-Ц.Элбэгдорж хоёр жилийн дараа улс төрөөс гарахаа зарлалаа-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн дэлгэцээр бүтэн хоёр цагийн турш “Цензуртэй” ярилаа. Ингэхдээ бүр эртнээс бэлдсэн мэт асуулт асууж бас хариулж байгаа хоёр маш цензуртэй ярив. Монгол төрийн №1 эрхэм “Цензургүй ярина” гэх сураг хэдэн өдрийн өмнөөс цахим ертөнцөөр цацагдаж, энэ хэрээр олон ч хүн нэвтрүүлгийг үзсэн бололтой юм. Твиттер, фэйсбүүкийнхэн хэдэн өдөр мөлжихөөр ганц сэдэвтэй боллоо. Олон нийт ийнхүү “Цензургүй яриа”-г цэгнэхдээ Ерөнхийлөгчийн бантаж балартсан, сэтгүүлчийн эрдэж бярдсаныг гайхаж байна. Энэ ч үнэний ортой. Харин эцсийн дүндээ худал үнэн нь мэдэгдэхгүй, олны дунд домог мэт яригддаг асуулт бүрт Ерөнхийлөгч хариулт өгсөн, зарим үед том хүн, том сэтгүүлч хоёрын дундах яриа гэхэд итгэмээргүй, хэвлэлийнхний хэлээр бол “шар” талдаа ярилцлага болсонтой маргах хүн цөөн болов уу. Асуудал үүсэх бүрт Монгол төрийн тэргүүн тэр бүр хариулт, тайлбар өгөөд байдаггүй учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ ярилцлага өнөөдөр ч ярианы сэдэв хэвээрээ байна. Харин Төрийн тэргүүний энэ удаагийн ярилцлага уучлалд чиглэсэн байлаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийлж, манай улсын анхан шатны шүүхээс 5-10 жилийн ял сонсоод байсан Жастин Капла нарын гадаадын гурван иргэнийг уучилсан явдал өнөөдөр ч халуун сэдэв хэвээр байна. Тиймээс энэ уучлалтай хол- боотойгоор ¹1 эрхэм буюу Ерөнхийлөгчийг чиглэсэн дай ралт гаарч, Төрийн тэргүүнийг хариуцагчаар татсан маргаан Үндсэн хуулийн Цэцэд үүсэхээр болоод буй. Асуудал ингэтлээ өндрөө авсан учраас Ерөнхийлөгч ийнхүү тайлбар өгсөн гэж харахаас өөр аргагүй.
ЖАСТИН КАПЛА НАРТ ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА
Аль аль талаасаа ихээхэн цензурдсэн ярилцлагаас харахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хэн нэгэн татварын хэргээр шоронд суухгүй нь. Магадгүй энэ жишиг хэнбугай нь ч Ерөнхийлөгч болсон хэвээр үлдэх биз. Тэр дундаа гадаадын иргэд. Мэдээж энэ зарчмын анхны жишээ нь гадаадын иргэд болж буй нь асуулт дагуулж байгаа юм. Жастин Капла нарыг уучилснаа Ерөнхийлөгч “Энэ асуудлыг шийдэхдээ Монголоо бодож гаргасан. Өнөөдрийн байдлаар үндэсний 780 аж ахуйн нэгж татварын ямар нэгэн маргаантай байгаа юм билээ. Энэ дээр бид жишиг тогтоох шаардлагатай. Татварын аливаа асуудлаар аж ахуйн нэгжийг удирдаж байгаа хүнийг барьж хорьдог, шоронд хийдэг биш. Иргэний маргаан таслах байдлаар явах ёстой. Ер нь гадны ч бай, дотны ч бай татварын хэргээр хэн нэгэн шоронд суухгүй байя” хэмээв. Өөрөөр хэлбэл, энэ цаг мөчөөс татварын ямар нэгэн асуудал үүсгэсэн алив компани, аж ахуйн нэгжийн удирдлагууд “Аавын хаалга” татна гэж айхааргүй боллоо гэж ойлгож болно. Учир нь, татварын асуудал үүсгэсэн хэн нэгнийг, гадны ч бай дотны ч бай иргэнийг өргөстэй торны цаана суулгах хүсэл Төрийн тэргүүнд байхгүй учраас. Хэдийгээр энэ үг хэсэг бүлэг, тодруулбал, татварт дарлуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд сайхан сонсогдож мэдэх ч өнгөрсөн хугацаанд магадгүй өнөөдөр татварын хэргээр ял эдэлж суугаа хүмүүст дэндүү харамсалтай мэдэгдэл. Учир нь, Монгол Улсын төрийн тэргүүн өөрийн улсын иргэдээ ингэж уучлаагүй, тэр бүү хэл онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гадны гурван иргэнд уучлал үзүүлээд явуулчихсан. Тэдний хэргээс үүдэж, “Ер нь хэн нэгэн татварын хэргээр ял сонсч, шоронд суудаггүй байя” гэдэг сэдэл сая төрсөн нь харамсалтай. Эндээс нэг л асуулт урган гарч ирж байгаа юм. Өнөөх Монголоо бодож сэрдэг, Монголоо бодож шийдвэр гаргадаг хүн яагаад гадны иргэдэд ийм энэрэнгүй хандав. Хэдийгээр хөшигний ар дахь үнэн хэзээ ч ил гарахгүй болохоор хариулт хайх хэрэггүй нь ойлгомжтой. Харин бид нөгөө талдаа Жастин Капла нарт талархах хэрэгтэй болох нь. Тэд хэрвээ татвараа төлөхөөс бултаж зугтаагүй, 35 тэрбум болтол нь хураагаагүй, ял авсан хойноо маш итгэлтэйгээр өөрийн улсын биш, уучлахгүй байх магадлал маш өндөр Ерөнхийлөгчөөс уучлал хүсээгүй. Энэ уучлал нь биеллээ олоогүй байсан бол татварын хэрэгтэй нөхдүүд шүүхийн хаалга татсаар л байх байлаа.
ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖЛЫН ТАЙЛАН ХААЧИВ
Гадаадын иргэдэд уучлал үзүүлсэнтэй холбоотойгоор иргэд, хөдөлгөөнийхөн, хуульчид гээд тал талын субъектээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Үндсэн хуулийн Цэцэд өгч шалгуулахаа мэдэгдээд байгаа. Тэднийг нэг бол хуульч Б.Энхбаяр. Тэрбээр Ерөнхийлөгчийг Цэцэд өгөхдөө ганц уучлалын асуудлыг ярихгүй гэсэн. Бүр гурван үндэслэл бий. Үүний нэг нь Ерөнхийлөгчийн ажлын тайлантай холбоотой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч жил тутмынхаа ажлын үр дүнг УИХ-д тайлагнах учиртай байдаг. Харин түүнийг нь УИХ албан ёсоор хэлэлцэх ёстой. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаан жилийн хугацаанд энэ үүргээ нэг ч удаа биелүүлээгүйг тэр хэлж байгаа. Товчхондоо, өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч гэдэг хүнийг хаана, юу хийснийг хэн ч хянаагүй. Дур зоргоороо явж иржээ гэж ойлгогдохоор байгаа юм. Харин яг энэ асуултыг сэтгүүлч Ерөнхийлөгчид тавих нь тэр. Энэ хариултад Төрийн тэргүүн “Ер нь Үндсэн хууль дээр ажлаа хариуцна гэж нэг үг бий. Ерөнхийлөгч ингэж ажиллалаа гэдэг тайланг жил бүр хүргүүлдэг. Үүний дагуу би тайлангаа хүргүүлж байгаа. УИХ дуудаад тайланг чинь сонсъё гэвэл очно шүү дээ” гэв. Үндсэндээ Ерөнхийлөгч хийсэн ажлынхаа тайланг УИХ-д жил бүр хүргүүлдэг гэж худал хэлээгүй л бол УИХ, тэр дундаа Монгол төрийн ¹2 эрхэм буюу УИХ-ын дарга ажлаа хийдэггүй болж таарч байгаа юм. Нэг үгээр бол, УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн ажлын тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар нийтийн дунд сонсох, мэдээлэл авах ёстой атал өнгөрсөн зургаан жилд тийм зүйл болоогүйг та бид мэдэж байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч хэлэхдээ “Миний нэг баримталдаг зүйл бол Үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын асуудлаар болж өгвөл жилд нэг удаа УИХ-д мэдээлэл хийхийг эрмэлздэг. Ер нь хийж ч ирсэн. Өмнө нь ерөөсөө тийм харилцаа байгаагүй юм шүү дээ. Тэгэхээр би хамгийн чухал асуудлаар мэдээлэл хийж, ярилцдаг” хэмээн өөрийгөө дөвийлгөөд авахаа ч мартсангүй. Хэрвээ та анзаарсан бол үе үеийн Ерөнхийлөгчид Үндсэн хууль зөрчиж ирсэн байгаа биз. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэрвээ үнэн хэлсэн бол шүү дээ. Өмнө нь ийм зүйл байгаагүй гэдэг нь Төрийн тэргүүн ажлаа тайлагнадаг тогтолцоо алдагдсныг хэлж байгаа хэрэг. Харин эцсийн дүндээ ингэж ярьж, ажлаа тайлагна гэж дуудахгүй байгаа УИХ-ыг би яалтай билээ гэж суугаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биш бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн тэргүүний жилийн ажилтай танилцах ёстой УИХ ажлаа хийдэггүй нь эндээс харагдаж байгаа юм. Тэр дундаа, УИХ-ын дарга З.Энхболд ажлаа хийж, хуулиа хэрэгжүүлэхийг яагаад мартчихав гэдэг асуулт хариулт нэхэн гарч ирж байна.
ХЭНИЙНХ НЬ ҮНЭН, ХЭНИЙНХ НЬ ХУДАЛ ВЭ
Төрийн тэргүүний ярилцлага бүхэлдээ хэнийх нь үнэн юм бэ гэх эргэлзээг төрүүлсээр дуусав. Оюутолгой, Тавантолгой гэх мэт томоохон бүтээн байгуулалтын талаар тухайлан асууж, хариулаагүй ярилцлагын бас нэг анхаарал татах хэсэг нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч. Авлига, албан тушаалын хэргээр ял сонссон ч дөрөв дэх Ерөнхийлөгч буюу Ц.Элбэгдоржоос уучлал хүртэж эрх чөлөөтэй болсон Н.Энхбаярын тухай байлаа. Н.Энхбаяр ярихдаа “Би Ерөнхийлөгчөөс уучлал гуйгаагүй” гэж хэдэнтээ ярьж байв Гэтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид “Урт шар дээлт”-ийн өөрийн гараар бичсэн гурван ч захидал бий гэнэ. Цаашлаад Оюутолгойг хэдхэн хүн хувааж авсан талаар Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хангалттай ярьсан. Тэр дундаа “Ц.Элбэгдорж нарын хүмүүс энэ ордын хувийг хувааж авах талаар ярьж байсан, намайг хамтрах уу гэхэд нь би зөвшөөрөөгүй” гэх маш ноцтой асуудлыг телевизийн дэлгэцээр олон нийтэд цацсан удаатай. Харин энэ бүхний үнэн худлыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс сэтгүүлч асуусан ч тэрбээр “Худлаа” гэх товчхон хариулт өгөх нь тэр. Тэр бүү хэл, “Худалч, хулгайч хүний арга барил. Н.Энхбаяр харин тийм сонирхолтой байснаа ярьсан байж болох юм. Тэр тийм юм хийх хүн” хэмээн нэгийгээ хэмлээд авав. Мөн Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийг яриандаа хавчуулж, “Багабанди гуай Н.Энхбаяраас нэлээн цэрвэдэг. Уулзахыг лав хүсдэггүй. Биед нь ч хүрэхээс айдаг шиг байгаа юм” хэмээн хоёр хүний хооронд “яс” хаях нь тэр. Ингэхдээ харин “Н.Багабанди гуай ажил төрлийн шугамаар надтай ирж уулзаж л байдаг юм” хэмээн өөрийгөө онцлоод авахаа ч мартсангүй. Ямартай ч, үе үеийн төрийн тэргүүнд өөр хоорондоо түнжин муутайгаар барахгүй “Чи идсэн, би идсэн” гэсээр улс орны хэмжээний томоохон асуудал асуулт дагуулсаар үлдэх нь Төрийн тэргүүний ярианаас илхэн харагдав.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.