Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 03 сар 12
Судалгааны “MEC” ХХК Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа болон улс төрийн намуудад иргэд ямар үнэлгээ өгч байгааг танджээ. Тус компанийн судлаачид энэ оны гуравдугаар сарын 4-9-ний өдрүүдэд нийслэлийн 1000 иргэнээс санал асуулга авч дүн шинжилгээ хийсэн байна.
Судалгааны дүнгээс харахад Ерөнхийлөгч болон парламентад суудалтай намуудын рейтинг өнгөрсөн оныхоос буурч, бие даагчдын ард орсон үзүүлэлт гарчээ. Тухайлбал, өөрийн дэмжиж буй УИХ-д суудалтай нам, бие даагчийг нэрлэнэ үү гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх олонхи буюу 36 хувь нь хэнийг ч дэмждэггүй гэж хариулснаас харахад УИХ-д суудалтай нам, эвсэл, бие даагчдад итгэх иргэдийн итгэл нэлээд суларсан гэж болох юм.
Харин оролцогчдын 21 хувь нь бие даагчдыг дэмждэг гэж хариулжээ. МАН-ыг 18, АН-ыг 16 хувь нь дэмждэгээ илэрхийлсэн байна. Ийнхүү УИХ-д суудалтай гол хоёр намын рейтинг бие даагчдынхаас бага байгаа нь анхаарал татна. 2014 оны арваннэгдүгээр сард “MEC” ХХК-ийн хийсэн судалгаагаар иргэдийн дийлэнх нь АН-ыг дэмждэгээ илэрхийлж байсан бол энэ удаа ийнхүү гуравдугаарт оржээ. Харин үүний эсрэгээр бие даагчдыг дэмжигчид нэмэгдсэнээр тэдний рейтинг гуравдугаар байраас шууд нэгдүгээрт оржээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэмжигчид харьцангуй тогтвортой байгаа бөгөөд оны өмнөхөөс 3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн рейтинг буурч байгааг саяын судалгаа харуулжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг маш муу гэж үнэлэгчид өмнөх оны арваннэгдүгээр сард 10 хувьтай байсан бол энэ сард 19 хувь болж өсчээ. Ерөнхийлөгчийг муу ажиллаж байгаа гэж хариулсан иргэдийн тоо ч мөн 7 хувиар өсч 28 хувь болсон байна. Яг үүний эсрэгээр төрийн тэргүүний үйл ажиллаагааг сайн гэж үздэг иргэд оны өмнө 20 хувьтай байсан бол энэ гуравдугаар сард 10 болж хоёр дахин буурсан байх юм.
Ерөнхийлөгчийн рейтинг яагаад буурсныг тодруулахын тулд судалгааны компанийнхан ойрын үед олон нийтийн анхаарлын төвд байгаа шийдвэрүүдийнх нь талаар олон нийтийн санаа бодлыг танджээ. Ерөнхийлөгчийн өршөөл уучлал үзүүлж байгаа шийдвэрүүдийг судалгаанд оролцогчдын 62 хувь нь зөв хүндээ үзүүлж чадахгүй байна гэж хариулсан бол дөнгөж 7 хувь нь л дэмжиж байгаагаа илэрхийлсэн байх жишээтэй. Бүр тодорхой асуудлаар, тухайлбал “Саус гоби сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Каплад Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн талаар судалгаанд оролцогчид ямар байр суурьтай байгааг тандахад 57 хувь нь буруу, харин 6 хувь нь зөв гэж хариулжээ.
Энэ мэт шийдвэрүүд нь Ерөнхийлөгчийн рейтинг буурах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй. Судалгаанд оролцогчдоос дэмжиж буй улстөрчдөө нэрлэхийг хүсэхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгдүгээрт орж, түүний араас УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Баттулга, Ц.Даваасүрэн нар оржээ. Харин Ерөнхийлөгч дээрх гишүүдийн ард тавдугаарт нэрлэгдсэн байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.