Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 03 сар 04
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Хан ресурсез”, “Төв Азийн уран Холдинг” компаниудын Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Арбитрын маргааны талаар Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг мэдээлэл хийлээ.
2006-2009 онд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж байсан тус компаниудын ураны ордын ашиглалт, хайгууллын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор маргаан үүссэн байна. Уг маргаан 2009 онд Цөмийн энергийн тухай хууль батлагдахад шинээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй, мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалсанаас үүсчээ. Иймээс тэд Засгийн газрын эсрэг 2011 оны 1 дүгээр сард 326.0 сая ам.долларын нөхөн олговор олгохыг шаардаж, Арбитрын шүүхэд ханджээ.
Арбитрын үйл ажиллагаа эхэлснээс хойшхи дөрвөн жилийн хугацаанд үе үеийн Засгийн газар уг маргааныг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулан ажилласан. Өнгөрсөн хугацаанд гурван удаагийн Арбитрын хуралдаан болж, анхны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэргийн харьяалал болон хохирлын хэмжээг салгаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч Арбитрын бүрэлдэхүүн 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хэргийг салгаж шийдвэрлэхээр тогтсон байна.
Хоёр дахь удаагийн хуралдаан 2012 оны 5 дугаар сарын 14-15-ны өдөр болж, хэргийг Арбитрын маргаан мөн эсэхийг хэлэлцээд, хянан шийдвэрлэх харъяалалтай гэсэн шийдвэрийг гаргасан юм.
Харин хохирлын хэмжээг хэлэлцэх сүүлийн хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хотноо болсон бөгөөд Арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гаргажээ.
Шийдвэрт нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 325 сая ам.долларын хохирлыг үндэслэлгүй, хэт өндөр гэж үзээд Засгийн газраас 80.000.00 ам.долларын төлбөр, мөн өмгөөллийн зардлыг нэхэмжлэгчид төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын хувьд олон улсын Арбитрын шүүхэд хариуцагчаар татагдсан таван удаагийн тохиолдол бөгөөд Арбиртын шүүхэд Засгийн газар хариуцагчаар татагдах нь олон улсад байдаг жишиг. Манай улсын хувьд дараагийн арга хэмжээнүүд нээлттэй байна. Давж заалдах болон нэхэмжлэгчтэйгээ тохиролцох боломж байгаа. Мөн ураны ордын лиценз Монголын Засгийн газрын мэдэлд үлдсэн байгаа гэдгийг тэрбээр онцлон хэллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.