Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2 цагийн өмнө

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийт 500 гэрээт ажилтантай, тэд айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавьдаг байна.
Харин угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд ирэх сарын 15-наас түлш худалдахгүй болох нь.
Энэ тухай Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Угаарын хий нь амт, өнгө, үнэргүй тул мэдэгдэхгүйгээр хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Иймээс иргэд өөрийн мэдрэмжээр бус, угаар мэдрэгчийн дохиололд тулгуурлан аюулгүй байдлаа хангах ёстой. Хэрэв угаар мэдрэгч дуугарсан бол яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй.
Есдүгээр сарын 15-наас хойш төвийн ажилтнууд 106 мянга гаруй айл өрхөөр орж, зуух, яндангаас үүдэлтэй угаартах эрсдэл байгаа эсэхийг шалгасан. Шалгах явцад угаартах гол шалтгаан нь зуух, яндангийн битүүмж алдагдсанаас үүсэж байна.
Нийслэлийн хэмжээнд гал түлдэг 172 мянган айлын 80 мянга орчим нь зуухны битүүмжийн асуудалтай байсан. Иргэд түлш асаж дууссан, зуух хөрсөн гэж андуураад сойлтоо хаадаг нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Сойлтыг ямар ч нөхцөлд хааж болохгүй.
Хотула аппликэйшныг угаарын хий мэдрэгчтэй холбож, угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд арванхоёрдугаар сарын 15-наас хойш түлш борлуулахгүй. Угаар мэдрэгчээ зайлшгүй асаасны дараа түлшээ авах боломжтой юм” гэв.
Түүнчлэн тус төвөөс зуух, яндан, пийшингийн хөөлөлт болон засвар үйлчилгээг үзүүлдэг. Иргэд эдгээр үйлчилгээг авахын тулд 7011-9411 дугаарын утсаар холбогдож дуудлага өгч болно. Пийшингийн засвар хийлгэх иргэд материалын зардлаа өөрсдөө гаргана.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд, өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.