Сонгууль болтол хэрүүл зугаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 04 ・ 1

Улстөрчдийн улирлын “тоглолт” эхэллээ. Тэр тусмаа хаврын улирлын “тоглолт” үргэлж олны анхаарлыг татдаг. Тиймээс олон нийт хаврын синдром гэж онож нэрлэсэн биз ээ. Энэ хаврын синдром нэлээд эртнээс эхэлж, тун хурдан ужгирах төлөвтэй болж байна.

 

Сонгуулийн өмнөх жилийн хавар улстөрчид яаж зүгээр суухав гэсэн шиг л ойр зуурын явган хэрүүлээс эхлээд олны нүдийг орой дээр нь гаргасан этгээд гажуу үйлдэл, элдэв мэдэгдэл, шаардлагууд хөврүүлж, эцэстээ ичсэн хүн хүн ална гэдэг шиг арга ядсандаа хэн нэгэн сайд, төрийн өндөр албан тушаалтныг барьж авч ноцон, огцруулах тактикт шилжив.

 

Өнгөрсөн оны сүүлчээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг нам доторхи гомдогчид, хорсогчдынх нь буянаар амархан унагаж дөнгөснийгөө МАН-ынхан 2014 оны намрын чуулганаар хийсэн нэг том ажил хэмээн саяхан хээв нэг мэдэгдлээ. Засаг огцруулж, ажил алдагдуулсныгаа том ажил, бараг л гавьяа гэж үзэж байгаа улс төрийн хүчин байна аа, бас.

 

Нэгэн цагт гудамжинд жагсаал цуглаан удирдаж, өлсгөлөн суулт зарлаж, тухайн үеийн эрх баригчдыг хүний муу, адгийн шаар хэмээн цоллож явсан тэмцэгчид өнөөдөр УИХ-ын гишүүд болоод бүр бүхэл бүтэн бүлэг байгуулчихсан. Тэд хаврын хаварт хуучнаа санагалзан Төрийн ордны цонхоор Сүх жанжны хөшөөг ширтэн санаа алддаг бололтой юм. “Шударга ёс” эвслийнхэн шударга ажиллаж байгаа эсэхийг олон нийтийн өмнөөс дүгнэж ярих утгагүй. Гэхдээ л тус эвсэлд багтдаг Г.Уянга гишүүн сэтгэл нь хөдлөхөөрөө талбай дээр гүйж очоод эрх баригчдыг зад шүүмжилсэн удаатай. Өөрөө олон жил нулимсан шаргал ордондоо тухалж, эрх баригч, хууль тогтоогч болсноо ойлгохгүй л яваа хэрэг л дээ.

 

Одоо ч гэсэн Төрийн ордонд гудамжны  тэмцэл өрнөж л байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг “Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга тэргүүтэй гишүүд санаачлан өргөн барьж хэлэлцүүлсэн ч дэмжлэг аваагүй. Гэтэл Г.Уянга гишүүн дахин С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барина гэж мэдэгдлээ.

 

Дахиад л богинын зайн улс төр, популизм. С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцрууллаа гээд ямар ашиг хонжоо байгаа юм. Тэр УИХ-ын дэд даргын албан тушаалаа ч өгч л байсан, энэ парламентын үед. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлыг өглөө гээддахиад л нэг Баярцогт, түүнээс ч дор Дэнзэн оронд нь гараад ирнэ. УИХ, Засгийн газар хийх ажилгүй биш. Сандал ширээний хэрүүлээр ингэж цаг нөгцөөх шаардлага уг нь байхгүй. Тэгэхээр олон нийтэд таалагдах гэсэн популист алхмын нэг нь хэн нэг сайдыг огцруулах явдал ажээ.

 

Огцруулагчдын дараагийн бай нь Ерөнхийлөгч болов. Их хэмжээний татвараас зайлсхийсэн гадаадын иргэдэд шүүхээс ял ногдуулсны дараа төрийн тэргүүн тэднийг уучилсан. Үүнд бусдын адил би ч гэсэн дургүй л байгаа. Тэглээ гээд Ерөнхийлөгчийн огцруулна хэмээх сайхан санааг олж аваад олонд зарлана гэдэг популистуудын овсгоо. Тэд ард түмэнд яаж таалагдахаа, хэрхэн шударга ёсыг тогтоож байгаагаа харуулах боломжийг алдахгүй.

 

Хоол болтол шийр зугаа гэдэг шиг хаврын чуулган болтол Ерөнхийлөгчийг огцруулах асуудал улс төрийн хүрээнийхний зугаа болох нь тодорхой. “Шударга ёс” эвслийнхэн хийгээд бие даагчид энэ асуудлаар үе үе мэдэгдэл хийж, сүртэй ярилцлагууд өгч, гуравдугаар сарыг тун завгүй өнгөрүүлэх байх.

 

Тэд Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгож байгаа. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй буюу 26-аас дээш тооны гишүүн энэ асуудлыг дэмжиж албан ёсоор тавих юм бол Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг парламент хэлэлцэнэ. Бодитоор харахад энэ бол боломжгүй бөгөөд цөөн хэдэн гишүүний хувьд дараагийн чуулган эхэлтэл мөлжих “шийр” юм даа.

 

Тэгж байтал хаврын чуулган эхэлнэ. Чуулган нээлтээ хийх өдөр иргэний хөдөлгөөнийхөн жагсана. Ноён уул жагсаал цуглааны нэг том сэдэв болж өгнө. Жастин Каплатнуудыг ялаас мулталсан Ерөнхийлөгч бас нэг том бай нь болно. С.Баярцогт бол дээрх асуудлуудын бонус нь л юм. Ингээд энэ жилийн хаврын улс төр халуухан өрнөнө дөө. Яагаад гэвэл дараа жил сонгуультай. Сонгууль болтол хэрүүл зугаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сонгууль / 2015 03 сар 05/

    Ха ха. Хоол болтол шийр зугаа, боов бостол мээм зугаа гэж ...

    Хариулах