Нам байгуулах тийм амархан уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 26

 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч шинэ нам байгуулна хэмээн мэдэгдлээ. Он гарсаар дөрөв дэх шинэ намын сураг гарч байгаа нь энэ. Нам байгуулна гэдэг нэг компани эсвэл төрийн бус байгууллага байгуулахтай адил амархан хэрэг болжээ. Уг нь нам гэдэг нийгэм, цаг үеийн захиалгаар л олон нийтийн үүсэл санаачилгаар бий болдог амьд тогтолцоо.

 

Тиймээс Улс төрийн намын тухай хуульд “Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж заасан. Хамгийн тодорхой ойлголт бол нам гэдэг хэн нэгэн улстөрчийн амбийц, дур  зоргоор байгуулагдчихдаггүй, нийгмийн ашиг сонирхол, хувийн үзэл бодлоороо нэгдсэн иргэд улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор эвлэлдэн нэгдсэнээр бий болдог байх нь.

 

Нам байгуулахад 801-ээс цөөнгүй гишүүний гарын үсэг цуглуулсан байх шаардлага тавьдаг нь ч учиртай. Хамгийн багадаа 801 хүн үзэл бодол, эрх ашгаараа эвлэлдэн нэгдэж байж нам байгуулах ёстой гэдгийг хуульд дээрх босго шалгуураар тогтоож өгчээ.

 

Аливаа намын эцсийн зорилго нь төрийн эрх барих явдал байдаг. Тэгж гэмээнэ өөрсдийн улс төрийн үзэл баримтлалаа төрийн бодлого болгон хэрэгжүүлэх боломж бүрддэг. Тэгэхээр ямар үзэл баримтлал, чиг баримжаатай нам байх вэ, тухайн намын дарга, удирдлага, гишүүд нь ямар хүмүүс байна вэ гэдэг нь олон нийтэд чухал.

 

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн хувьд шинээр нам байгуулах гэж байгаа нь анхны тохиолдол биш. Тэрээр 2005 онд Ард түмний нам гэгчийг байгуулж байсан юм. Тухайн үед тэрээр Сүхбаатарын талбай дээр гэр барин сууж хэдхэн хоногийн дотор 20 мянган хүний гарын үсэг цуглуулж чадсан гэдэг. Харамсалтай нь удалгүй Л.Гүндалай гишүүн өөрийн байгуулж удирдаж байсан Ард түмний намаа орхиод АН-д элссэн.

 

“Та байгуулсан намаа орхиод АН-д элсч болж байгаа юм уу. Ард түмний нам юу болсон бэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрээр “Намайг байхгүй болохоор усан дахь хөөс шиг алга болсон” хэмээн хариулж байв.

 

Үнэхээр л Л.Гүндалай гишүүн АН-д элссэнээр Ард түмний нам байхгүй болсон. Гэхдээ одоо ч Улсын дээд шүүхэд бүртгэлтэй хэвээр. Гэхдээ уг нам улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь эргэлзээтэй.

 

Одоо эрхэм гишүүн асан дахин шинэ нам байгуулах гэж байгаа ажээ. Хувь хүний амбийц, эмоциороо тэрээр 800 хүний дэмжлэгийг хангалттай аваад цаасан дээр бол намаа байгуулчих л байх. Харин цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулж чадах уу гэдэгт хамаг учир бий.

 

Тэгээд ч УИХ-ын гишүү асан Л.Гүндалайн энэ шийдвэр АН-д гомдсон гоморхолтой нь холбоотой гэж олон хүн харж байна. Тэрээр 2012 оны сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа АН-аас гадаада элчин сайдаар ажилла гэсэн санал тавьсныг хүлээж аваагүй гэдэг. Тэрээр “Гадаадад хангалттай амьдарсан тул Элчин сайдаар явахгүй, дэд дарга энэ тэр гэсэн ажил хийхгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, эсвэр Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж болж байна” гээд намаасаа санал болгосон албан тушаалуудыг голсон гэдэг.

 

Ингээд Боомтын захиргааны дарга гэдэг шинэхэн албан тушаалд очсон. Уг албан тушаалаасаа хэдхэн сарын өмнө буугаад байгаа. Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараа түүний удирдаж байсан Боомтын захиргааг татан буулгасан юм. Ингээд сул гишүүн болсон Л.Гүндалай намаасаа сэтгэл буруулахаар шийдсэн байх магадлалтай.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх