Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 10 сар 08
УИХ-ын 22 жилийн түүхэнд хоёрхон удаа давтагдсан түүхэн шийдвэрийг парламент өнгөрөгч мягмар гарагт гаргалаа. Тодруулбал, 1994 онд П.Жасрай агсан Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байх үед Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж дөрвөн яамыг нэгтгэн 13 яамтай үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргаж байснаас хойш 20 жилийн дараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал орж ирсэн хэрэг юм.
Энэ удаагийн тохиолдлоор 16 яамыг 13 болгож зургаан яамыг нэгтгэсэн билээ. Эрчим хүч, Уул уурхай нэгдэн Үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам нэгдэн Сангийн яам, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам нэгдэн үйл ажиллагаа явуулах болсон юм. Шинэчилсэн бүтцийг баталсан УИХ-ын гишүүд анх удаагаа элдвийн улстөржилтгүйгээр сандал суудлын асуудлыг шийдсэн гэж хэлж болно.
Бүтцийн асуудлыг өргөн мэдүүлнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэний дараа “давхар дээл” шиг урт сунжирсан улс төрийн хэрүүл маргаан өрнөх вий гэсэн болгоомжлол байсан ч Ерөнхий сайд энэ удаад сайн менежер, зохион байгуулагч гэдгээ харуулж чадсан юм. Сөрөг хүчний улс төржилт багатай, АН-ын фракциудын хэрүүлгүй тавхан хоногийн хугацаанд баталсан энэхүү шийдвэр цаашид улстөрд шинэ жишиг тогтоож өгсөн гэхэд ч буруудахгүй.
Асуудлаа зөв тодорхойлж, нам доторх хэрүүл маргаанаа “хөшигний ард” хурдан хугацаанд ойлголцож чадвал хэлэлцэх асуудлаар хэрэлдэж, завсарлага авч, улс төр хийх шаардлагагүй гэдгийг батлан харуулж чадлаа. АН ч энэ удаад фракцийн зөрчил, эрх ашиг гэхээс илүүтэй улс орны хөгжил, урагшаа явж байх ёстой бүтээн байгуулалтад анхаарал хандуулсан нь сайшаалтай. Нам шиг нам, эрх баригч шиг асуудалд хандаж чадлаа гэж дүгнэхэд буруудахгүй. Одоо дараагийн асуудал болох сайдуудын томилгоог ч ингэж шийдмээр байгаа юм. Намууд дотооддоо асуудлаа ярилцаж, харилцан бие биедээ буулт хийж чадвал сайдуудын томилгоог элдвийн улстөржилтгүй шийдэгдэнэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.