайнаар нөлөөлж мэдэх юм.
Ямартай ч одоогоор ҮЗХ-нд олонхи болдог Алтангадасын хүчийг тарамдуулах ажиллагаа амжилттай хэрэгжиж дүүрэг бүр дээр нөхөн сонгуулийг хүчээр хийж байна. Фракцийн хүмүүсээ намын даргаар суулгах ажлыг хөшигний араас удирдаж буй намын дарга З.Энхболд, Л.Эрхэмбаяр генсек нар баярлахад эрт байна. Ардчилсан хувьсгалын 25 жилийн хугацаанд алдаа оноог хангалттай үзсэн “Алтангадас” тэр дундаа Н.Алтанхуягийг басах хэрэггүй болов уу. Н.Энхбаярыг улс төрд эргэн ирэхийг хүсч, хамтын хүчээ харамгүй өгөхөө амласан хүн нь Н.Алтанхуяг гэх яриа эрчээ авчихлаа.
Тэд хамтарсан гэрээгээ ажил хэрэг болгох нүүдлийг хийхгүй гэх баталгаа алга. Үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа МҮДН-ийн улстөрчид ямар нүүдэл хийхийг таашгүй. Фракци бүрээс гарсан гишүүдээр багаа бүрдүүлсэн нийгэмлэг сайн үйлсийн аян хийх гэж нэгдээгүй гэдэг нь лавтай. Алтангадасыг зольж байгуулагдсан С.Баярцогт нарын фракцийн гишүүд ч юм юм л бодогдож байгаа. Тиймээс энэ хавар АН-д өнөөдөр үүсээд байгаагаас ч илүү зүйл өрнөх нь тодорхой байна. Намын Их хурлаар энэ бүх задрал хуваагдал, гомдол тунирхал задарч гарах биз.
Ардын намын олгой хэзээ хагарах бол
Дотоод ардчилалтай хэмээн гайхуулдаг ч хамгийн их зөрчил тэмцлээ нуудаг улс төрийн хүчин бол Ардын нам. Тэд хэзээ ч дотоод зөрчлөө нийтэд гаргадаггүй. Намын гишүүд нь ч ийм хүмүүжлийг яс махандаа шингэтэл ойлгочихсон. Гэвч хэсэг залуус нь энэ дэг журмыг эвдэх гэж нэлээдгүй олон удаа оролдож байгаа юм. Тэр дундаа У.Хүрэлсүхийн тэргүүлдэг залуус Ардын намд байсхийгээд л бужигнаан үүсгэчихдэг гэмтэй.
Хэдийгээр МАН амгалан тайван мэт харагдаж байгаа ч намын гишүүд нь дотроо нэлээдгүй зөрчилтэй байгаа гэнэ. Дээр хэлсэнчлэн М.Энхболдын тэргүүлдэг хотын фракци улам хүчээ авч, Ө.Энхтүвшин, Сү.Батболд, С.Баяр нарын улс төрийн тоглолт ил гарахаа больчихсон нь ажиглагдах болов. Энэ зөрчил хэзээ нэг өдөр задрах нь тодорхой.
Ө.Энхтүвшин нарын гишүүд МАН Засгийн газарт орох үеэр М.Энхболдын дур зоргоороо шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа захидлаар дамжуулан хэлсэн удаатай. Нөгөө талаар МАН-ынхан Засгийн газраас гарна шүү гэх сүрдүүлгийг хийж, өөрсдөө уснаас цэвэр гарахаар хичээж эхэлсэн нь саяхан хийсэн залуусынх нь мэдэгдлээс тодорхой харагдлаа. Тэд зүгээр ч нэг ийм мэдэгдэл хийгээгүй нь тодорхой.
Улс төрийн 90 жилийн түүхтэй, хамтарч, хаягдаж үзсэн улс төрийн хүчин хамтарч ажиллах замаа сонгочихоод тийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь нэгийг хэлээд байгаа юм. Энэ утгаараа Ардын намын хаврын улс төр Сайхнаагаа шантаажилж, дахиад хэдэн суудал олж авах, эс бөгөөс замын дундаас хаяж байсан АН-ын түүхийг давтаж мэдэх нь.
Урт дээлтэй хүн улс төрд эргэн ирлээ
“Урт шар дээлтэй хүн улс төрд ирэхээр нэг юм болдог” хэмээн манай сэтгүүлч бичиж байсан нь саяхных. Н.Энхбаяр ирэхээр л улс төр ямар нэг байдлаар хөдөлгөөнд ордог гэдгийг Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяа харуулчихсан. Ааруул идэх гэж ирээд Н.Алтанхуяг найзыгаа унагачихаад явлаа хэмээн шоглож байсан удаатай. Тэрбээр намынхаа хурал дээр энэ гэрээний үр дүнг та нар тун удахгүй харна аа хэмээн хэлж байсан гэдэг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.