Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 08
Ардчилал яллаа, одоо бид улс төрийн муу муухайг цэвэрлэнэ, Ардчилсан нам бүгдийг шинэчлэнэ гэсэн уриа лоозонг ард түмэн мартаагүй. Сонгуулийн дараа бид 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээн авч өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүтээн байгуулалт жинхэнэ утгаараа өрнөсөн. Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, экспортыг багасгах, импортыг дэмжих ажиллагаа хүчтэй өрнөж, аймгуудыг холбосон хатуу хучилттай зам барилгын ажил хийж бүтээж болдгийг харуулсан юм.
Үүнд нь хорссон сөрөг хүчнийхэн Н.Алтанхуягаар тэргүүлүүлсэн Шинэчлэлийн засгийн газрыг огцруулж Ч.Сайханбилэг ахлагчтай Шийдлийн хэмээх хамтарсан засгийг байгуулав. Шинэ Ерөнхий сайд гарч ирсэн даруйдаа бидэнд МАН-аас өөр тулах түших зүйл алга. Засгийн газарт хамтарч ажиллаач хэмээх болсон. Бүр сүүлдээ цагаандаа гарч олны өмнө "Хайрын захиа" хүртэл бичиж хөгөө чирсэн цаг саяхан. Үүнийг харсан МАН үнэхээр улс орноо бодсон уу, сандал суудлаа бодсон уу аль эсвэл дурлалдаа шатсан уу бүү мэд засагт хамтрах саналыг нь хүлээн авсан. Чухам яагаад сөрөг хүчнийхээ өмнө нүүрээ улайлгаж, нүдээ бүлтийлгэн байж олны өмнө шившигтэйгээр хамтрах санал тавьсаныг улс төрийн хүрээнийхэн тухайн үед янз бүрийн өнцөгөөс тайлбарлаж байсан санагдана.
Валютын хомсдолд орж, төгрөг ноён ам.долларт дарлуулж, хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жил дараалан унаж, 2013 онд 2.2 тэрбум, өнгөрсөн 2014 онд 845 сая доллар болтлоо буурчихсан байгаа. Ердөө гурван жилийн өмнө буюу 2012 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.4 тэрбумаар хэмжигдэж бүгд алгаа ташиж суусан. Харин өнөөдөр бүгд эсрэгээрээ. Хөрөнгө оруулагчдаа залхаан цээрлүүлээд хөөгөөд гаргачихлаа. Үүнээс нь болж нөгөөдүүл нь манайд хөрөнгө оруулалт хийх нь байтугай зүглэхээ ч болчихсон. Макро төвшинд савалгаалсан хямрал микро салбарт бүхэлд нь нөлөөлж Засгийн газраас албан газар, айл өрх бүхний халаасыг ичих нүүргүйгээр тэмтэрч сууна. Мөн таналт, хэмнэлт, татварын нэмэгдэл, үнийн өсөлт зэргээр иргэдийн голыг тасартал бүсийг нь чангалж байна. Харин өөрсдийн тансаглалаасаа татгалзах нь байтугай харин ч нэмэгдүүлж байгааг харахад увайгүй гэхээс өөр хэлэх сайхан үг олдохгүй юм. Бидний хүсэн хүлээсэн шийдэл энэ лав биш. Байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн сар өнгөрчихөөд байхад эдийн засагт ямар ч өөрчлөлт алга. Магадгүй байдал улам бүр доройтсон байх. Ерөнхий сайдынхаа болохгүй, чадахгүй, мэдэхгүй, асууя, хямарчихлаа гэх урамгүй үгийг өдөр бүр сонссоор сүүлдээ үнэхээр залхаж гүйцлээ. Ер нь бол уналтад ороод буй эдийн засгийг сайжруулах сэтгэл одоогийн засагт байна уу, үгүй гэдэг эргэлзээ төрүүлж байна.
Хамгийн сонирхолтой нь шинэ засаг байгуулагдах үед танхимын тэргүүнд яригдаж байсан эрхэм үүнийг батлаад өгчихлөө. Ер нь бол гашуун үнэнийг хэлчихэж. Одоогийн ардчилсан намын нөхөд дунд хамгийн буурь суурьтай, үнэн үгтэй гэгддэг Р.Амаржаргал гишүүн саяхан нэгэн ярилцлагадаа их сонирхолтой зүйлийг хэллээ. Тэрээр “МАН-ыг тэвэрч аваад хамт уная л гэж хамтарсан Засгийн газар байгуулсан. Ний нуугүй хэлэхэд улс төрийн зорилго биелсэн байх” гэжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.