“Урагшаа Тавантолгой” хэний эрх ашгийг хамгаалж байна вэ?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 31

Тавантолгойг урагшлуулах, тэр дундаа улсынхаа эрх ашиг хийгээд жирийн иргэдийн санаанд хүрсэн гарцыг хайдаг хүмүүс нэг хэсэг нь. Мөн Тавантолгойг гацаах, ухраах сонирхолтой бүлэг ч улс төр, бизнесийн хүрээнд бий.

Өнөөдөр Оюутолгойгоос илүү моодонд орж буй сэдэв бол Тавантолгой. Магадгүй энэ хаврын синдром эндээс ч эхтэй байж мэдэх юм. Саяхан нэр бүхий эдийн засагчдын дэвшүүлсэн “Урагшаа Тавантолгой” санаачлага олны анхааралд өртжээ. Яагаад гэвэл тэд шинэ санаачлага гаргасан бөгөөд ард түмэнд илүү ашигтай байх хувилбарыг дэвшүүлсэн учир нийтийн анхааралд ороод байгаа нь ажиглагдлаа. Тавантолгойгоос иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаа болоод олон жил ярьсан төмөр замын асуудал ч шинэ санаачлагад багтсан байлаа.

 

 

Гэхдээ хувьцаа, төмөр зам мэтийн талаар улс төрийн хүрээнд хүчтэй ярьдаг ч гэсэн нийтийн эрх ашигт нийцээгүй тул урагшлахгүй байсан гэдэг нь цаг хугацааны шалгуураар шүүгдэж өнөөдрийг хүрсэн болов уу. Харин “Урагшаа Тавантолгой”-д шинэ шийдлүүдийг тусгасан нь манай бизнесийнхэн, улс төрийнхөнд онилогдоод байна. Яаж гэдэг гаргалгааг ч эдийн засагч Х.Батсуурь, Г.Солонго, Б.Энхбат, судлаач Ж.Санчир нар хийжээ.

 

Улс орны эдийн засгийг хүнд байдлаас аврахын тулд уул уурхайн гол төслүүдээ хэрэгжүүлэх, ингэхдээ хэн нэгэн хүнд, хэсэг бүлгийн нэгдэлд ашигтай биш нийтээрээ ашиг шим хүртэхүйц байх нь гол агуулга. Иймдээ ч “Урагшаа Тавантолгой” бол Монголын нийт ард түмний эрх ашгийг хамгаалсан санаачлага юм. Үүнийгээ дээр нэр дурдсан эдийн засагчид, судлаачид ч онцолсон билээ.Тодруулбал энэ санаачлагыг гаргасан хүмүүс “Бид Тавантолгой төслөө боловсруулахдаа эдийн засгийн үр өгөөж, үндэсний аюулгүй байдал гэсэн хоёр гол асуудлыг суурь нөхцлөө болгон ажилласан. Тавантолгой төсөл төрийн, нийтийн, хувийн өмчийн хэлбэрүүдийг тусгасан нээлттэй, хувьцаат компанийн сонгодог жишгээр ажиллах юм. “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани нь Тавантолгой төслийн компанийн 51 хувийг эзэмших бөгөөд энэ нь Тавантолгой ордыг төрийн мэдэлд байлгах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. “Урагшаа Тавантолгой” санаачлага нь өмнөх төслүүдэд орхигдсон эсвэл ашиггүй хэлбэрээр тусгагдаж байсан гол асуудлуудыг хууль тогтоомжид заасны дагуу үндэсний эрх ашигт нийцүүлэн тусгаж оруулснаараа онцлог юм” гэжээ.

 

Ингэхдээ иргэдэд эзэмшүүлсэн гэх 1072 ширхэг хувьцааг нийт төслийн 26 хувь, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 51 хувь хэлбэрээр оруулж өгчээ. Мөн Төрийн  өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нийт төслийн 51 хувийг эзэмшихээр тусгасан байна. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий орд нь төрийн өмчид байна гэсэн хуульд нийцсэн гэж үзэж байгаа аж. Энэ гаргалгааг олон хүн маш анхааралтай судалж байгаа гэх. Яагаад гэвэл бид 1072 ширхэг хувьцааны эзэд. Гэвч бидэнд одоогоор энэ хувьцаанаас авсан ашиг, олсон мөнгө гэж алга. Хэрэв энэ санаачлага төсөл болон, цаашид томоохон баримт бичиг болж УИХ-аар хэлэлцэгдвэл 1072 хувьцааг ногдол ашиг өгдөг болгох үндэслэл бий болох ажээ. Хүн бүр хувьцаанаасаа хэзээ, хэрхэн ашиг хүртэх тухай сүүлийн хэдэн жил бодож байгаа учраас энэ сэдэв туйлын чухал болоод байна. Олон нийтэд маш их хамаатай энэ санаачлагыг “Урагшаа Тавантолгой”-д хөндсөнөөрөө үндэсний эрх ашиг, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан, иймдээ ч иргэдэд ихээхэн таалагдаж байна.

 

Мөн энэ санаачлагыг гаргасан эдийн засагчдын Хөгжлийн стратегийн хүрээлэнгээс Тавантолгойг ашиглах бүтцийг харуулсан схемд хөрөнгө оруулагчид, төрийн өмчит компани, иргэдийн эрх ашиг, хувь хэмжээг тодорхой тусгаж, төмөр замын тухайд ч нарийвчилжээ. Тавантолгойн төсөлд ашиглах төмөр замыг анхнаасаа “Монголын төмөр зам” болоод төрийн өмч давамгайлсан Тавантолгой төслийн компанийн мэдэлд байхаар шинэ санаачлагад тусгажээ. Өмнө нь төмөр замын талаар УИХ, Засгийн газрын төвшинд ихээхэн маргадаг байсан ч ямар ч шийдэлд хүрэлгүй гацаж байсан юм.

 

Монголчууд бид маш их баялагтай, гэвч түүнийгээ хэрхэн ашиглахаа мэддэггүй, мэдсэн ч хэсэг бүлэг хүний эрх ашгийг хөндсөн, тэдэнд таалагддаггүй учраас огт урагшлуулдаггүй гэхэд хилсдэхгүй. Хоёр томоохон ордын тухайд УИХ-аар хэлэлцэхэд байнга маргаан дагуулж байсан. Оюутолгойн гэрээ сайн, муу гэж өнөөдрийг хүртэл хэрэлдсээр. Одоо ч гэсэн Тавантолгойг тойрсон тав, зургаан янзын байр суурь. Гэвч урагшилсан олигтой зүйл ганц ч алга. Гол нь УИХ-аар заавал хэлэлцэж шийддэг асуудал учраас улс төр ордог, улстөрчдийн эрх ашгийг хөнддөг нь нууц биш. Гэвч 80 хувийн коксжсон нүүрсний агууламж бүхий 7.4 тэрбум тонны нөөцтэй Тавантолгойн асуудлыг шийдэхдээ УИХ-аар заавал хэлэлцэх учиртай.

 

Одоогоор Тавантолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ гуравдугаар шатанд хүрээд буй гэх. Ийм үед өөр санал гаргаж асуудлыг бүр тэгээс нь эхлүүлэх гэсэн оролдлого ч гэсэн эсрэг санаа явж байна лээ. Иймэрхүү эсэргүүцэлтэй тулах нь зүйн хэрэг. Юм болгоныг доош нь татдаг монгол зан өнөөдрийн савалгаатай нийгэмд улам гаарч байгаа учраас энэ зэргийн садаа гарч л таарна.

 

Ер нь хөрөнгө оруулагч тал хэд, хэдэн хувийн харьцаатай байх вэ гэдгийг ч “Урагшаа Тавантолгой”-д тусгажээ. Тодруулбал,  Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сумитомо” корпорацтай хамтран ажиллахыг буруутгаагүй бөгөөд тэд  нүүрсний зах зээлд Монголыг төвөггүй гаргачих итгэлтэй гүүр гэж үзсэн байна. Гэхдээ “Шинхуа Энержи” Тавантолгой төслийн компанийн 49 хүртэлх хувийг эзэмших эрхтэй байх бөгөөд олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн эзэмших эрх бүхий хувийг борлуулах хөрөнгө босгох бүрэн эрхээр хангагдсан байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ямар ч тохиолдолд төслийн компанийн 51 хувийг эзэмшдэг байх ёстой гэж урагшаа харсан санаачлагынхан үзжээ.

 

Харин одоо яригдаж буй хувилбар буюу сайд М.Энхсайханы удирддаг төсөлд Тавантолгой төслийн 51 хувийг Монголын “ММС”, 49 хувийг Хятадын “Шинхуа Энержи” эзэмшинэ гэж буй. Мөн М.Энхсайхан сайдын удирдаж буй хэлэлцээгээр Монголын тал Тавантолгойн дөнгөж 29.5 хувийг эзэмших болж байгаа нь ард түмний эрх ашигт нийцэхгүй гэдгийг судлаачид онцолсон байна. Иймд иргэдээсээ эхлээд улс төрийн хүрээнийнхэн Тавантолгойг урагшлуулах санаачлагыг анхаарсан шигээ ажил болгох хэрэгтэй байна.

 

М.Цэцэг

 

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх