Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 01
・ 1
Монголын улс төрд “намнах ажиллагаа” ямар нэгэн байдлаар явагдах болсоор багагүй хугацааг үдэж байх шиг байна. Хүмүүс, иргэд төдийлөн анзаардаггүй. Хэвлэлийнхэн ч ялгаагүй, нэг их анхаарахгүй байсаар өнгөрөөд байх шиг. Хааяадаа “Энэ бол гүтгэлэг, хэлмэгдүүлэлт” гэж “намнах ажиллагаанд” өртсөн улстөрчид нь тайлбарлах. Гэвч тэглээ гээд нэмэр үгүй ажээ.
Хамгийн сүүлд УБТЗ-ын даргатай холбоотой томоохон шуугиан дэгдлээ. Тус газрын дарга Л.Пүрэвбаатартай холбоотой бөөн “сенсаци” дэгдэв. Л.Пүрэвбаатар даргад Төрийн өмчийн хорооноос хаягласан албан бичиг гэв гэнэт олон нийтийн сүлжээгээр ил боллоо. Тэрээр албаны мөнгөөр хувьдаа автомашин, орон сууц авхуулсан гэж тус албан бичигт дурьдсан байгаа юм. Мэдээж үнэн бол энэ маш ноцтой хэрэг. Гэхдээ үүний нөгөө талд УБТЗ-ын дарга өөрөө энэ талаар “Байгууллагын орос даргын нэр дээр байдаг автомашиныг минийх болгож, хувийн байшинг төрийн мөнгөөр худалдан авсан мэтээр санаатайгаар гүтгэсэн байна” гэж тайлбарласан байсан.
Олон нийтийн сүлжээ гэдэг өөрөө маш хүчтэй хэрэгсэл. Тийм учраас Л.Пүрэвбаатар даргатай холбоотой иймэрхүү ноцтой мэдээлэл нэгэнт тархсан бол, тэр өөрөө дараа нь яаж ч асуудлыг залруулаад нэмэргүй л болов уу. Нөгөөтэйгүүр Төрийн өмчийн хорооны даргаас УБТЗ-ын газарт хүргэсэн албан бичиг бас гэнэт яагаад олон нийтийн сүлжээгээр ил болсон бэ гэх асуудал. Бас л сонирхолтой. Үнэхээр асуудал байгаа бол тэр асуудлыг хууль, хяналтын байгууллага, АТГ хуулийн дагуу шалгаад, хариуцлага тооцож яагаад болохгүй байх билээ.
Гэтэл АТГ, эсвэл Засгийн газраас энэ талаар урьд өмнө нь ямар нэгэн тайлбар хийгээгүй. ТӨХ-ны даргын илгээсэн бичиг нь гуравдугаар сарын 27-ны өдөр гэх хаягтай. Өөрөөр хэлбэл, албан бичгийг илгээснээс хойш ердөө гурав хоногийн дараа фэйсбүүк, твиттерээр гараад эхэлж байгаа юм. Уг бичгийн хариуд УБТЗ-аас ямар хариу ирүүлсэн нь тодорхойгүй. Дээрээс нь УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар өөрөө “Надад болон манай байгууллагад ямар нэгэн албан бичиг ирээгүй” гэж мэдэгдсэн байсан.
Даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн гээд байгаа. Гэтэл Ц.Нанзаддорж дарга өөрөө болохоор бас л “Би өргөдлөө өгөөгүй” гэж хэвлэлээр мэдэгдсэн байсан. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг ойлгоход бэрх. Гэхдээ энэ бүхний цаана Ц.Нанзаддорж, эсвэл Л.Пүрэвбаатар нарын аль нэгийг нь улс төрөөс авч хаях гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн бохир үйл ажиллагаа яваад байгаа юм биш биз дээ. Ц.Нанзаддоржийн хувьд Төрийн өмчийн хорооны дарга байж байгаад, халагдсан. Тэгээд өөрөө эргэж шүүхдсээр байгаад ялалт байгуулж, энэ оны эхээр тус газрын даргын албанд эргэж очсон билээ. Нэг ёсондоо тэмцэж олж авсан ТӨХ-ны даргын суудлаасаа ердөө хоёрхон сарын дараа сайн дураар татгалзсан байгаа юм. Бас л итгэхэд бэрх, эргэлзээтэй ажээ.
Ямартай ч УБТЗ-ын дарга, эсвэл ТӨХ-ны даргатай холбоотой асуудлын цаана улс төрийн маш том эрх ашиг, амбиц, хуйвалдаан байхыг үгүйсгэх аргагүй л байна. Сэтгүүлч хардах эрхтэй. Хардах эрхийнхээ дагуу бичихэд, энэ бүхний цаана яах аргагүй хэн нэгнийг “намнах” ажиллагаа яваад байх шиг.
Ер нь бол улс төрийн хүрээнд сүүлийн жилүүдэд сонин үйл явцууд олон л тохиох болсон. Өмнөх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах хуралдааны өмнөх өдөр АТГ гэнэт мэдээлэл хийж, түүний зөвлөх асан Л.Гансүхтэй холбоотой айхтар мэдэгдлүүдийг хийсэн. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулчихсан. Тухайн үед УИХ-ын гишүүд ч бас “АТГ зориуд захиалгаар ажиллаж, яг эгзэгтэй үед мэдэгдэл хийлээ” хэмээн шүүмжилж байсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрөө туслах Л.Гансүхтэйгээ холбоотой асуудлыг шууд л “Зохиомол хэрэг” хэмээн тодотгодог. Зохиомол хэрэг үүсгэж, улс төрд үзэн ядсан нэгнийгээ “арчиж хаядаг” үзэгдэл бий болоод удаж байгаа гэдгийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.