Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 05
Нийтлэлч Баабар Б.Батбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын иргэдэд уучлал үзүүлсэнтэй холбоотойгоор нэгэн нийтлэл бичсэн. Тэгвэл Баабарын нийтлэлд дурдагдсан “ховч хар” гэж хэн бэ гэсэн асуулт олон нийтийн дунд өрнөсөн юм.
Тэрбээр нийтэлдээ “Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүртэтлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН ялалт байгуулсны шанд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрээд авч. Эргэж яамандаа очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-д матаж дээ. Ийм юманд төрлөхийн авьяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа” хэмээн бичжээ.
Түүнчлэн “Хүн буруутгасан ийм тохиолдол урьд Улс төрийн товчооноос гардаг байсан болохоос сүүлийн 25 жилд мартагдсан зүйл. Ингээд шалгах комисс байгуулуулж даргаар нь өөрийгөө томилуулсан байгаа юм. Идэвхтэй гэж жигтэйхэн, шуудай дүгнэлттэй бөөн амьсгаадсан баяр хөөр. Цаадах нь ч бас хэрэгт оруулбал оруулчихаар факттай л байсан байх л даа, гэхдээ үнэндээ өөрөө матаад, өөрөө тогтоол гаргуулаад, өөрөө шалгасан матаачийн материалын 80 хувь нь худал гүжирдлэг, эсвэл ажлын бага сага алдаа. Одоо хэргийг углуурганд нь хийх гээд АТГ-ын гадаа өнжөөстэй. Шоронд хий, шонд дүүжил! Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-аар дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй. Мань садист харин мишээл дүүрэн. Одоо хүссэндээ очин сайд болж аваад өөр АТГ-т мэдээлчихээр юу байгааг хайн байгалиас заяасан үндсэн ажлаа хийж яваа. Удахгүй хуучин сайд баривчлагдан шүүхээр орж, мань хутгууш гэрчээр оролцон шударга эх оронч цогтой үгээ хэлэх биз” хэмээн нэлээд хатуухан бичжээ.
Ийнхүү нийтлэлч Баабарын нийтлэлд “ховч хар” хэмээн бичигдсэн эрхмийг хэн болох тухай асуулт өрнөж байгаа тухай дурдсан. Тэгвэл Гадаад хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Л.Пүрэвсүрэнг гэх хүн олон байна. Учир нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оны өмнөхөн яамныхаа 40 гаруй ажилтныг нэг өдрийн дотор тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдаж байсан юм. Гэсэн хэдий ч энэхүү мэдээллийг тухайн үед Л.Пүрэвсүрэн үгүйсгэсэн байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр ийм үйл явдал болсон нь үнэн аж. Түүгээч зогсохгүй халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байдаг юм. Ерөнхийдөө Баабарын “тодорхойлолт”-той тохирч байгаа нь ч Л.Пүрэвсүрэн сайд. Энэ талаар цахим ертөнцөд ч жиргээчид үзэл бодлоо илэрхийлж, “Л.Пүрэвсүрэн сайдыг ийм хүн гэж санаагүй”, Гадаад хэргийн яамны олон хүн хэлж байна, эхлээд үнэмшсэнгүй”,”ховч хар гэдэг нь мөн гэнэ” гэх зэргээр жиргэцгээсэн.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.