Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 01
・ 7
Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт татвараас зугтсан хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн тус улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн. Тэгвэл өмнө нь “Саус гоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла эх орондоо очжээ.
Тэрээр АНУ-д бямба гарагт хөл тавьсан бөгөөд Миннеаполисын Гэгээнтэн Паулийн Олон улсын онгоцны буудал дээр гэр бүлтэйгээ нэгдсэн байна. Америкийн хэвлэлүүд Жастин Каплаг эх орондоо ирж буйг шууд дамжуулан үзүүлж, Монголд байсан тухай нь цөөн хором ярилцсаныг www.24tsag.mn хүргэе.
“Гурван жил хүний нутагт хоригдсоны эцэст Жастин Капла охин Эвилин, хүү Ийгль, эхнэр Солонго нартайгаа улзлаа. Тэд маш их тэврэлтээр учирлаа” хэмээн хэвлэлд бичжээ.
Түүнээс шоронгоос суллагдах болсон тухай мэдэхэд ямархуу байсан талаар асуухад Капла “Би маш аз жаргалтай байсан. Үүнийг болох хүртэл итгэж өгөхгүй байсан юм. Тэд над дээр ирээд “Чи өнөөдөр гэртээ харина” гэж хэлсэн. Энэ үед их сайхан байсан” гэв.
Эхнэр Солонго нь түүнийг шоронд ороод жин хассан байна гэж ярьсан байна. Каплагийн эцэг эх ч өмнө нь Монголын шоронд хоол муу, хүйтэн, хатуу дэглэмтэй гэж сонссон учир ихээхэн сэтгэл эмтэрч ерөнхийлөгч Барак Обама руу Монголын ерөнхийлөгчид хандахыг хүсч өдөржингөө мэйл бичиж байсан хэмээн хэвлэлүүд онцолсон байна. Харин Жастиан Капла шоронгийн тухай шал өөр буюу эерэг бодолтой байгаагаа хэлжээ.
Тэрээр “Шоронд биднийг харгалзах маш сайн баг гаргаж өгсөн. Бид тэдэнтэй маш хүндэтгэлтэй харилцдаг бөгөөд бидэнд харилцахад ямар ч айх айдасгүй байсан. Тэдэнд маш их талархаж байна. Монголын шоронгийн нөхцөл хүн бүрийн боддог шиг муу байгаагүй. Тэнд бусад орны гадаадын иргэдийг хорих шорон шиг муухай зүйл харагдаагүй” хэмээн ярьжээ.
Дашрамд дурдахад түүний эхнэр Солонго нь монгол эмэгтэй бөгөөд хүүхдүүд нь бүгд Монголын иргэншилтэй байна.
41 настай америк эрийг 2012 онд татвараас бултсан хэргээр буруутгаж Монголоос хилийн чанадад гарах эрхийг нь хассан бөгөөд хоёр жилийн дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сараас таван жил арван сарын ял оноож шоронд хориод байсан юм. 17 тэрбум төгрөгийн татвараас зугтсан Жастин Капла нарт Монголын шүүх энэ сарын эхээр 5.6-5.10 жилийн хорих ял оноож, 35 тэрбум гаруй төгрөгийг Сангийн яаманд гаргуулахаар шийдвэрлэснийг ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн билээ.
Д.Үжин
Эх сурвалж: www.24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.