Улстөр
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 06
・ 20
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 5-нд ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ Тавантолгой, Оюутолгой гацаанаас гарч байгаа тухай мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр “Тавантолгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо.
Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Тавантолгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо. Тавантолгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж эхэлснээр бүхэл бүтэн зургаан жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна. Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51 хувь, Оюутолгойн 34 хувь багтдаг “Эрдэнэс Монгол” компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна. Шулуухан хэлэхэд хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ. Монгол Улс хүндрэлээс гарах гарц нээгдэнэ” хэмээсэн.
Гэтэл үүнтэй зэрэгцэн Тавантолгойн хэлэлцээр хууль бус болж байгаа гэх мэдээлэл гарчээ. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга М.Энхболд, Л.Цог, Р.Гончигдорж нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтын тухай” албан тоот илгээсэн байна. Тус албан тоотод “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Тавантолгойн ордыг зөвхөн олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахаар заажээ. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах санал өгсөн корсерциум нь хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, дэд бүтэц, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийх эрхийг авахаар санал болгож байна. Үүнээс харахад, энэ консерциум нь зөвхөн олборлолт хийхээр санал өгч байгаа оператор компани биш байна. Иймд Тавантолгойг ашиглах талаар одоо явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-аар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордууд дээр байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших, Тавантолгойн ордыг төрийн мэдэлд байлгана гэсэн заалтуудыг зөрчиж байна.
Мөн түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тус ордыг олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийг татах замаар байгуулан ажиллуулна гэжээ. Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 дэх заалтыг харахад “ММС” болон “Шинхуа” нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд биш бөгөөд дотоодын хөрөнгө оруулагчид биш байна. Эдгээр алдааг яаралтай засч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 заалт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дээр дурдсан заалтуудад нийцсэн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр байгуулж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг мэдэгдэж байна” гэжээ. Энэхүү албан тоотод бичсэнээр бол Тавантолгойд саналаа өгсөн компани нь Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж байгаа аж. Ингэснээр Тавантолгой дахин гацаанд орох цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай ч яригдаж мэднэ гэсэн бор шувуу нисч эхэллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.