Шинэчлэлгүй, Жинхэлдэггүй, Хуралддаггүй, Хэрэгжүүлдэггүй АН-д ардчилал байна уу?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 07 ・ 3

        АН байгуулагдсаны 25 жилийн ойн баяр эсэргүүцэл, тэмцэл, уриа лоозон дунд нилээн ширүүн болж өндөрлөв. Тус намын баярын хурал өчигдөр СТӨ-нд болж дарга З.Энхболд нь илтгэл тавьсан. Энэ үеэр зарим залуу гишүүд, дэмжигчид нь тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн ч барьж байсан уриа лоозонгоо хуу татуулж, хурлын дундуур хөөгдөж гарсан юм.

 

Баярын хурлын үеэр чухам ямар үйл явдал болсныг та энд дарж үзнэ үү..

Үүнийг үзсэн хүмүүс “АН шинэчлэгдэхээсээ өнгөрч” хэмээн ярьж байна. Гэхдээ заавал шинэчлэгдэх ёстой гэсэн хэд, хэдэн шалтгаан байгаа юм.  

 

1. АН-ын одоогийн удирдлагууд намын их хурлыг битгий хэл ҮЗХ-ны хурлыг хуралдуудах тун дургүй байгаа. Учир нь З.Энхболдоос эхлээд Л.Эрхэмбаяр хүртэлх жинхлэгдээгүй нөхдийг буцаан татах асуудал энэ хурлаар үүсч мэдэхээр байгаа юм. Харин бусад гишүүд нь намын ҮЗХ-г хуралдуулах цаг нь болсон гэж буй. З.Энхболд намын даргын албан тушаалдаа аль болох удаан суухийн тулд ҮЗХ-г хуралдуулахгүй байгаагаас үүдэн тэр хэрээр АН-д цус ойртолт ихсэж байгааг намын жирийн гишүүд нь үргэлж шүүмжилдэг. Тиймээс тус намд цус сэлбэлт зайлшгүй хэрэгтэй байгаа. Үүнийг ҮЗХ-ны хурлыг хуралдуулж байж л шийднэ.

 

2. Тус нам дотооддоо маш их хагаралтай байгаа. Үүнийг Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарын нэг өдрийн зөрүүтэй мэдэгдлээс харж болохоор байгаа юм. Цаашлаад Сонгинохайрхан, Архангай, Чингэлтэй зэрэг хэд, хэдэн намын хороо дотроо хэрэлдэж, бужигнаж байхад намын одоогийн удирдлагууд эвлэрүүлэх оролдлогыг огт хийхгүй байгаа юм. Тиймээс ҮЗХ-г даруй хуралдуулж дээрх асуудлуудаа нэгдсэн байдлаар цэгцлэх шаардлага тулгараад буй.


3. Баярын хурал дээр дуу, хоолойгоо тайвнаар хүргэсэн залуу гишүүдээ хөөн гаргаж буйгаас нь харвал энэ нам шүүмжлэлийг огт сонсохоо больсон гэдэг нь тодорхой байна. Тэр дундаа АН залуусаа дэмждэггүй нухчин дардаг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өглөө. Бүр тодруулбал, намын дарга нь үг хэлэх, үзэл, бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдэх талаар ярьж байх зуур залуусаа хөөн гаргасан нь АН-ыгардчилалгүй гэдгээс өөр хэлэх үггүй болголоо.  Уг нь тус намынхан баярын хурлын үеэрээ биш ҮЗХ-ны хурлаараа болж, бүтэхгүй асуудлаа ярьж,  ойлголцох ёстой.  Албан ёсны хурал нь хуралдахгүй байгаа учраас баярын хурал дээрээ ингэж ойлголцож байгаа нь бас ҮЗХ-г хуралдуулах шаардлага байгааг илтгэж байна.

 

Энэ мэт ҮЗХ-оо хуралдуулах үй түмэн шалтгаан АН-д байна.

 

Хурлаас хөөгдөж гарсан залуусын хувьд ч мөн дээрх шаардлагуудыг л намын удирдлагууддаа тавьж буй. Тэд ингэж хүчтэй тэмцэх болсон нь бас нэг шалтгаантай.

 

Тодруулбал, З.Энхболд намын ҮЗХ-оор шийддэг сонгуулийн тойргийг  дур мэдэн хувиарлаж байгаа гэх. Тэрбээр саяхны нэг өдөр намынхаа ҮЗХ-ны гишүүдийг нэг, нэгээр нь дуудаж уулзан “Чиний нэр энэ судалгаан дээр алга. Чи дэвшихгүй. Танай аймгаас УИХ-ын гишүүнд чинь амлачихсан байгаа. Чи бол яваад гарахгүй. Чи бол өмнө нь дэвшээд унаж байсан” гэх зэргээр хэл амаар дайрч давшилсан гэдэг. “Даргаа Та яагаад ингэж байгаа юм бэ, ямар судалгаа вэ” гэх зэргээр тодруулахад нь “Чамтай хууч хөөрөх зав алга. Гар. Дараагийнх нь хурдал” гэх зэргээр аашилжээ.

 

Тиймээс намын дүрэм зөрчиж, хэмжээлшгүй их эрх, мэдэл гаргаж буй З.Энхболдыг энэ үйлдлээ залруулахыг тэд хүсч байгаа аж. Тэд асуудал хурцадвал З.Энхболдын дээрх яриаг ярьсан бичлэгийг олон нийтэд цацахаар бэлтгэж байгаа аж.

Тэд намын даргадаа шаардлага хүргүүлсэн. Харин шаардлагынх нь хариуг өгөөгүй учраас баярын хурлын үеэр лоозон барьж зогсохдоо тулжээ. Гэхдээ өчигдөр АН дээрх залуусаа хөөж гаргаагүй байсан өнөөдөр өөрсдөө гоё харагдах байлаа. Хачир дээр АН биш МАН залуусаа дэмждэг юм байна гэх ойлголтыг энэ үйлдэл олон нийтэд өгөв. Энэ нь ч алсдаа тус намын рейтингд муугаар л нөлөөлнө.


Шаардлагын хариуг өгөх ёстой цагт нь өгөөд, ҮЗХ-оо хуралдуулах ёстой хугацаанд нь хуралдуулаад, дүрмээрээ явбал асуудлууд ингэж ихээр хуримтлагдахгүй биз.

 

Тус намыг шинэчлэгдэх цаг нь болсныг эдгээр залуус анхлан сануулаад ч байгаа юм биш. Тэднээс өмнө тус намын залуус иймэрхүү эсэргүүцэл, жагсаал цуглааныг Төрийн ордонд ч, гудамжинд ч хийж байсан. Тухайн үед нь намын одоогийн удирдлагууд “Замын нохой хуцдаг. Жингийн цуваа явдаг” гэсэн шиг үл тоож ирсэн. Харин энэ удаагийн эсэргүүцэл асуудал хүндэрсэн үед болж буйгаараа онцлогтой.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: