Хаврын чуулганыг ямар асуудлууд хүлээж байна вэ

Улстөр ・Нийтэлсэн: Нэргүй 2015 03 сар 30
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд эхэлдэг хаврын чуулган энэ удаа амралтын өдрийг алгасан 6-нд нээлтээ хийх сураг байна. Намрын чуулган завсарласны дараа гишүүд тойрогтоо ажиллаж, зарим элдэв шоу хийж олны шүүмжлэлийг дагуулсаар нэг л мэдэхэд хаврын чуулган хаяанд ирсэн нь энэ. “Уламжлал ёсоор” хаврын чуулган эхлэх үест иргэний хөдөлгөөнүүд жагсаал цуглаан байгуулдаг. Энэ үзэгдэл ч мөн хаврын чуулгантай зэрэгцэн өндийх биз. Тэгвэл энэ удаагийн хаврын чуулганыг хэлэлцэх шаардлагатай ямар чухал асуудлууд хүлээж байгааг дурдъя. 

Тухайлбал, намрын чуулганы төгсгөлд ард түмний санал асуулгаар мега төслүүдээ хөдөлгөөнд оруулах эрх авсан Ерөнхий сайд хаврын чуулганыг хоног тоолон хүлээж суугаа биз ээ. Түүнтэй адил ард түмэн ч мөн хаврын чуулганыг хүлээж байгаа. Гацаанд орчихоод байгаа мега төслүүдээ хэрхэх эсэх нь энэ удаагийн хаврын чуулганы эхний том ажил байх болов уу. Үүний араас нэгэн санаа зовоосон асуудал нь ноён долларын ханш. Өдрөөс өдөрт өссөөр 2000 хүрэхэд ойрхон байгаа ноён долларыг хазаарлах эсэхэд мөн л намрын чуулганаас хүлээлт үүснэ. 

Тэгвэл 2016 оны сонгууль дөхөж байгаа энэ үед Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг чухал төслүүд хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр дуншиж байгаа гэж хэлж болно. Үүнийг угтаад хэлж ярьдаг хүмүүс нь ч хэвлэлүүдээр зогсолтгүй үзэл бодлоо илэрхийлсээр байгааг дурдах нь зүйтэй. Сонгууль чимээлж шинэ намууд ч олноор байгуулагдах бололтой. Тийм ч учраас эрх баригч намууд сонгуулийн хуулиа хэрхэх талаар ханцуй дотроо сэм тохиролцож эхэлсэн сурагтай. 

Одоогийн байдлаар  Ардчилсан нам пропорциональ тогтолцоогоо хэвээр хадгалах, тэр бүү хэл хувь нэмэх талд зогсож байгаа бол МАН нэг мандат-нэг тойрог гэсэн мажоритар хэлбэрт орохоор зүтгэж байгаа аж. Ч.Сайханбилэгийн Шийдлийн засгийн газарт МАН хамтарч орохдоо Н.Алтанхуягийн дэгдээсэн гал хөсийг унтраах нэг тохироо нь ч энэ байсан гэх. Магадгүй энэ тохиролцоо хэрэгжихгүй бол МАН шийдлийн Засгийн газраас гарна гэх бор шувуу сүүлийн үед нисэх болсон. Тэгэхээр энэ үнэн эсэх нь мөн л хаврын чуулганаар хууль хэрхэн батлагдахаас шалтгаална гэсэн үг. 

Үүний зэрэгцээ монголчуудын өдөр тутмын амьдралд чухал олон хуулиуд энэ чуулганаар хэлэлцэгдэнэ. Арайхийж нэг баталсан Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрт багтсан Оюутолгой, Тавантолгой төслийг урагшлуулах Засгийн газарт өгсөн даалгавар уул уурхайн салбарыг боомилж байсан шийдвэрүүдээ өөрчилж, “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар бүрхэг болж эхэлсэн. Учир нь Цагаан суваргын ордыг ашиглах шийдвэрийг гаргасан ч үр дүнгээ өнөө маргаашийн дотор өгөхгүй, Гацууртын ордыг стратегийн ордод хамруулсан ч иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч нам гацсан юм. 

Түүнчлэн хамгийн их хүлээлт үүсгээд байгаа Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүд энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудын жагсаалтад багтаагүй нь харамсалтай. Өдгөө аж ахуйн нэгж нь дампуурсан нийгмийн даатгалд өртэй хүмүүс хүмүүс,  жижиг, дунд бизнес эрхлэгчид дээрх хуулиудыг хүлээж байгаа гэхэд болно. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Казиногийн тухай хуулийн төсөл зэрэг олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. 
 

С.НАРАН 

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх