Улстөр
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 03 сар 30
・ 6
Төрийн ордон руу галт зэвсэг нээсэн хэргээр 7 жилийн ял сонсоод буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр уучлал хүссэн захидлаа өчигдөр Ерөнхийлөгчид хүргүүллээ. Гэхдээ энэ нь түүний уучлал хүссэн гурав дахь захидал юм. “Гал үндэстэн” холбооноос мэдэгдэж буйгаар Ц.Мөнхбаяр өмнө нь хоёр ч удаа уучлал хүссэн захидал явуулж байсан гэнэ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Надад захидал” албан ёсоор ирээгүй гэсэн.
Ингээд тэдний эсрэг, тэсрэг байр суурийг 24VS24 онцолж байна.
Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд: Ц.Мөнхбаяр хоёр удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүсэх өргөдөл өгсөн байна. Өнгөрсөн онд тэр өөрийн гараараа бичсэн өргөдлөө Шүүхийн шийдвэрээр дамжуулан өгсөн байдаг. Энэ бүгдийг эргэн харж, Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсч байна. Г.Болдбаатарын эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Бид гурвын энэ хүсэл бол олон мянган иргэдийн төлөөлөл болон хэлж буй хүсэлт юм. Тэднийг суллахыг иргэд хүлээж байгаа. Үүнд Ерөнхийлөгч маань уужуу тайван хандаж, дахин энэ асуудалд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Уучлал хүссэн өргөдөл гэж байдаг. Ц.Мөнхбаярыг төлөөлж ярьдаг, шаардлага тавьдаг хүмүүс бий. Гэхдээ яг уучлал үзүүлэх үндэслэл бол тухайн ялтан гэм зэмээ ухаарч, ойлгоод төрөөс уучлал хүсдэг. Ц.Мөнхбаярын өөрийн гараар бичсэн өргөдөл надад ирээгүй. Өмнө нь Ц.Мөнхбаяр нар гадаадын нэг компани руу буудаж, өмч хөрөнгөнд нь халдаад уул руу зугтсан хэрэг гарсан. Ингээд шүүхээр орж явсаар байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Саяын тохиолдол ч адилхан. Шүүхээс хамгийн хөнгөлөлттэй байж болох нөхцөлийг үзүүлсэн байдаг. Зандалчлах гэдэг бол социализмын үеийн ялын хэлбэр. Угаасаа буу шийдэм бариад, тэсрэх бөмбөг тавиад явна гэдэг бол өөрөө 20-иод жилийн ялтай хэрэг. Тэр нь явсаар байгаад долоон жил болсон. Миний баримталж байгаа зүйл бол хэчнээн ч сайхан гэгээн зорилго байсан буу шийдэм, тэсрэх бөмбөг бариад түүгээрээ айлгадаг байж болохгүй. Ц.Мөнхбаярыг өмнө нь шүүхээр ороод хэргийг нь шийдвэрлээд гарч ирэхэд би уулзаж нэг зүйлийг хэлж байсан. Бид нийгмээ өөрчлөх гээд явж байхдаа чулуу барьж Төрийн ордон руу шидэж яваагүй юм. Иргэний нийгэм бол хамгийн иргэнлэг аргаар явах ёстой. Магадгүй төр засгаас шийдэж байгаа зүйл нь буруу байж болно. Харин түүнийгээ олон нийтэд ойлгуулаад явах ёстой. Хамгийн иргэнлэг замаар явж байж иргэний нийгэм амжилтад хүрдэг. Иргэнлэг замаар явахгүй бол төр засаг нь хүч х. рэглэх муу муухай зүйл рүү татаж оруулах шалтаг нь болдог гэсэн. Энэ бол миний л байр суурь.
Хэргийг сануулбал, “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүн Төрийн ордон руу буугаар буудсан. Мөн төрийн зарим обьектод тэсрэх бөмбөг тавьсан гэсэн хэрэгт буруутгагдсан билээ. Тиймээс шүүхээс Эрүүгийн хуулийн 177.2 зүйл анги буюу зандалчлах, 149.3 зүйл анги бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутгаж тэдэнд 21 жилийн хорих ялыг ногдуулсан. Харин давж заалдах шатны шүүхээр Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар нарт яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлж 7 жил болгосон юм.
Бас нэг асуудал нь шүүхийн шийдвэрээр дамжуулан Ерөнхийлөгч рүү явуулсан захидал эзэндээ очилгүй хаачсан бэ гэдэг асуулт гарч ирж байна. Манай хууль, шүүхийн байгууллагынхан ял эдэлж буй иргэнийхээ захидлыг дундаас нь авч хав дардаг болсон уу гэдэг хардлага ч гарч ирж буй. Үгүй бол Ерөнхийлөгч ирсэн захидлыг ирээгүй хэмээн худал ярьсан уу. Ямартай ч энэ удаа Ц.Мөнхбаярын захидал хүрэх эзэндээ хүрлээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар шийдвэр гаргах бол.
Т.Энхэлээ
www.24tsag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.